Хүүхдийн баярыг угтаж хүүхдийн эрхийг зөрчив
Хууль ёсоор олддог амралтын өдрүүд бол тухайн хүний хувийнх чөлөөт цаг. Хэн нэгэн өөрийнхөө имиж илэрхийллийн төлөө бусдын тэр чөлөөт цагийг “луйвардах” учиргүй байх. Тэр дундаа хүүхдүүдийнхийг. Энэ жилийн тавдугаар сарын 31-ний бямба гариг, бүх нийтийн амралтын өдөр байв. Гэтэл тухайн өдөр нийслэлийн тав, 13, 56 дугаар дунд сургуулийн бяцхан сурагчид өглөө 8:30 цагаас эхлэн өдөржин халуун наранд шарагдаж, гадаа гандаж өнгөрөөв. Ядахад тэр өдрийн халууныг яахав, цаг уурчдын мэдээлж байснаар 31 градусын халуун байсан. Юуны учир ийн бяцхан хүүхдүүдийг амралтын өдрөөр нь “дэглэх” болов.
Монголд үүнээс өөр ярих сэдэвгүй болчихсон мэт УИХ-ын гишүүдийн дахин дахин ярьдаг нэг л сэдэв бий. Тэр нь Тамхины тухай хууль. Байсхийгээд л энэ хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэн нэгэн нь санаачилдаг. Харин тэр бүрийд хуулийг эхлэн санаачлагч нь УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг цээжээрээ хамгаалсаар ирсэн. Гэтэл тэр хууль тийм төгс төгөлдөр үү гэвэл үгүй. Хүүхдийн баярын урд өдөр тэрбээр санаачилж батлуулсан хуулиа цээжээрээ хамгаалах, үүнийг дагасан улс төрийн зорилгодоо эрхэм гишүүн дунд сургуулийн 1000 хүүхдээр Чингисийн талбай дээр тамхины эсрэг андгай гэгчийг өргүүлсэн юм байх. Дөрөвдүгээр ангийн 10-хан настай балчир хүүхдээр архи, тамхины эсрэг андгай өргүүлээд, энэ арай хэтэрсэн хийрхэл биш гэж үү. Улс төрөө хийх мөрөөрөө хийхгүй учир мэдэхгүй бяцхан хүүхдүүдийн амралт чөлөөт цагийг хүртэл “хулгайлж”, тэдний эрхийг бүдүүлгээр зөрчив.
Харамсалтай нь тухайн сургуулийн удирдлагууд ч сурагчдьшхаа эрхийг хамгаалахьш оронд гишүүний ая таалалд нийцүүлэн шавь” нараараа хоёр ч өдөр жагсаалын бэлтгэл хийлгэж, хөл хөөрцөг болсон юм байх.
Монголын сурагчдын холбоо гэж төрийн бус байгууллагын сураг дуулддаг. Тэд ч бас энэ жагсаалын хамтран зохион байгуулагчид гэнэ. Жагсаж болно, тамхи тариаг жигшиж болно. Гэхдээ тэр нь албадлагаар бус дороос гарсан үүсгэл санаачлага дээр тулгуурлах учиртай. Улс төр гэж юу байдгийг мэдэх байтугай энэ үгийг бараг сонсч байгаагүй хүүхдүүдээр Төрийн ордныг гурвантаа гороолуулж, зааж өгсөн уриа лоозонг нь хүүхдүүд амаа цангатал хашгирч дуудаж явжээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Тамхинд орж байгаа хүүхдүүдийн нас 13,14 наснаас эхэлж буйг тэрбээр онцлоод жил ирэх тутамд өсвөр насны эрэгтэй хүүхдүүдийн тамхи татах явдал нэмэгдэж байна” гэжээ. Үнэхээр тийм бол эрхэм гишүүний имиж илэрхийллээ болгох гээд байгаа тэр хууль “хуурай” болсныг л илтгэх байх даа.
П.БУЛГАН /ӨДРИЙН ШУУДАН/
URL: