Н.Батбаяр сайдыг огцруулах нь хариуцлагагүй үйлдэл гэв
УИХ дахь Ардчилсан намын бүлэг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг томилохыг дэмжиж байгаа гэнэ. Тиймээс Ерөнхий сайд энэ долоо хоногт ҮХАА-н сайдад нэр дэвшүүлсэн хүний нэрийг УИХ-д өргөн барих юм байна. Үүнээс гадна МАН-аас Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Үүнтэй уялдуулан Ерөнхий сайдаас мэдээлэл сонсчээ.
Тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат “АН-ын зүгээс улс орны эдийн засагт үүссэн нөхцөл байдал, хүндрэлээс маш шуурхай гарч, эдийн засгийг эрчимжүүлэх үүднээс Засгийн газартаа 100 хоног идэвхтэй ажиллах даалгавар өгсөн. Эдийн засгийг эрчимжүүлэх энэ үед Эдийн засгийн хөгжлийн сайдыг нь огцруулна гэдэг МАН хариуцлагагүй үйлдэл хийж байна гэж ойлгож байна” гэлээ. Эдийн засгаа эрчимжүүлж, дээпшүүлэхэд аль аль талын дэмжлэг чухал хэрэгтэй байгаа энэ үед сөрөг хүчин эсэргүүцэх, үгүйсгэх, огцруулах үйлдэл хийхээс өөр ажил хийхгүй байна гэж АН-ын зүгээс шүүмжилсэн байна. Мөн тус бүлгээс эдийн засгийн нөхцөл байдлын өнгөркөн, одоо, ирээдүйн талаархи мэдээллийг судалж, удахгүй олон нийтэд танилцуулахаар болсон байна.
Харин Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын томилгоотой холбоотой Ерөнхийлөгчийн саналыг тэрбээр “Ерөнхий сайд ҮХАА-н сайдын нэрийг дэвшүүлэхдээ хуулийн дагуу Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн бичгээ солилцсон гэсэн мэдээлэлтэй байна. Өнөөдөр ямар хууль үйлчилж байна. Тэр хуулийн дагуу зохицуулагдаад явна” гэсэн юм.
ӨДРИЙН ШУУДАН
URL: