АРДЫН АМЬДРАЛТАЙ АРАЙ ХИЙЖ ТАНИЛЦСАН ГИШҮҮН
УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэх үеэр “Инфляци хоёр оронтой тоонд шилжсэн, мөнгөний ханш 40 орчим хувиар унасан зэрэг сөрөг үр дагавраас болж УИХ-ын гишүүний цалин амьдралд хүрэлцэхгүй, өөр эх үүсвэрээс амьдралаа залгуулахаас аргагүйд хүрч байна” хэмээн мэдэгдсэн нь сүүлийн хэдэн өдрийн гол дуулиан байв. Үнэн үг хэллээ, ард түмний амьдрал ямар байгааг ойлголоо гэхээсээ илүү хувьдаа компанитай, сардаа УИХ-аас нэг сая 270 мянган төгрөгийн цалин авдаг төрийн түшээ түүгээрээ амьдарч чадахгүй болсон бол тэтгэврийн хэдэн бороосоо өөр орлогогүй Долоон буудлын Должин эмгэн талх таллаж, ургамлын тос граммлаж, нохойн хоолоор хооллож байгаа нь аргагүй хэмээн шүүмжлэх хүн олон гарав.
Хачирхалтай нь энэхүү мэдэгдэл ганц түүнийх биш бололтой. Учир нь “цалингаа нэмүүлэх юмсан”, “амьдралд хүрэлцэхгүй байна” гэсэн яриаг Их хурлын 76 зөвхөн тогоон дотроо өрнүүлдэг болоод удаж байгаа. Энэ “зовлон”-гоо зориглож ил тодоор хэлдэг нь байдаггүйгээс биш.
Гэтэл УИХ-ын 2014 оны төсөвт гишүүдийн зардлыг 22 тэрбум 411 сая төгрөг байхаар тусгасан. Өөрөөр хэлбэл, УИХ-ын 76 гишүүнд дунджилбал жилд 294.8 сая төгрөгийн зардал гаргахаар тооцжээ. УИХ-ын гишүүний өөрийнх нь жилийн цалин 10 сая, туслах, зөвлөхийн цалин 26 сая, хоол, унааны зардал 193 сая, хууль сурталчлах нэрээр 10 сая, бусад орны хууль судлахад 10 сая, утсаар ярих зардалд 1.4 сая, батлах эсэх нь хамаагүй хууль санаачилсных нь төлөө 20 сая, унааны зардалд 6.6 сая, тойрогтоо ажиллах томилолтод 8.7 сая гэхчилэн зардлууд хөвөрч эхэлдэг байна.
Гэвч знэ мөнгө яагаад Их хурлын гишүүдэд хүрэхгүй байгааг Ц.Оюунбаатар эдийн засгийн хүндрэл, валютын ханшийн өөрчлөлттэй холбон тайлбарлаж байгаа аж. Түүний онош оновчтой ч, ийм байдал үүсээд бараг хоёр жил өнгөрсөн гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Магадгүй Монгол Улсын эдийн засаг элэг дөрвөөрөө мөлхөж, иргэдийн амьдрал тартагтаа тултлаа доройтсоныг сая л нэг анзаарсан юм болов уу. Монголд амьдралын түвшний ялгаа дээд доод хязгаар хэр холдсоныг Их хурлын гишүүний “гомдол” батлаад байх шиг.
Анги дотроо сэмхэн ярилцдаг энэхүү яриаг Б.Чойжилсүрэн гишүүн ч дуулгаж байсан юм. Эдийн засаг хямарч, ард иргэдийн амьдрал доройтож байгааг “Нарантуул” худалдааны төв орж үзээд мэдлээ шуү дээ хэмээн баярхах гэсэн үү, мэдэмхийрэх гэсэн үү хэлсэн үг нь нөгөө л албан тасалгааны цонхоор ардын амьдрал харагдахгүйг баталсан.
Энэ мэтчилэн ардын амьдралаас тасарсан төрийн түшээдийг уг нь түмний төлөө ажил хий хэмээн сонгосон. Сонгосон тэд маань эдийн засгийн хямралыг одоо л ойлгож, түүнээс гаргах 100 хоногийн “тулаан” зарлаад гурван долоо хонож байна. Гэтэл энэ хугацаанд үндэсний томоохон компани болох “Изинис эйрвис” дампуурлаа зарлаж, “Оюутолгой” ажилчдаа цомхотгосон. Түүний үргэлжлэл болж “АПУ” ажилчдын цалингаа 50 хувиар бууруулж, “Шинэ сум” төслийнхөн цалингаа авч чадахгүй байна. Гэтэл эдийн засгийн хямралаас гаргах гурван долоо хоногийн үр дүнг тайлагнахдаа Засгийн газраас 70 ажил хийхээр төлөвлөснөөс одоогийн байдлаар 40 гаруй нь эхлээд байгаа гэв. Түүгээр ч зогсохгүй эхэлсэн 40 гаруй ажлын нэг нь үр дүнгээ өгч буй юм байх. “Өвлийн хүлэмж” төслийн хүрээнд салатны байцаа, улаан чинжүү тарьж байгаа бөгөөд энэ нь эдийн засгийн хямралаас гаргах гарц гэж харсан байна. Импортыг орлох, экспортыг дэмжих бүтээгдэхүүний эрэлд хатсан “Эзэн 100″-гийнхан энэ удаад салатны байцаа, улаан чинжүүг урхиджээ. Гэтэл Долоон буудлын Должин эмээд өвлийн хүлэмжинд ургуулсан ногоо авч тансаглах мөнгө байтугай тал талхны үнэ болгоод өгчих хэдхэн бор төгрөг ч алга.
Б.ДАВААТОГГОХ /ӨДРИЙН ШУУДАН/
URL: