Н.АЛТАНХУЯГИИН АТГ РУУ ИЛГЭЭСЭН ЭЭЛЖИТ СУМ
Авлигатай тамцэх газар Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зэвүү, дургүй хоёрыг зэрэг хүргээд удаж буй, Засгийн газрын тэргүүн сүүлийн үед үг л дуугарвал АТГ-ыг чимхэж, өөлсөн зүйл ярьчихаад байгаа.
Ардын нам, Авлигатай тэмцэх газар хоёр л ажил хийлгэхгүй түвэг удаад байна хэмээн хэвлэлийнхэнд алтан хошуу хүргэж байсан Ерөнхий сайд өнгөрсөн баасан гаригт багийнхантайгаа буюу Засгийн газрын бүтцэд үйл ажиллагаа явуулдаг яам, агентлагийн удирдлагуудтай цахим хурал хийсэн. “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” нэртэй уг хурлын үеэр ажил төрөл, зовлон жаргалаа ярилцах үедээ ч араандаа зуусан АТГ-аа ширүүхэн шүүмжлэхээ мартсангүй. Тэрбээр “Сүүлийи үед хээл хахууль, авлига гэдэг үгэнд их болгоомжтой ханддаг болоод байгаа, Ноднингоос хойш манай Засгийн гаэар хэрэг хийгээгүй хүнийг шоронд хийх тухай биш, хээл хахууль авлигыг устгах чиглэлээр яаж зөв суурьтай, үндэслэлтэй ажил хийх вэ гэдэгт анхаарч нэлээд олон ажлыг хийсэн.
Гарсан зөрчил дутагдалтай ч тэмцсэн. Энэ агуулгаараа төрийн байгууллагуудад дохио, сигнал чамгүй сайн очсон. Энэ чиглэлээр бодолтой, бодлоготой ажиллаж байгаа гэж ойлгодог. Харамсалтай нь сүүлийн үед АТГ үүнийг хийж; хэрэгжүүлэхдээ хүмүүсийг айлгадаг кампанит ажил болгож хувиргасан учраас Ерөнхий сайдын хувьд энэ үгийг хэлэхдээ болгоомжилдог болчихоод байгаа. Үүнээс гадна төр засгийн үйл ажиллагаанд АТГ-ын учруулж байгаа нэг хохирол нь хүмүүсийн томилгоонд эрээ цээргүй оролцдог болсон явдал. Ийм асуудлыг бид тэвчихгүй хэлж байгаа. Үүнийг өөрчилнө. Ер нь ардчилсан нийгэм гэдэг бол хариуцлагын тогтолцоог зөв хуваарилж байхаас гадна нэг нэгнийгээ хянадаг тогтолцоотой байх ёстой. Гэтэл прокурорын хяналтыг тийш нь авчихлаа. Олон юмыг нэг доор бөөгнүүлэхээр сөрөг үр дагавар гарч байгаа юм. АТГ-т бизнес эрхэлж байгаа хүмүүсийг шууд барьж аваад сэгсрээд шоронд хийгээд байх шаардлага төдийлөн байхгүй. Энэ мэтээр алдаа дутагдал анзаарагдаж байна. Үүнийг цаашид өөрчлөх шаарддагатай.
Бид сар бүр яамдын төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нар, аймгийн удирдлагуудтай цахим хурал хийдэг. Төрийн нарийн бичгийн дарга нартай уулзалт хийх үеэр хөндлөнгийн нөлөө ямар байгаа талаар асуухад “Үйл ажиллагаа явуулахад хөндлөнгийн дарамт шахалт үнэхээр маш их бий болсон” гэж байсан. Энэ бол цаад агуулгаараа шинэчлэл өөрчлөлт явсаар байгаад цөөн хүмүүсийн дураараа дургидаг тэр цэг дээр очсон гэсэн үг” хэмээн шууд л АТГ руу чиглүүлж байгаад шүүмжлэлийг шүршиж орхисон.
Үнэндээ ч аливаа том жижиг томилгоо бүрт АТГ-ын амыг харж зөвшөөрөл авахгүйгээр хөдлөх эрх албан тушаалтнуудад хомс болоод байгаа. Хамгийн гол нь АТГ үүн дээр нь чин шударга ажиллаж чаддаг эсэх нь тун ч эргэлзээтэй. Жирийн нэг төрийн албан хаагч ажиллаж байгаа газартаа нэг шат ахих боломж гарахад тухайн агентлаг нь АТГ-аас лавлагаа, тодруулга авдаг. Эцэст нь АТГ-аас зөвшөөрөөгүй гээд үнэн хүдал нь мэдэгдэхгүй шалтаг хэлээд өөр хүн томилсон жишээ мундахгүй олон байдаг юм билээ. Төрийн албанд орон тоо гарахад шууд томилох боломжгүй, лавлагаа авахад 10-20 хоног шаардагддаг, энэ хугацаанд асуудал шийдэгдэхгүй ажил цалгарддаг хэмээн захын албан тушаалтан гомдоллодгийг Ерөнхий сайд хүртэл давтсан нь учиртай аж.
АТГ-аас Захиргааны хэргийн шүүхэд хандаж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын эсрэг гомдол гаргахаар зэхэж буй гэнэ. Тус газраас Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай, Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа нарыг Авлигын эсрэг хууль, Сонирхлын зөрчлийн хуулиудыг удаа дараа зөрчсөнийг тогтоож, өнгөрсөн дөрөвдүгээр сард дээрх хоёр албан тушаалтанд ажлаас нь халах хүртэлх арга хэмжээ авч хариуцлага тооцуулах хүсэлтийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлжээ. Гэвч Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас дээрх албан тушаалтнуудад хариуцлага тооцолгүй өнөөг хүрсэн тул Захиргааны хэргийн шүүхэд хандахаар болсон аж.
Засгийн газрыг шүүхийн хаалга татахад хүргэж буй Т.Батмагнай, Б.Бадраа нарын хууль зөрчсөн гээд буй асуудал нь өнөө л АТГ-ын зөвшөөрөөгүй хүмүүсийг албан тушаалд томилсонтой холбоотой юм билээ. Тодруулбал, АТГ-ын явуулсан шалгалтаар ТЕГ-ын дарга Т.Батмагнай нь хамаарал бүхий этгээдүүдэд давуу эрх олгосон, АТГ-ын дүгнэлт, шаардлагыг үл хайхран, шалгуурт тэнцэхгүй хүмүүсийг ТЕГ-т албан тушаалд томилсон нь тогтоогдсон. Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраагийн хувьд тус аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргаар Батдорж гэгч бизнесмэнийг томилох хүсэлтийг АТГ-т удаа дараа ирүүлснийг шалгахад Батдорж тус албанд тэнцэхээргүй байж. Тиймээс Б.Бадраа аймгийнхаа бүхий л худалдан авалтыг түүнд өгөх гэж зүтгэсэн нь ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн дүгнэлт гаргахад хүргэсэн гэнэ. Гэвч АТГ-ын шалгаж тогтоосныг Засгийн газар үл тоосноор барахгүй хуулийн дагуу хариуцлага тооцохгүй байгаагийн улмаас авлигатай тэмцэгчид асуудлыг шүүхээр шийдүүлж гүйцэтгэх засаглалыг гүйцэд номхруулахаар зүтгэж буй бололтой.
Ерөнхий сайд АТГ-ыг айхавтар хурцаар шүүмжилж, шинэчлэл өөрчлөлт явсаар байгаад цөөн хүмүүсийн дураараа дургидаг тэр цэг дээр очсон хэмээсний учир чухамдаа энэ хэрэгтэй холбоотой байж таарах нь. Гэхдээ үүнээс өмнөх хэргүүд ч гомдлын сагсанд нь чамгүй жин дарж буй болов уу. Нэг фракцынхныг нь төдийгүй төрөл садан, төрсөн үр хүухдийг нь ч зүгээр суулгахгүй шалгаж нягтлаад амар заяа үзүүлэхгүй байгаа АТГ-ыг далим гарсан дээр нь сайн шүршээд авъя хэмээсэн ч биз. Ямартай ч Шинэчлэлийн Засгийн газрын шинэчлэх бодлогод хамгийн том саад нь МАН-аас гадна Авлигатай тэмцэх газар болж буйг Ерөнхий сайд дахин сануулав.
Н.ГЭРЭЛ /ӨДРИЙН ШУУДАН/
URL: