Үрчлэлт гэж юу вэ?
Хүүхдийн хөгжил, хүмүүжил төлөвшилд нөлөө үзүүлэгч хамгийн чухал орчин нь гэр бүл юм. Тэр ч утгаараа төрсөн эцэг, эхээсээ хагацсан, нас барсан, хаягдсан хүүхдүүдийн хувьд тэднийг хамгаалж буй нэг хэлбэр нь шинэ гэр бүлтэй болгох буюу үрчлүүлэх явдал юм. Үрчлэлт гэдэг нь хүүхдийн эрхийг хамгаалах үүднээс тухайн хүүхдийг өсгөж хүмүүжүүлэх, тэжээн тэтгэхээр гэр бүлдээ авч, үрчлэгдсэн хүүхэд, үрчлэгчийн хооронд төрсөн эцэг, эх, хүүхдийн нэгэн адил эрх, үүрэг үүсгэж байгаа өвөрмөц үйл ажиллагаа. Энэхүү үйл ажиллагаа нь хүний эрх тэр дундаа өөрийгөө хамгаалах чадваргүй, эмзэг хүүхдийн эрхийн асуудлыг хөнддөг учраас маш нарийн хяналт, зохицуулалт дор явдаг.
Хүүхдийг үрчилснээр төрүүлсэн эцэг, эхийн хоорондын эрх, үүрэг дуусгавар болж үрчлэгч, үрчлүүлэгчийн хооронд төрсөн эцэг, эх, хүүхдийн хооронд үүсдэг эрх, үүрэг бий болсноор үрчлэгдсэн хүүхэд нь гэр бүлдээ төрсөн хүүхдийн нэгэн адил эрх эдэлнэ. Үрчлэлтийг зохицуулсан эрх зүйн зохицуулалт Үрчлэлтийг дотоод ба гадаад гэж 2 хуваадаг. Дотоод үрчлэлт гэдэг нь хүүхэд өөрийн улс дотроо үрчлэгдэхийг хэлэх бөгөөд иргэний харьяаллаас үл хамааран өөр улсад амьдарч буй гэр бүл, ганц бие хүнд үрчлүүлэхийг гадаад үрчлэлт гэдэг.
Дотоод үрчлэлт: Дотоодын үрчлэлтийг Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулиар зохицуулж байгаа бөгөөд ингэхдээ Хүүхдийн эрхийн тухай конвенцийн үрчлэлттэй холбоотой зүйлийн үзэл санааг алдагдуулахгүй байхаар зохицуулсан байдаг. Дотоодын хууль тог тоомжоор хүүхэд үрчлүүлэх, түүнд хяналт тавих, хүүхэд үрчлүүлэхэд хүүхдийн ашиг сонирх лыг хангах асуудлыг хэр зохицуулснаас хүүхдийг худалдаалах, бэлгийн мөлжлөгт ашиглах, гэмт хэргийн золиос болгохоос урьдчилан сэргийлэх ажлын чанар, үр нөлөө шууд хамаарна. Хүүхэд үрчлэн авагчийг үрчлэгч гэж нэрлэх ба тэрээр хүүхэд үрчлэх тухай өргөдлөө хүүхдийн оршин суугаа газрын харьяа сум, дүүргийн Засаг даргын Тамгын газарт гаргаснаар үрчлэлтийн шат дараалсан үйл ажиллагааны эхлэлийг тавьдаг. Өргөдөлд гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөл, өөрийн эрүүл мэндийн тодорхойлолт зэргийг хавсаргана. Хүүхэд үрчлэн авахыг хүссэн иргэн нь насанд хүрсэн, иргэний эрх зүйн зарим чадамжтай, хүүхдийг тэжээн тэтгэж, өсгөн хүмүүжүүлэх зохих боломжтой хүн байна. Ц.ОЮУНТУНГАЛАГ МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС ҮРЧЛЭЛТ БА ХҮҮХДИЙН ЭРХ Хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс зарим хүнд хүүхэд үрчлэхийг хориглодог.
Үүнд: 1.Бүтэн өнчин хүүхдийг төрөл, садангийн хүн нь үрчилж авахаас бусад тохиолдолд 60- аас дээш настай хүнд; 2.Эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан буюу хязгаарлуулж, хасуулж байсан хүнд; 3.Шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон хүнд; 4.Үрчлэгч нь сүрьеэ, сэтгэцийн өвчтэй бол; 5.Урьд нь үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцааж өгсөн буюу бусдаас хүүхэд үрчлэн аваад хүүхдийг хоол, унд, орон байраар гачигдуулах, гадуурхах, тэдэнтэй хэрцгий харьцах зэргээр эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласны улмаас хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж, эрх бүхий байгууллагын шийдвэрээр эцэг, эх асран хамгаалагч, харгалзан дэмжигчид эргүүлж өгч байсан хүнд; 6. Ямар нэгэн ашиг, хонжоо олох зорилгоор хүүхэд үрчлэхийг хүссэн иргэнд; 7.Үрчлэгч эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн болон хорих ял эдэлж байгаа хүнд; 8.Согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг хүнд. Гэвч эдгээр заалт нь өнөөдрийн хуулиар үйлчилсээр байгаа бөгөөд энэ нь хүүхэд үрчлэгдэж очсон газраа өмнөхөөсөө дордуулсан нөхцөлд амьдрах боломжийг гаргаж байгаа юм. Гадаад үрчлэлт: Сүүлийн жилүүдэд дэлхий даяар гадаад үрчлэлтийн тоо ихээхэн нэмэгдэж байна. Гэвч энэ нь үргэлж сайн үр дагаврыг дагуулдаггүй бөгөөд хүүхэд өөрийн төрөлх эх орноос үрчлэгдэж, улам дордсон нөхцөлд амьдарч байгаа цаашлаад өөр зорилгоор ашиглагдаж, эрх нь зөрчигдөж буй явдал цөөнгүй гарч байгаа юм.
Тийм ч учраас улс орнууд үрчлэлттэй холбоотой баримт бичгүүдээ илүү чангатгаж, зарим оронд хүүхэд үрчлэхийг хориглосон байдаг байна. Монгол Улс 1998 онд “Хүүхдийг хамгаалах ба улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай олон улсын конвенц”-д нэгдэн орсон бөгөөд үүнтэй уялдуулан 1999 оны Гэр бүлийн тухай хуульд гадаадын иргэн Монгол Улсын харьяат хүүхдийг үрчилж авах талаар анх удаа тодорхой заалтыг тусгаж өгсөн.
Энэхүү Конвенцид гарын үсэг зурсан улс, хүүхдийг өв тэгш хөгжүүлэх үүднээс тэднийг гэр бүлийн болон баяр баясгалан, хайр, ойлголцлын орчинд өсгөн хүмүүжүүлэхийг хүлээн зөвшөөрч, улс бүр хүүхдийг төрсөн гэр бүлийн халамжинд байлгах зохистой арга хэмжээг тэргүүн ээлжинд авч хэрэгжүүлэхийг уриалж, төрөлх улсад нь үрчлэн авах тохиромжтой гэр бүл олдохгүй тохиолдолд улс хооронд үрчлүүлэх нь үрчлүүлж буй хүүхдэд тааламжтай байдал олгохыг хүлээн зөвшөөрч, улс хооронд хүүхэд үрчлэхэд хүүхдийн дээд ашиг сонирхолд нийцүүлэн, үндсэн эрхийг нь хүндэтгэж, хүүхэд худалдах, хулгайлах, хил дамнан худалдахаас сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатайг дурдсан байдаг. Гадаадын иргэнд Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэх тухай дотоодын хууль тогтоомжийг конвенцид нийцүүлэн, оролцогч улсын хувьд биелүүлбэл зохих үүргийг манай улс бүрэн биелүүлэх ёстой.
Гадаадын иргэнд хүүхэд үрчлэх харилцааг: -Гэр бүлийн тухай хууль, -Хүүхдийг хамгаалах ба улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай олон улсын конвенц, -Хууль зүй дотоод хэргийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2001 оны 100/32 дугаар тушаалаар баталсан “Гадаадын иргэнд Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэх журам” зэрэг баримт бичгүүдээр зохицуулж байна.
Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар бүлгээр зохицуулсан хүүхэд үрчлүүлэх асуудлын ихэнх заалт нь дотоодын үрчлэлтийн асуудлыг нарийвчлан, хуулийн 58 дугаар зүйлийн 1-10 дахь заалтуудаар гадаадын иргэн Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэн авахыг тус тус зохицуулж байна. Эдгээр заалт нь хэтэрхий ерөнхий утга, агуулгатайгаас гадна зөвхөн тухайн гадаадын иргэн өргөдлөө хэрхэн хаана гаргах, өргөдөлдөө ямар баримт бичиг хавсаргах, ямар байгууллага (яам) хүүхэд үрчлүүлэх асуудлыг хариуцахыг л тогтоож өгснөөс өөр тусгайлсан, нарийвчилсан зохицуулалтгүй байна. Манай улс гадаадын иргэнд Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэх тухай хуульдаа зохицуулснаас хойш буюу 1999 оноос 2014 он хүртэл өнгөрсөн 15 жилийн хугацаанд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас авсан тоон мэдээллээр нийт 248 хүүхдийг гадагшаа үрчлүүлсэн байна. Энэ нь жилд 20 орчим монгол хүүхэд гадаадын иргэнд үрчлэгдэж байна гэсэн үг юм. Монгол Улсын харъяат хүүхдийг таваас доошгүй жил хамт амьдарсан гэр бүлд, эсвэл ганц бие гадаадын иргэн эмэгтэйд долоо ба түүнээс дээш настай хүүхдийн өөрийнх нь зөвшөөрлийн үндсэн дээр үрчлүүлнэ.
Ингэхдээ үрчлэн авах тухай хүсэлтээ өөрийн орны эрх бүхий байгууллагаар дамжуулан Монгол Улсын эрх бүхий байгууллагад гаргах ба доорхи бичиг баримтыг бүрдүүлдэг. Үүнд: -Хүүхэд үрчлэн авахыг хүсэгчийн (нөхөр, эхнэртэй бол хамтарч гаргасан) хүсэлт, түүний нотариатаар гэрчлүүлсэн албан ёсны орчуулга, -Үрчлэгч нь сүрьеэ, ДОХ, сэтгэцийн өвчтэй эсэх талаарх эмнэлгийн магадлагаа, -Өргөдөл гаргагчийн гэрлэлтийн гэрчил- гээний хуулбар (гэр бүлтэй бол), -Өргөдөл гаргагчийн байнга оршин суугаа газрын талаар холбогдох байгууллагын тодор хойлолт (цагдаагийн байгууллагын тодорхойлолт), -Өргөдөл гаргагчийн амьдралын болон санхүүгийн боломжийн тухай холбогдох байгууллагын тодорхойлолт зэрэг орно.
Эдгээр баримт бичгүүд нь агуулгын хувьд тухайн гадаадын иргэн түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч нь хүүхэд үрчлэн авах хүсэлтэй байгаа болон тэд хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх, ахуй, амьдрал, санхүү, сэтгэл зүй, эрүүл мэндийн бүрэн боломжтойг давхар нотлох ёстой билээ. “Гадаадын иргэнд Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэх журам”-ын 12 дугаар зүйлд заасны дагуу хүн амын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хүүхэд үрчлэн авах тухай материалыг судлан үзэж боломжтой гэж үзвэл үрчлүүлж болох хүүхдийг сонгож, хүүхдийн эцэг, эхийн болон асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн газрын зөвшөөрлийг бусад бичиг баримтын хамт хүүхэд үрчлэхийг хүссэн хүнд илгээдэг байна. Мөн журмын 15 дугаар зүйлд хүүхэд үрчлэн авсан гадаадын иргэний хүлээх үүргийг тодорхойлсон боловч энэ нь хэт ерөнхий, үүргийг хэрхэн, яаж биелүүлэхийг тодорхой заагаагүй байна.
Тухайлбал, хүүхдийн эх орон, шаардлагатай бол эцэг, эхийг мэдүүлэх, хүүхдийн талаар 1 сартайгаас 3 нас хүртэл хагас жил тутам, 4-8 нас хүртэл жил дутам, 8-16 нас хүртэл 2 жил тутам Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт мэдээлэл ирүүлж байх, шаардлагатай бол Монгол Улсын эрх бүхий байгууллагаас тухайн хүүхдийн аж байдалтай танилцах, түүнтэй ярилцах боломжоор хангахыг үүрэг болгосон. Журмын энэхүү заалт нь тухайн хүүхдийг эрүүл саруул, эсэн мэнд бойжиж байгааг илтгэх, аливаа хууль бус үйл ажиллагаанд өртөөгүйг харуулж байх ёстой байтал нэгэнт газар дээр нь тэр болгон очиж, танилцах боломжгүй байдлаас шалтгаалан Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэн авсан гадаадын иргэний өгч буй мэдээллийн үнэн худлыг шалгах боломж хязгаарлагдмал байна.Мөн эмнэлгийн байгууллага нь үрчлэгчийн зөвхөн сүрьеэ, ДОХ, сэтгэцийн өвчтэй эсэхийг тодорхойлохоор заасан байна. Зүй нь эмнэлгийн байгууллага эдгээр өвчний зэрэгцээ мансуурах, согтуурах донтой эсэх, биеийн эрүүл мэндийн байдал нь ямар болох, түүнчлэн тухайн хүүхдийг зөв өсгөж хүмүүжүүлэхэд биеийн эрүүл мэндийн хувьд харшлах зүйлгүй, бие, сэтгэхүйн хувьд эрүүл гэдгийг эмнэлгийн байгууллагын тодорхойлолтод заах нь чухал юм.
Дээрх бүгдээс харахад үрчлэлтийн журам нь Хүүхдийг хамгаалах ба улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай олон улсын Гаагийн конвенцийн заалтад нийцэж байгаа ч зарим асуудлыг бүрэн, тодорхой тусгаж зохицуулаагүй нь учир дутагдалтай байгаагаас гадна энэхүү эмзэг нарийн харилцааг журмаар зохицуулж байгаа нь ихээхэн хангалтгүй байгаа юм.
URL: