Намайг начин болговол 100 сая төгрөг өгье

Уг нь үндэсний бөхөө үзэж баясмаар. Гэвч үзсэний дараа тэр нь энэндээ тэдэн төгрөг өгч даваа худалдаж авсан гэсэн ам дамжсан яриаг сонсохоор хайран цагаа хий дэмий үрсэндээ харамсах юм. Үндэсний бөхийн зүлэг ногоон дэвжээ даваа наймаалцдаг зах болсон гэхээр харамсал төрнө. Залуу бөхчүүд аймаг, улсын наадмаас цол авна. Дараа нь “Тэрэнд тэдэн төгрөг өглөө” гэж ярих. Сүүлдээ бүр улаан цагаандаа гарлаа. Аль хэдийнээ харьсан бөхчүүд мөнгөөр зодож цол авч байна.

Саяхан Завхан аймгийн баяраар аймгийн заан М.Баярсайхан түрүүлж аймгийн арслан цол хүртлээ. М.Баярсайхан улсын заан М.Баяржавхлангийн ах билээ. Аль хэдийнэ заал танхимын барилдаанд зодоглохоо больж, нас нь хэвийсэн М.Баярсайханыг заан дүү нь аймгийн арслан болгож өгч байна гэнэ. Аймгийн заан М.Баярсайхан Төв аймгийн арслан Б.Батмөнхийг тавын даваанд орхижээ. Аймгийн шилдэг арслангуудын нэг Б.Батмөнх М.Баяржавхлан зааны ахад уналаа гэж үү. Бөхийн хорхойтнууд итгэхгүй болов уу. Их шөвөгт Ц.Содномдорж начин амлаад бас дийлсэнгүй. М.Баярсайхан гэж тийм сайн бөх байсан юм уу. Үзүүр түрүүнд бас л аймгийн шилдэг арслангуудын нэг Б.Гончигдамба түүнд өвдөг шорооджээ. Ёстой нөгөө “Нүглийн нүдийг гурилаар хуурна” гэдэг энэ байх. Бас Ц.Сумъяабэйс, Ш.Уламбаяр, Ж.Отгонбаяр, Л.Нямсүрэн гэсэн улсын начингууд Завхан нутгийн дөрвөн сумын зааныг аймгийн начин цолонд хүргэжээ. Аймгийн начин болоход нэг сая төгрөгийн ханштай байдаг гэсэн. Дөрвөн начин наадмаар гоёх дээлийнхээ мөнгийг олоод иржээ хөөрхий. Монгол наадам нэг иймэрхүү л янзтай болж. Энэ бол эхний нэг л жишээ.

Өнгөрсөн жил Булган аймгийн баяр наадамд жүдо бөхийн улсын шигшээ багийн тамирчин А.Давааням аймгийн арслан А.Батмөнхийг орхиж түрүүлж, аймгийн арслан болсон. А.Батмөнхөд гурван сая төгрөг өгч түрүүлснийг “хор найруулалцсан” хүмүүс нь гэрчилдэг. Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар 2007 онд Дорноговь аймгийн наадамд түрүүлж, аймгийн арслан болсон. Энэ явдлыг олон хүн мэддэггүй юм. Мөнгө төлсөн Х.Цагаанбаатар ч өөрөө ярих дургүй. Ичих булчирхай нь бага боловч ажилладаг юм шиг байгаа юм. Х.Цагаанбаатар “Аварга” дээд сургуулийг төгссөн 10 гаруй бөхийг ачиж аваачаад бүгдийг нь “нясалж” унагаасан гэдэг. Тэрбээр аймгийн арслан болсноосоо хойш нэг ч удаа заал танхимын барилдаанд барилдаагүй. Сумын заануудын зугаа болохоос айдаг биз. Мөнгөөр зодож цол авсан хүмүүсийн тухай явган яриа цаашаа уртаас урт үргэлжилнэ.

Тухайлбал, аймгийн шилдэг арслангуудын нэг Ш.Жаргалсайхан Ховд аймгийн баяр наадамд 10 сая төгрөг өгч түрүүлсний гэрчлэх хүн байдаг юм.

Улсын их баяр наадам бол бүр ойлгомжтой. Наадмын хуучтай хамт бөөн мөнгөний тоо цохиж явна.

Ж.Бат-Эрдэнэ, Э.Энхбат , Б.Заяамандахыг 60 сая төгрөгөөр начин болсныг гэрчилж ярих хүн бөхийн хүрээнийхэн дунд байдаг. Ер нь монгол бөхийн дэвжээнд ийм гажиг үзэгдэл сүүлийн үед газар авч байх шиг. Авч өгч байгаа нь ч ичихээ больсон бололтой. Гадуур, дотуур авч өгөлцсөнөө улаан цагаан яриад явдаг гэх юм. Энэ жил олон тэгш ой тохиосон сайхан наадам болно. Лав л олимпийн аварга, аймгийн арслан Н.Түвшинбаяр улсын начин болох нь тодорхой гэнэ. Юу гэвээс, Булган аймгийн бөхчүүд, бизнесмэнүүд олимпийн аваргыг нь улсын начин цолоор мялаахаар тохирсон гэх явган яриа тэнэж явна. Харж л байя.

Улсын цолтой болох нь бөх хүн бүрийн мөрөөдөл байдаг нь ярианаас нь мэдрэгддэг. Хэтэрхий их тэмүүлэхдээ тэр цолыг нь худалдаж авдаг юм болов уу. Тэд хаанаас мөнгө олдог байна. Энэ өнцгөөс харахаар хэдэн баян бизнесмэнүүд бөхчүүдийг муу зүг РҮҮ уруу татаад байна уу даа гэсэн бодол төрдөг. Нутгаасаа улсын цолтой бөх төрүүлнэ гэх мэт аар, саархан шалтгаар найраа хийхийг ятгаж, дургүйцвэл өөрсдөө араар нь хор найруулж гүйнэ. Цолонд хүрч баярлаад дараа бүх учраад нь мөнгө төлсөн байсныг нь мэдээд гутарсан бөхийг тухай яриа ч бий. “Өндөр” Ж.Оргилболд улсын наадамд тав давчихаад телевизэд ярилцлага өгөхдөө “Намайг начин болгож өгсөн АПУ компанидаа баярлалаа” гэж хэлсэн нь бизнесмэнүүд бөхчүүдийн давааны мөнгийг өгдгийг гэрчилсэн сонгодог жишээ юм. Нутаг усныхаа залуу бөхчүүдийг дэмжиж даваа өгөх уламжлал эрт үеэс байсан гэдэг. Тэр уламжлал зах зээлд шилжжээ.

Улсын арслан Б.Ганбат аймгийн арслан байхдаа “Намайг начин болгосон хүнд таван сая төгрөг өгнө” гэж хэлээд Ц.Цэрэнпунцаг гарьдад хандаа хага даруулж байсан. Б.Түвдэндорж аварга, Б.Жамьяндорж арсланг “Ах нь нутгийн дүүгээ нэг жил дэмжье” гэж хэлээд амлаж барилдаад хаячихсан гэдэг. Арслан “Аварга аа, та амласан биз дээ” гэхэд “Ах нь худлаа барилдаж түвдсэнгүй” гэсэн гэнэ лээ. Уг нь ийм шударга өрсөлдөөнтэй үндэсний бөхөө үзэж баясмаар. Намайг начин болговол 100 сая төгрөг өгье гэвэл яах бол?


URL:

Сэтгэгдэл бичих