Н.Алтанхуяг арай өөрөөр яриад байна

6-3-3Хэн тэгж дүгнэсэн, эх сурвалж нь  хаанаас  гэдэг нь мэдэгдэхгүй ч монголчуудын тухай нэгэн сонирхолтой баримтыг жиргээчид гаргажээ. Тэр дүгнэлтээр бол бид энэ  дэлхийд амьдардаг хамгийн тэсвэр тэвчээртэй хүмүүс гэнэ. Үүнийг хоёр жишээгээр тайлбарласны эхнийх нь өргөн хэрэглээний барааны үнэ  сараар биш өдрөөр өсч байхад бид хий дэмий халаглахаас өөр яадаг ч үгүй аж. Харин нөгөөх нь манай нийтийн тээврийн автобусууд зорчигчдоо суулгаад яг л галзуу  хулгана тоглоом шиг давхиж байхад үйлчлүүлэгчдээс огт гомдоллодоггүй,бас нэг ч хүн  уналгүй хоёр хөл дээрээ тогтдог гэв.Үүнээс үүдэн гадныхан биднийг хамгийн хүлээцтэй,тэсвэр тэвчээртэй хүмүүсээр тодруулжээ. Хэдийгээр албан ёсны биш  боловч энэ дүгнэлтэнд үнэн бас байна.

Гэвч зарим зүйлд бид тийм ч хүлцэнгүй ард түмэн биш. Хүн бүхэнд хамаатай талхны үнэ өсөхөд дуугардаггүй байж машинтай хүмүүст л шууд нөлөөлөх  шатахууны үнэ жаахан “хөдлөхөд” улсаараа  бөөн дуулиан шуугиан болдог хачин сэтгэхүйтэй улс. Тиймээс  үе үеийн Засгийн газрынхан энэ сэтгэхүйд тааруулан улс төр хийж ирсэн юм. Өөрөөр хэлбэл нефть бүтээгдэхүүний үнийг ямар нэгэн аргаар өсгөхгүй байх, өсгөсөн бол ямар нэгэн залиар иргэдийн уур  бухимдлыг намжаах төлөвлөгөө боловсруулдаг байлаа. Харин энэ удаад Н.Алтанхуягийн Засгийн газрынхан арай өөрөөр ярьж байна.

Манай Ерөнхий сайд  өнгөрсөн сарын  сүүлчээр Санкт-Петербург явж Петербургийн олон  улсын эдийн засгийн форумд оролцон улсынхаа  эдийн засгийг хэрхэн тэлэх тухай нэгийг бодож, хоёрыг тунгаасан уулзалтуудыг хийгээд ирсэн. Форумд Газрын тосны газрын даргыг дагуулж яваад, манайхыг шатахуунаар хангадаг “Роснефть”-ийн удирдлагуудтай уулзаж олз, омог ихтэй  ирснийгээ ч дуулгасан юм. Манайхан тус компаниас Сингапурын бирж дэх хилийн үнээр гэрээ хийснээр жилд 120 сая ам.доллар хэмнэх  боллоо хэмээн зарлав. Үүнийг сонссон хэн бүхэн “Ашгүй шатахууны үнэ хямдрах нь” хэмээн бодож дуусаагүй байтал араас нь “Гэхдээ валютын ханш өссөн учраас шатахууны жижиглэнгийн үнэ ирэх сард 50 төгрөгөөр нэмэгдэнэ” хэмээн шоконд оруулж байх юм. Үүнийг арай өөрөөр тайлбарлавал “Шатахууны үнэ 500 төгрөгөөр нэмэгдэж болох байлаа, бид 50 төгрөг болголоо, баярлаж яваарай” хэмээн ард түмнийг басамжилсантай ялгаагүй байлаа.

Н.Алтанхуягийн Шинэчлэлийн Засгийн газрынхан шатахууны үнэ гэх мэт иргэдийн эмзэг сэтгэхүйг хөндсөн асуудалд хэрхэн мэдрэмжтэй хандахаа мэддэггүй бололтой эсвэл олон нийтэд хүрэх мэдээлэл хариуцсан зөвлөхүүд нь ажлаа тун тааруу хийж байна. Эдийн засгийн хямрал  иргэдэд хүчтэй мэдрэгдэж  эхэлсэн энэ үед иймэрхүү болчимгүй мэдэгдэл хийнэ гэдэг рейтингээ өөрсдөө унагаж  байгаатай адил биш гэж үү. Зах зээлийнхээ жамаар үнэ нэмэгдвэл тухайн үед нь эвтэйхэн тайлбарлаад аргалчихна биз заавал “Роснефть”-тэй ярьж ашигтай гэрээ хийлээ. Гэхдээ шатахууны үнийг нэмнэ” хэмээн шоудаж иргэдийнхээ дургүйг хүргэх хэрэгтэй байсан уу. Ер нь “Роснефть”-ээс Сингапурын ханшаар авна уу, хаанахын ханшаар авна иргэдэд ямар хамаа байхав. Тэдний хувьд шатахууны жижиглэнгийн үнэ тогтвортой байх л чухал гэдгийг ойлгох мэдрэмжтэй хүн Засгийн газрын танхимд баймаар юм. Ер нь Н.Алтанхуяг болон түүний Засгийн газрынхан өмнөхүүдээсээ арай өөрөөр ярьдаг бололтой.

Бас нэг зүйл байна. Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Петербургийн  форумд оролцохдоо В.Путинтэй уулзаад ирснийг ОХУ-д айлчилсан мэтээр  ярьж, тэндээс ганзага дүүрэн ирсэн тухай сурталчилсаар байв. Форумын үеэр хөрш орныхоо төрийн тэргүүнтэй уулзах албан ёсны айлчлал хийх хоёр огт өөр. Гэтэл ард түмнийг төөрөгдүүлж уулзалтыг санаатай, санамсаргүйгээр айлчлал болгон ярих нь бас л сондгой байлаа. Форумын үеэр болсон  уулзалтуудыг үр дүнтэй болсон хэмээгээд тэдэн дундаас Орос Хятадыг холбосон байгалийн хийг Монголоор дамжуулах асуудлыг онцолж байна. Хоёр хөршийн төрийн тэргүүнүүд уулзаад хий нийлүүлэх,худалдан авах гэрээнд гарын үсэг зурчихсан. Харин хийн хоолойгоо манай улсаар дамжуулах уу,үгүй юу гэдэгт В.Путин “Бодож үзье” л  гэсэн. Хоёр их гүрний нэг нь хамгийн дөт замаар хийгээ нийлүүлэх, нөгөө нь хямд үнээр хий авах сонирхол дээр л  манай Төрийн тэргүүн, Засгийн тэргүүн хоёртой уулзаад байгаа хэрэг.

Эхний хувилбараараа дайруулахгүй гэж шийдсэн. Өөрөөр хэлбэл энэ асуудлыг ганцхан Москвад эцэслэн шийдэх юм. Өнгөрсөн жил Ерөнхий сайдын 30 минут уулзалтын үеэр “Хоёр хөршийн төрийн тэргүүнүүд уулзлаа. Манайх ямар байр  суурьтай байна” гэхэд Н.Алтанхуяг “Тэд уулзаа л биз. Айлуудын асуудал бидэнд хамаагүй” хэмээн хариулж байлаа. Гэтэл одоо айлуудын хэрэг хамгийн их хамаатай болохыг ойлгосон мэт уулзалтыг ч айлчлал болгон пи-ар хийж байна. Н.Алтанхуяг болон түүний танхимынхан арай л өөр яриад байх юм. Ард түмэнд таалагдтал ярих нь улстөрч хүний авьяас болохоос аман баримжаагүй дуугарах лав биш дээ.

 

 

Д.СОДОН /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих