Украин: өнөөдөр нөхцөл байдал ямар байна вэ?

6-2-1ИТАР-ТАСС болон бусад Оросын мэдээллийн агентлагуудын Украины нөхцөл байдлын талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.

Шинээр зарлагдсан Донецк улсын ерөнхий сайд: Украины зэвсэгт хүчин хориглогдсон зэвсэг хэрэгсэл ашиглаж байна

Украины хүчний байгууллагууд олон улсын гэрээ конвенцээр хориглогдсон зэвсэг хэрэгсэл хэрэглэж байна. Энэ талаар 5 сарын 29-нд болсон хэвлэлийн бага хурал дээр шинээр зарлагдсан Донецк Ард Улсын ерөнхий сайд Александр Бородай мэдэгдлээ. ”Дэлбэлэгч сумыг үнэхээр хэрэглэж байна. Нөгөө тал хориотой хэрэгслийг ашиглаж байгаа” гэж тэрээр мэдэгдээд Украины талд хөлснийхөн олноор ажиллаж, “боломжит бүхий л бохир аргыг хэрэглэж байгаа” гэв. Мөн түүнчилэн тэрбээр Донецкийн цэргийнхэн Украины талаас Прокофьевын нэрэмжит нисэх онгоцны буудлыг булаан авахаар төлөвлөж байгаа гэв. “Хэрвээ тэд Донецк улсын газар нутгаас сайн дураараа гарахгүй бол бид сөрөг цохилт өгөх л болно” гэж тэр мэдэгдлээ. Гэхдээ тэр өдөр болгон уг нисэхийн буудалд хэдэн онгоц, хичнээн цэрэгтэй бууж байгаа талаар байнгын мэдээлэл авч байгаа гэв.

Бородайн мэдэгдсэнээр тулааны явцад 60 орчим цэрэг, мөн 20 орчим энгийн иргэд алагдсан гэнэ. Тэдний цогцос украины мэргэн буучдын хараан дор орших нисэхийн буудлын орчимд байгаа аж. “Энгийн иргэд өдөр болгон алагдаж байна. Тодорхой тоог нь хэн ч хэлж чадахгүй. Бид өнөөдрийг хүртэл цогцоснуудыг авч чадахгүй байна” гэж Бородай ярив.

Луганскийн цэргийн анги орчимд дэлбэрэлт гарсаар байна     

Луганск орчмын цэргийн ангийн зэвсгийн складанд болсон дэбэрэлт хэдэн цагийн турш үргэлжилсэн гэж Риа Новости агентлагаас мэдээлэв. Александровск хотод байрлах цэргийн анги дээр Үндэсний гвардийнхан очиж, хэлцэлд орохыг оролдсон боловч амжилтгүй болж, харилцан буудалцжээ. Үүний улмаас тэнэсэн сум зэвсгийн складыг онож, дэлбэрэлт болон, гал гарсан байна. Бэртсэн гэмтсэн хүмүүсийн талаарх мэдээлэл одоогоор алга байна гэж мэдээлэв.

Мөн энэхүү мөргөлдөөний үед Үндэсний гвардийн 20 цэргийг олзлон авсан, тэдний дотор шархадсан хүн хэд хэд байгаа ажээ.

Киев дорно хязгаараа зэвсэгт босогчдоос чөлөөлөх хүртэл хүч хэрэглэсээр байх болно гэж мэдэгдлээ

Украины Батлан хамгаалах сайдын үүрэг гүйцэтгэгч Михаил Коваль улс орны дорно хязгаарын нөхцөл байдлыг тогтворжуулах хүртлээ зэвсэг хэрэглэсээр байна гэж мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, салан тусгаарлагчдыг дарж, украины засаг захиргааг тогтоох хүртэл хүч хэрэглэсээр байх болно гэв хэмээн Интерфакс агеентлаг мэдээлсэн байна.

Луганск Ард Улсын тэргүүн ДЯЯ-ны хэлцэлд орох саналын талаар мэдээллээ

Саяхан зарлагдсан Луганск Ард Улсын тэргүүн Валерий Болотов Украины ДЯЯ-ны удирдлагаас хэлцэлд орох санал авсан тухайгаа мэдэгдэв. Түүний хэлсэнээр бол ДЯЯ-ны удирдлагууд хэлэлцээрийг Киевт хийхээр санал болгожээ. Хэрвээ Киев бүх цэргээ Луганск улсын газар нутгаас татан гаргаж, цэрэг хүчний ажиллагаагаа бүрэн зогсоовол би болон миний хамтран зүтгэгчид хэлцэлд орж болох юм гэж Болотов мэдэгдсэн байна.

ОХУ Украин дахь алан хядах ажиллагааны эсрэг эрүүгийн хэрэг үүсгэлээ

ОХУ-ын Мөрдөн байцаах Ерөнхий хорооны Удирдах газраас дараах үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэлээ: “Шинээр тунхаглагдсан Донецк болон Луганск Ард Улсуудын Славянск, Краматорск, Донецк, Мариуполь болон бусад суурин газруудад зэвсэг хэрэглэсэн, дайн байлдаан явуулах хориглогдсон арга хэрэгслийг ашигласан Украины зэвсэгт хүчний одоогоор нэр нь тодорхойгүй цэргийн эрхтнүүд, Украины үндэсний гварди болон Барууны секторын цэргүүдэд эрүү үүсгэн шалгах”. Мөрдөгчдийн үзэж байгаагаар Узраины Зэвсэгт хүчний цэргийнхэн, Украины Үндэсний гвардийнхан, Барууны секторын гишүүд нь “санаатайгаар, энгийн иргэдийг хороох зорилгоор буу зэвсэг, агаарын нисэх хүчин, хуягт техник, багаж хэрэгслийг, тэр дундаа НҮБ-ын тэмдэг бүхий зэвсгийг ашигласан” гэнэ. Үүний улмаас энгийн иргэдийн дунд амиа алдагсад ч, шархдагсад ч байна. “Энгийн иргэд, хүүхэд эмэгтэйчүүдийг хороосон буруутнуудад олон улсын хууль эрх зүйн бүхий л хэм хэмжээгээр хариуцлага тооцох ёстой. Хэрвээ өнөөдөр дэлхий дахинд Украины удирдлагуудын үйлдэл гэмт хэргийн шинжтэй байгаа илэрхий зүйлийг хүлээн зөвшөөрөх нэг ч улс байхгүй бол Орос Улын Мөрдөн байцаах Хороо нь эрүүгийн хэрэг үүсгэснээр дээрх үүргийг өөртөө үүрч байна. Ийм маягаар Мөрдөн байцаах Хороо нь энгийн номхон иргэдийн эсрэг гэмт хэрэг үйлдэгдсэн баримтыг зүгээр нэг хүлээн зөвшөөрөөд зогсохгүй хүн төрөлхтний аюулгүй байдал, энхтайвны эсрэг гэм хэрэг үйлдсэн буруутан болгоны гэм бурууг нотлох нотолгоог цуглуулж эхэллээ” хэмээн мэдэгджээ.

Тоймч  Т.АНАНДА /ЗУУНЫ МЭДЭЭ/

 


URL:

Сэтгэгдэл бичих