Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангалтгүй гэж дүгнэв

5Бүрэн эрхийн хугацаа нь талдаа орж байгаа энэ Засгийн газар мөрийн хөтөлбөрөө 46.2 хувийн биелэлттэй яваа гэж дүгнэсэн нь бодит амьдралд нийцэхгүй гэж УИХ дахь МАН-ын бүлэг үзэж байна. МАН-ын бүлгийн хувьд энэхүү мөрийн хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгаад хяналт тавьж, улирал, жил бүр биелэлтийг нь тооцож байгаа бөгөөд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт дөнгөж 30 хувьтай байгаа гэж дүгнэв. Ялангуяа төсөв, санхүү, мөнгө, зээлийн бодлого, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, хөдөлмөр эрхлэлт, ажлын байр нэмэгдүүлэх, уул уурхай, үйлдвэржилт зэрэг хүн рүү чиглэсэн хөтөлбөрүүдийн хэрэгжилт хангалтгүй байгааг ард иргэдтэй уулзах үеэр олонтаа сануулж байна гэж энэ асуудлаар бүлгээс байгуулсан ажлын хэсгийн ахлагч Су.Батболд гишүүн мэдээллээ.

Зээлийн хүүг бууруулж нэг оронтой тоонд оруулах зорилт өнөөдрийн байдлаар хэрэгжээгүй, жилийн 15-18 хувьтай байна. Ажлын байр шинээр бий болгох  зорилтын хүрээнд гарсан үр дүн хангалтгүй байна. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх зорилт өнгөрсөн онд биелэгдээгүй. 2012 онд хөдөө аж ахуйн чиглэлээр 2878 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байсан бол 2013 онд 839 болж 3.4 дахин, уул уурхайн салбарт 470 аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлж байсан бол 70 болж 6.7 дахин, боловсруулах үйлдвэрийн салбарт 4492 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байсан бол 926 болж 4.9 дахин болж буурчээ. Хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг өнгөрсөн онд найман хувиас хэтрүүлэхгүй гэсэн боловч 12.5 хувь болж өссөнөөр төгрөгийн худалдан авах чадвар буурсан, ам.долларын ханш огцом өссөн. Үүнийг даган өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 30-40 хувиар өссөн. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар өрхийн мөнгөн орлого 2012 онд өмнөх оныхоос 40 хувиар өссөн бол 2013 онд ердөө 14.2 хувиар өсчээ. Нийт тэтгэвэр авагчдын 83.2 хувь нь 294.2 тэрбум төгрөгийн тэтгэврийн, нийт ажиллагсдын 30.5 хувь нь 1.2 их наяд төгрөгийн цалингийн зээлтэй байгаа нь мөрийн хөтөлбөрт тусгасан асуудлууд хангалтгүй хэрэгжиж буйн нэг жишээ юм.

Иймд мөрийн хөтөлбөр, сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд Засгийн газар пиар, сурталчилгаан дээр суурилж байгаа үйл ажиллагаагаа иргэдийн бодит амьдралд буулгах шаардлагатай гэж Су.Батболд гишүүн хэллээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлтийн талаарх санал дүгнэлтээ МАН-ын бүлэг УИХ-ын нэгдсэн хуралдаанд дэлгэрэнгүй танилцуулах юм.
Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайланг хэлэлцсэн. Үндэсний аудитын газраас 2013 оны үндсэн чиглэлийн биелэлтийг 59 хувь буюу “хангалтгүй” гэж үнэлсэн.

Өөрөөр хэлбэл, үндсэн чиглэлд тусгасан нийт 165 зорилтоос 111 нь огт хэрэгжээгүй буюу дутуу хэрэгжсэн байна. Тиймээс 2015 онд нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд онцгой анхаарах ёстой. Засгийн газрын бодлогын алдаанаас болж эдийн засаг хүндэрч, ард иргэдийн амьдрал нөлөөлсөн. Буруу бодлого ямар сөрөг үр дагавар дагуулдгийг хүн бүхэн мэдэрч байгаа учраас МАН-ын бүлэг ирэх онд улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд нухацтай хандана гэж энэ асуудлаарх ажлын хэсгийн ахлагч О.Содбилэг гишүүн хэллээ.

Мөн бүлгийн хуралдаанаар зарим ордыг стратегийн ордод авах эсэх асуудлаар холбогдох компаниудын удирдлагуудын мэдээллийг сонсов.


Д.Сувд


URL:

Сэтгэгдэл бичих