Монголын улс төрийн угсаа залгамжилсан “Жонон”-гууд

Монголын улс төрд нэг бичигдээгүй хууль байдаг. Таалал төгссөн аавынхаа, ахыхаа, эсвэл нөхрийнхөө УИХ дахь суудлыг эзэгнэдэг. Яг ийм замаар УИХ-ын гишүүн С.Оюун, Д.Туяа, Ш.Содбилэг тэргүүтэй олон хүн нэр дэвшиж орж ирсэн. Харин сүүлийн үед баян айлын чинээлэг хүүхдүүд, томоохон улс төрчдийн хөвгүүд Монголын улс төрд гар хөлөө тун гүнзгий дүрээд байна. 

МУ-ын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү Батшугар

 Монгол банкны дэд Ерөнхийлөгчийн суудалд заларч, улс төрөөс бага зэрэг хөндийрөөд байгаа Э.Батшугарын сурсан сургууль, эзэмшсэн мэргэжил хэнээс дутахгүй. 1987 онд төрсөн энэ залуу дөнгөж 25 настай.  АНУ-ын Массачусетс мужийн Бентли их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Их сургууль төгссөнийхөө дараа гадаадын банкинд ажиллаж байсан гэдэг мэдээлэл бий ч чухам хаана ажиллаж байсан гэдэг нь тун бүрхэг. Тэрбээр Швейцарь-Монголын худалдааны танхим хэмээх байгууллагыг 2010 онд Луганод байгуулж ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан гэнэ. “Ремиф” компанийн захиралаар ажиллаж хөрөнгө мөнгөний асуудалд нэр холбогдож байсан Э.Батшугар дараагийн 2016 оны сонгуульд нэр дэвшихээр эртнээс бэлтгэж байгаа сурагтай.


УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдингийн хүү Баттүвшин
 

Байн, байн нэр дэвшинэ хэмээн амбицладаг энэ залуу 1980 онд төрсөн. 34 настай. Лондонгийн  IUA Их сургуулийг бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн гэнэ. “Голомт” банкны Мэргэжилтэн, газрын дарга,  “Эрдэнэ Булган” ХХК Гүйцэтгэх захирал, “Алтай голд” ХХК Гүйцэтгэх захирал, “Хөх тэнгэр” ХХК ТУЗ-ийн гишүүн дарга зэрэг албан тушаал хашиж байсныг бодоход нилээд хөрөнгөлөг залуу бололтой. Тэрбээр дэд сайдын суудалд хүртэл санаархаж байсан. Гэвч саяхан түүнийг Хөдөлмөрийн яамны дэргэдэх Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан нэртэй асар их хөрөнгө мөнгөтэй, бас зээл олгож, бага хүүн дээр тоглодог том байгууллагын дараар АН-ынхан чимээгүйхэн томилоод байгаа.

УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын хүү Батбилэг

Овтой, зальтайгаараа алдартай Батж.Батбаярын хүү Батбилэг. 1980 онд төрсөн, 32 настай. Нью Йорк хотын их сургуулийг санхүүч мэргэжлээр төгссөн гэнэ.  “Туул кашемир” ХК-ийн гүйцэтгэх захирал, Кашемир Концепт ХХК-ийн гүйцэтгэх захиралын алба хашиж, аавынхаа ноолуурын бизнесийн хариуцаж байсан Б.Батбилэг сүүлийн үед огцом улс төржиж, төрийн албанд зүтгэх болсон.  2011 онд Эрдэнэс МГЛ ХХК-д ахлах эдийн засагчаар ажиллаж байсан энэ залууг АН ялсна дараа аав нь Эрдэнэс Тавантолгой ХК-д газрын дарга болгон дэвшүүлээд байна.

Монгол улсын дөрөв дэхь Ерөнхийлөгчийн хүү Э.Оргил

Элбэгдоржийн Оргил 1986 онд төрсөн. Бар жилтэй. Мөн л гадаадад боловсрол эзэмшиж, АНУ-ын Виржиниагийн их сургуулийн докторантурт суралцаж төгсчээ. Э.Оргил нь өдгөө Монголд амьдарч байгаа.
Бусдыгаа бодвол хэтэр¬хий нууцлаг, далд амьдрал¬тай Э.Ор¬гилыг Ерөн¬хий¬лөгч маань бусад аавуу¬дын адил битүүхэн улстөрд сойж байгаа гэл¬цэх юм билээ. Сүүлийн үед Ерөнхийлөгч Хаа ч явсан хүүгээ салгахаа байсан гэнэ. Гадаад айлчлал бүр дээр хамт дагалдан явж албан уулзалт, амралт зугаалга гээд Ерөнхийлөгч хаана явна хүү тэнд л тууж явдаг боллоо. Мэдээж улс төрч эцэгтэй бол улс төрөөс хаа зугтаав гэж. Удам залгаж улс төрч болж буйн жишээ Монголоор дүүрэн л байна. Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Э.Элбэг, Э.Оргил  хэмээх хоёр хүүгээ АНУ-д чамлахааргүй өндөр зардлаар сургасан. Тиймээс хүүхдүүдээ эртнээс улс төрд бэлтгэж байгаа тухай олон хүн ам уралдан ярьж байна. Тэрэр өдгөө УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн Монос компаниас өндөр цалин авч, улс төрд зүтгэх ажилдаа битүүхэн бэлтгэж байгаа сурагтай.

Ерөнхий сайд асан С.Батболдын хүү Б.Баттүшиг

Тэрбээр 1985 онд төрсөн. Үхэр жилтэй. Бусад дарга нарын хүүхдүүдийн нэгэн адил гадаад боловсрол эзэмшжээ.2005-2009 онд Чикагогийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн Б.Баттүшиг өдгөө Харвардын их сургуулийн магистрантурт суралцдаг бөгөөд саяхан дипломоо авчээ. Чикагогийн их сургуульд суралцаж байхдаа буюу 2007 онд Олон улсын санхүүгийн корпорацид дадлагажигч, 2008 онд GSIP санд шинжээчээр ажиллаж байжээ. Нилээд нийгмийн идэвхитэй энэ залуу мөн МАН-ын нэр дээр улс төрд орж ирэхээр шийдээд байгаа гэнэ.

Монгол банкны Ерөнхийлөгч асан Д.Пүрэвдоржийн хүү Хангал

МАН-ын данснаас саяхан нэрээ хасуулж, МАХН-д элсээд байгаа П.Хангал хэмээх залуу бий. Тэрбээр УИХ-ын гишүүн асан, Монгол банкны Ерөнхийлөгч аавынхаа нөлөөгөөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдож, МАН-ын Бага хурлын гишүүнээр томилогдож явсан нэгэн.Тэрбээр МАХН-д элссэн батлахаа гардсан учраас шинэ албан тушаалд очихоор хүлээж байгаа гэнэ. Манай намд ор, МАН-аас гарчих. Ажил төрөл асуудалгүй гэж ярьдаг болсон Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар П.Хангалын улс төрийн цаашдын замыг заах болоод байгаа юм.

Л.Энэбиш агсны хүү Мөнх-Очир

УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир анх УИХ-ын дарга байсан Л.Энэбишийн хүү гэдгээрээ танигдан улс төрд орж ирсэн. 2008 онд Булган аймагт илүү давуу ялалт байгуулж байсан  удаатай. Аав нь ч бас 2004 онд энэ тойргоос УИХ-ын гишүүн, цаашлаад УИХ-ын дарга болж байлаа. Харин өнгөрсөн сонгуулиар  Э.Мөнх-Очир МАН-ын листэнд 15-д бичигдэж, аль ч үгүй хоосон үлдчихээд байгаа. Угийн омголон зантай, байнга л зодоон цохионы хэрэгт нэр хоблогдчихсон явдаг Э.Мөнх-Очир МАН-ын удирдлагыг гартаа оруулах, намдаа шинэчлэл хийхээр шийдээд бараагүй. Тиймээс одоо АН-ыг дагахаар шийдсэн гэнэ.

Ш.Отгонбилэг агсны хүү О.Содбилэг

Орхончууд энэ удаа Эрдэнэт үйлдвэрийг олон жил амжилттай удирдсан алдарт Ш.Отгонбилэгийн хүү О.Содбилэгт итгэл хүлээлэглээ. Ингэснээр аав, ээж, хүү гурав УИХ-д ээлж дараалан сонгогдов. Ардчилсан хүчин Засгийн эрхийг барьсан 1997 оны орчимд тухайн үеийн төрийн өмчийн хорооны хэлтэсийн залуухан дарга Д.Одхүү Эрдэнэт үйлдвэрийн захирал Ш.Отгонбилэгийн өрөөг эвдэн орж дуулиан дэгдээж байсныг олон түмэн мартаагүй байгаа. Ш.Отгонбилэгээс ажлыг булааж авч, “Зууны шилдэг луйварчин” хэмээн нэрлэж, байх суух аргагүй болгож байсан удаатай. Харин энэ удаа хүү нь Д.Одхүүтэй Эрдэнэтийн тойрогт өрсөлдөж ялалт байгууллаа. Тэрбээр Орхон аймагт нэр дэвшиж, 38 сонгуулийн хэсгийн хорооноос гучин наймууланд нь нэгээр гарч иржээ. УИХ-ын эрхэм гишүүн агсан Ш.Отгонбилэг 2001 оны нэгдүгээр сарын 14-нд Увс, Завхан аймагт зудын байдалтай танилцах олон улсын багийнхантай хамт томилолтоор яваад нисдэг тэрэгний ослоор насан эцэслэсэн. Түүний дараа гэргий Д.Туяа нь нөхөн сонгуульд өрсөлдөн УИХ-ын гишүүн болж, Эрүүл мэндийн сайд болтлоо дэвшсэн юм. Тэгвэл одоо эцэг, эхийнхээ шийрийг хатааж хүү О.Содбилэг улс төрд хэр хол явахыг харах л үлдлээ.

Ц.Нямдорж сайдын хүү Н.Анхбаяр

ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдоржийн том хvv Н.Анхбаяр. 1979 онд Увс аймагт төрсөн. Хонь жилтэй. Н.Анхбаяр 2004-2006 онд Шинэ Зеландын Виктория их сургуульд эрх зүйч мэргэжлдээр төгссөн.Дунд сургуульд байхдаа аавыгаа дагаж нутгаасаа гарсан Н.Анхбаяр хvv аавынхаа туслахаар ажиллаж улстөрд хөл тавьсан гэдэг.  Өөрөөр хэлбэл аав нь тvvнийг хөтөлж хөлд оруулсан шигээ улстөрд хөтөлж оруулсан юм билээ.
Харин Н.Анхбаярын эхнэр нь УИХ-ын гишүүн агсан Ц.Дамирангийн туслах байсан аж. Ордон дотроос эхнэртэй болж, улмаар бусдын хэл амнаас төвөг¬шөөсөн хvv удалгvй ааваасаа “салсан”. Гэвч мөн л аавынхаа нөлөөгөөр УИХ дахь МАН-ын бvлэгт референт, ГХЯ-нд атташе хийж байгаад 2010 оны 12 дугаар сараас ГХЯ-ны Гэрээ, эрх зvйн газарт дэд захирлаар ажилласан. Хэдхэн сарын өмнө  АНУ-ын Санфранциско хот дахь консулаар томилогддсон энэ залуу МАН-ын нэрийн өмнөөс улс төрд хүчин зүтгэхээр аль эртнээс бэлтгэж байна.

Цэндсүрэнгийн Сандуй

МАН-ын залуу дарга нарын нэг Ц.Сандуй бас л удам дамжсан улс төрч юм байх. Түүний аав Цэндсүрэн Хотын намын хорооны намын хянан шалгах комиссын дарга байсан гэнэ. Мөн дараа нь  орлогч дарга хийж байжээ. Хотын даргын хүү Ц.Сандуй одоо хотоос нэр дэвшихээр бэлтгэж байна. Учир нь түүний аав 1996 онд сонгуульд нэр дэвшээд Сайханбилэгт ялагдаж байсан түүхтэй учраас хүү нь Сонгинохайрхан дүүрэгт ирэх 2016 онд нэр дэвших юм гэнэлээ.  Нийслэлийн газрын албаны дарга бөгөөд Улаанбаатар хотын Ерөнхий даамал гэдэг асар том алба хашиж явсан энэ эр Орост боловсрол эзэмсэн, асар их мөнгөтэй, бас газрын наймаанаас тэрбум, тэрбумаар үнэлэгдэх мөнгө босгосон гэдэг хэл аманд байнга орооцолдож байдаг нэгэн.

shudarga.mn


URL:

Сэтгэгдэл бичих