“Нарны гүүр” авто замын ачааллыг бууруулна

Нийслэлд энд, тэндгүй бүтээн байгуулалтын ажлууд өрнөсөөр байгаа. Өнгөрсөн жилийг бодвол замын ажил хугацаандаа эхэлсэн учир хүйтнээс өмнө дуусах төлөвтэй.

Хотод өрнөж буй бүтээн байгуулалтын ажлын нэг бол Японы буцалтгүй тусламжаар барьж эхэлсэн гүүрэн зам юм. Авто замын сүлжээний ачааллыг бууруулах “Нарны гүүр” нь манайдаа баригдаж буй анхны гүүрэн зам.

Их тойруу болон Энгельсийн гудамжийг холбох эл гүүрэн зам баригдснаар өдөртөө 70 мянга гаруй тээврийн хэрэгсэл зорчдог Энхтайвны болон Гурвалжингийн гүүрний ачаалал 30 хувь хүртэл буурна гэсэн тооцоог дээрх төслийнхөн гаргажээ.

Энэ удаа бид “Бүтээн байгуулалт” булангаараа “Нарны гүүр” төслийг танилцуулж байна.

Японы Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлж буй “Нарны гүүр” төслийн гүйцэтгэлийн ажил одоогоор 45 хувьтай явж байна. Уг ажлыг япондоо зам, гүүр барих ажлыг олон жил хийсэн “JFE” компани гүйцэтгэж байгаа бөгөөд туслан гүйцэтгэгчээр “Улаанбаатар зам”, “Хотын зам” компани ажиллаж байна.

Төмөр зам дээгүүрх гүүрэн гарц бол манайдаа анхны бүтээн байгуулалт бөгөөд ирэх оны 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Тус гүүрэн замын инженерийн зураг төсөл, газар доорх шугам сүлжээний ажлыг япончууд удирдан хийж байгаа. Өнөөдрийн байдлаар гүүрний 28 гадсан суурийг цутгаж дуусгасан байна.

“Нарны гүүр” нь олон жилийн настай гэдэг нь сууринаасаа илэрхий. Тухайлбал гүүрний гадсан суурийг газраас 12 метрийн гүнд суулгасан байна. Гүүрний дам нурууг хийхдээ манайд ашиглаж байгаагүй гулсмал технологиор хийх бөгөөд нэг дам нуруу нь 5-8 метрийн урт бүхий 20 тоннын жинтэй байх аж.

Гүүрэн замын өргөн нь 15 метр, урт нь 262 метр байх агаад дөрвөн эгнээ машин зорчих зориулалтаар баригдах юм байна. Хамгийн сүүлийн үеийн технологиор баригдах энэхүү гүүрнээс төв зам хүртэл 1445 метр хатуу хучилттай замыг барих аж. Цэвэр гангаар баригдах уг гүүрээр 50 хүртэлх тоннын даацтай хүнд оврын автомашин зорчих боломжтой гэнэ.

Урьдчилсан тооцоогоор “Нарны гүүр”-ээр 30 мянга орчим машин зорчих бөгөөд ашиглалтад орсноос хойш таван жилийн дараа 50 мянган авто машин зорчино хэмээн мэргэжилтнүүд дүгнэлт гаргажээ.

Энд, тэндгүй машины дуут дохионы дуу алсрах цаг айсуй. Ямартаа ч “Нарны гүүр” баригдсанаар нийслэлийн “толгойны өвчин” нэгээр багасах нь ээ.

“Нарны гүүр” төслийн дараагаар нийслэлээс Гурвалжингийн уулзвар, 13 дугаар хорооллын уулзварууд болон “Нарантуул” захын урд гүүрэн гарц барихаар төлөвлөөд байгаа.

Б.Аяз


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих