“Ардчилсан” хаягтай Монгол буюу боолын нийгмийн боловсронгуй хувилбар

 68073e69207ddcdcbig

Латин Америкийн улс орнууд дахь нэр хүндтэй томоохон удирдагчдын нэг байсан Уго Чавесийн хэлсэнчлэн “Ардчилал гэсэн шошготой Америк хогийн …сав” манайд хэрхэн бий болсныг Монгол Улсын Үндсэн хуулиасаа л эхлэн харж болно.

Уг нь Монгол улсын Үндсэн хуулиар хүн бүр сонгох сонгогдох эрхтэй гэсэн хэр нь Ерөнхийлөгчид нэр дэвшигч…дийг зөвхөн УИХ-д суудалтай намууд нэр дэвшүүлэхээр зааж, бие дааж нэр дэвших боломжгүй, ард иргэд нутаг дэвсгэрийн харъяаллаараа хэлцэж нэр дэвшүүлэх эрхгүй болгосон нь нөгөөх “хүн бүрийн сонгох сонгогдох эрх” гэгчээ баруунаараа өгөөд зүүнээрээ булаагаад авахтай адил буюу лангууныхаа ард муу бараагаа сольж боогоод атгуулах луйварчны аргыг эрхгүй санагдуулна.
Үндсэн хууль боловсруулах ажлын хэсэг Америкад очиж туршлага судалж, зөвлөгөө авсныхаа үр дүнд заалтууд нь хоорондоо зөрчилтэй, иймэрхүү л хууль боловсруулсан ажээ.

Тэгээд цаашид эрх баригч бүлэглэлүүд Үндсэн хуулийг хэрхэн яаж дур зоргоороо засаж өөрчлөн “зэрэмдэглэснийг” бүгдээрээ мэдэх билээ. Одоо бүр Үндсэн хууль ч хамаагүй болсон. Эрх мэдэл авахын тулд өөрсдөдөө зориулаад Үндсэн хуулиа зөрчсөн хууль гаргачихдагийг, бүр гадны ноёд ирээд зааж зааварчлан өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлсэн хууль захиалан гаргуулдагийг та бид мэдэх болсоор удаж байна.
Ардчилалын гэх “хуулийн засаглал” гэгч нь нэг иймэрхүү.
Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө гэгч нь бүр ч инээдэмтэй.

Хэн нэг иргэн нийгмийн чанартай, тэр тусмаа эрх баригч намуудын бугшсан луйвар, нийгмийг талцуулан хагаралдуулсан хорт үйл ажиллагааг шүүмжилсэн зүйлийг ярих нь “улс төржсөн” гэх нэгэн төрлийн “гэмт хэрэг”-т тооцогдож хориглогдоно… Намын гэх мафи буюу гэмт хэрэгтний бүлэглэлүүдийн дарангуйлалд орж хүчтэний өмнө хүчгүй нь буруутай гэдэг зарчим нийгэмд үйлчилдэг болсны нэг жишээ нь юм…
Бүр захын телевиз л иргэний үгээ хэлэх эрхийг нь “улс төржихийг зөвшөөрөхгүй” гээд таслан хаана. Энэ нь тухайн мэдээллийн байгууллага л өөрөө “улс төржиж” иргэний үзэл бодлыг ялгаж, ялгаварлаж “цензур”-дэж байгаа хэрэг шүү дээ.
Эрх мэдэлтэй, хөрөнгө мөнгөтэй этгээдийн хууль зөрчсөн, нийгэмд хортой үйл ажиллагааг олон нийтэд илчлэх эсэх нь тухайн хэвлэл мэдээллийн эзний л ашиг сонирхлоор шийдэгдэнэ.

Хэвлэл мэдээллийн эрх мэдэлтнүүд нь “төлбөр” аваад гэмт этгээдтэй албан ёсны “хаалтын гэрээ” гэгчийг байгуулаад гэмт хэргийг нь нуун дарагдуулж болно. Энэ нь үндсэндээ авилга аваад хэргийн баримтыг устгаж буйтай адил гэмт хэрэг мөн.
Тэр тусмаа улс орны сонор сэрэмжийг бүрдүүлэгч олон нийтийн ой санамжид үнэн зөв мэдээллийг хүргэхээс санаатайгаар зайлсхийж, нийгмийн өмнө хүлээсэн мэдээлэл түгээх үүрэг хариуцлагыг наймааны хэрэгсэл болгон завхруулж байгаа нь туйлын ёс зүйгүй хэрэг билээ.
Гэтэл манайд энэ нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн оршин тогтнох үндсэн буюу хүлээн зөвшөөрөгдсөн арга хэлбэр нь юм.
Энэ мэтээр манай нийгмийн бүх үйл ажиллагаа “авилгыг тэтгэх” тогтолцоогоор оршин тогтнож байгаа.
Тиймээс ч манай нэгэн эрдэмтэн багшийн хэлсэнчилэн өнөөгийн Монголын нийгмийг “эзэн буюу босс, зарц буюу үйлчлэгч, гуйлгачин ядуус буюу гудамжныхан” гэсэн гуравхан төрлийн хүн бүрдүүлж байгааг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.

Юуных нь төрийн албан хаагч байх вэ?! Үнэндээ шүүгч, прокурор, цагдаагаасаа эхлэн Төрийн бүх албан хаагчид нь мөнгөтэй, эрх мэдэлтэй “эзэнд” үйлчилдэг “зарц” буюу үйлчлэгч гэдэг ангилалд багтах болсныг нийгэм тэр чигтээ батлана.
Хүн хүндээ итгэх итгэлээ алдаж, шударга ёс үгүй болсныг шүүмжилсэн, сануулсан мэдэгдэл, шаардлага, гомдол зарга, хэрүүл тэмцэл, нийгмийг бүхэлд нь хар бараан болгосон үйл ажиллагаа бүхний цаана төрийн алба гэгч нь бүхэлдээ мөнгөө төлсөнд нь үйлчилдэг “хөлсний этгээд” буюу “зарцын” ангилалд багтах болсныг батлах хангалттай арвин баримт байдгийг үгүйсгэх хүн үгүй байх аа.
Энэ бүхэн чухамдаа “ардчилал” гэсэн хаягтай капитализм нь цөөн хэдэн олигархийн дур хүсэл дор сөхрөн нухлагдсан, боолын нийгмийн боловсронгуй хувилбар болохыг тодорхой илэрхийлж байгаа билээ.

…“Ардчиллын сүйтгэлээс” олз хайсан хүмүүс буруу бодлогыг нь эсэргүүцсэн бүхнийг “коммунист” хэмээн хараан зүхэж, Монгол орны газар бүрт нутаг орныг хордуулж, байгаль ан амьтныг нь сүйтгэж, ард иргэдийг амьдралынх нь орчноос шахан зайлуулж, гишгэх газаргүй, уух усгүй, ажил орлогогүй, амьдрах аргагүй болгож байна.
Америкад “бэлтгэгдсэн ардчилагчид” Арабын орнуудад төрийн эрх мэдлийг нь авахын тулд иргэний дайн дэгдээж байгаа бол Монголд аль хэзээний Төр засгийн эрхийг авцгаачихаад монголын газар нутгийг гадныханд худалдаж, бэлэглэж байгаа билээ.
Өнөөдөр тэд Монголд ашиггүй Оюутолгойн гэрээг хийж, ураны цацрагийн гамшигаар Дорноговь аймгийн Улаанбадрах сумынхныг хордуулан золиослохыг “Коже говь” гэгч гадаадын компанид үг дуугүй зөвшөөрч байна.
Дашрамд дурьдахад 1990 оноос хойших сонгуулиудыг АНУ-ын Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгээс санхүүжүүлж байсныг илчилсэн Америкийн судлаачын ном монгол хэл дээр орчуулагдан гарсныг монголын олон нийтэд үнэнийг мэдүүлэхгүй гэхдээ бөөнөөр нь устгасан дуулдана. “Гадаад хандивлагчдын хайртай хонгор” гэх тэр ном аль ч номын дэлгүүрт байхгүй байгаа.

Энэчилэн гадныхны гар хөл болсон эрх баригчид дэлхий нийтийн түгээмэл хэрэглээ болсон мэдээллийн цахим хуудсууд руу ч гар далайн, хааж хамхихыг санаархаж, өөрсдийнх нь талаар үнэнийг илчилсэн мэдээ, мэдээлэл, зөв ухаарал, үзэл бодлын илэрхийлэл бүхнийг, …ноцтой мэдээлэл нийтлэлүүдийг “сайтуудаас” ор мөргүй устган арилгах, хариу мушгин гуйвуулсан, заналхийлсэн, хараан зүхсэн санал сэтгэгдлийг хөлсний этгээдүүдээр бичүүлэх зэрэг “мэдээллийн хүчирхийлэл”-ийг ч завсар зайгүй явуулсаар байгаа.
Харин энэ хооронд Монгол улс хэний өмчид шилжчихээд байгааг ч иргэд ойлгохгүй будилахад хүрээд байгаа билээ.

Тухайлбал Америкад бэлтгэгдсэн ардчилагчдын нэг, Монголыг худалдагч УИХ-ын гишүүн С.Баярцогтын гадаадад бүртгүүлсэн нууц компани нь Хятадын монгол гэж бүртгэгдсэн байсан төдийгүй Монгол Улсын төрийн өмчит МИАТ компанийн тийзэн дээр Хятадын Монгол гэж албан ёсоор зарлагдан бичигдсэн байсныг анзаарсан мэдээллүүд нь манай төрийн эрх барьж буй этгээдүүд үгсэн хуйвалдаад Монгол улсаа тэр чигт нь бусдад худалдчихсан юм биш үү гэх сэтгэгдлийг өөрийн эрхгүй төрүүлж байгаа. Ямар ч гэсэн гадаадын гүрнүүдэд тэгэж сурталчилж таниулж байгаа юм байна. Харамсалтай нь энэ бол бодит баримт билээ.
Харин ард иргэддээ хандсан нөгөө талын бодлогын дүр зураг нь шинээр баригдаж байгаа барилга дээрээс төмөр унагаж, согтуугаар машин жолоодон дайрч, шатааж, хүчирхийлж, монгол хүний амь насыг зуурдаар олноор нь хороож байна.

Хүүхэд залуусыг архи, хар тамхинд донтуулж, садар самуун, хөнгөн амьдралд уруу татаж байна.
…Эцэг өвгөдөө хүндлэн асардаг, гэр бүлийн цэвэр ариун ёс журмыг эрхэмлэж, үр хүүхдээ амьнаасаа ч илүү хайрлаж, төлөв түвшин, хүнлэг шударга хүмүүн болгон өсгөж хүмүүжүүлэх эцэг эхийн жам ёсны үүрэг хариуцлагыг энэ амьдралынхаа утга учир гэж ойлгож ирсэн хүний ухамсарт ёс зүй алдагдаж, халдварт тахал тарах мэт төрсөн нярай үрээ гудамжинд хаях, биесийнхээ амийг нь егүүтгэх, хүчирхийлэх, хүний наймаа, хар тамхины худалдаа эрхлэх, ямар ч гэмгүй нялх балчир үрээ хүйтэн мэсээр хэрчиж зовоон зугаагаа гаргах хүртэл адгууснаас дор, аймшигт муу ёрын авир араншинтай хүн дүрст араатан, мөнгөний төлөө яахаас ч буцахгүй этгээдүүд хогийн ургамал шиг их бий болцгоов…
Гэмт хэрэг гаарч, гэмт хэрэгтнүүд улам тэнэг хэрцгий болж байна. Монгол хүн араатнаас дор орж, адгууснаас хямд үнэлэгдэж байна…
Ийнхүү Монголд “зомби”-ийн эрх чөлөө дэвэрч байна.

…Бүлэглэн хулгайлдаг, эх орноо худалддаг, хөрөнгө мөнгөний төлөө яахаас ч буцахгүй этгээдүүдийн замаар залуу үеийг хөтлөх…
Мөнгөтэй бол юу ч хийсэн ингээд магтагдаад сууж байдаг юм байна гэсэн гэнэн итгэл үнэмшлийг төрүүлэх, бүр бодит байдал болгон дархлах…суртал нэвтрүүлгийг Америкийн ТТГ-ын санхүүгийн дэмжлэг заавраар дэлхийн өнцөг булан бүрт хэрэгжүүлж ирсэн, хэрэгжүүлсээр байгаа “сэтгэл зүйн дайны” туршлага дэлхийн олон нийтэд харуулсаар, тиймээс ч газар бүр ойлгож, мэдэрч, жигшин эсэргүүцсээр байгаа билээ.
Социологийн судалгаа авахад манай дунд сургуулийн ахлах ангийн сурагчдын 80 хувь нь “шударга байснаас мөнгөтэй байсан дээр” гэсэн хариултыг өгсөн тухай яригдаж байсан нь ч Монголын ирээдүй үеийнхний сэтгэхүй хэрхэн эвдэрч буйн тодорхой үзүүлэлт юм.
…Ядарч цөхөрсөн ард иргэд ажил хаяж, мэдэгдэл хийж, Төр Засгийн эрх баригчиддаа захидал бичиж, цалингаа нэмүүлэхийг, ажлын нөхцлөө сайжруулахыг, цөмийн түүхий эдийн хор аюулаас газар нутаг, мал сүрэг, амь амьдралыг нь хамгаалахыг гуйж царайчлан аргаа ядацгааж байна.

Гэтэл эрх мэдэлд улайрсан эрх баригчид, улс төрийн намууд ард иргэдийн энэ цөхрөл горьдлого бүхнийг үл хайхран Ерөнхийлөгчийн сонгуульд л анхаарлаа хандуулан талцацгаав.
Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэх нэрээр Монгол Улсыг цөмийн түүхий эд бэлтгэгч, булшлагч орон болгох “зорилгыг” үзэл баримтлалд тусгах ажлыг санаачлан гүйцэтгүүлчихээд НҮБ-ийн индэр дээрээс “цөмийн хог хаягдлыг булшлуулахгүй” хэмээн санаа зорилгынхоо эсрэг үгийг хээв нэг хэлж байсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Дорноговийн Улаанбадрах сумын ард иргэдэд нүүрлээд байгаа ураны цацрагийн аюулын талаар жишим ч үгүй сууж байна…

…бид яагаад мэдсээр байж улс үндэстний эсрэг бодлого үйл ажиллагаа явуулж байгаа намуудын тулгалтаар санаанд нийцэхгүй байсан ч “хоёр хулгайчаас энэ нь арай дээр юм даа” гэсэн ядарсан сэтгэхүйгээр хандаж, алийн болгон бусдад хөтлөгдөх бурантагтай тэмээ болж явах юм бэ?!
Алийг нь ч бид хүлээж авахгүй, ард түмний төлөө үнэхээр ажиллах хүнийг нэр дэвшүүлэх хүртэл бид сонгуулийг хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлэх эрх нь ард түмэн бидэнд бий.
Үнэндээ бол Ард түмний сонголтоор биш намын жагсаалтаар дийлэнх нь томилогдож, Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байгуулагдсан өнөөгийн УИХ-ыг хууль зүйн хувьд хүчин төгөлдөр байгууллага гэж үзэх аргагүй бөгөөд нэгэнт хуулийн хүчин төгөлдөр бус УИХ-д суудалтай намуудыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй субъект гэж хүлээн зөвшөөрөх үндэслэл ч байхгүй билээ.
…Ард түмэн өөрсдөө хувь заяагаа шийдэх зориг хүслийнхээ дор нэгдэцгээе!

О.Лхагвадорж

sonin.mn


URL:

Сэтгэгдэл бичих