Өвөл нь халаалт, зун нь халуун усгүй нийслэлчүүд
“Халуун ус ирлээ” гэж магнай хагартал баярлаад шүршүүртээ үсэрч ортол хүйтэн ус магнай хага ташив” гэж нэгэн хүн твиттер хуудастаа бичжээ. Сүүлийн саруудад фэйсбүүк, твиттер зэрэг олон нийтийн цахим хуудас халуун усны хүсэл болсон хүмүүсийн сэтгэгдлээр дүүрэх болов. Нээрээ л жилийн жилд, яг өдийд орон сууцнуудын халуун ус тасардаг. Тухайлбал, Баянзүрх дүүргийн XIII хорооллын халуун ус тасраад сар болж байна. Үүнтэй адил асуудалтай орон сууц олон бий.
Оршин суугчид холбогдох газруудаас тодруулахад “Шугам сүлжээний засвар хийж байна. Удахгүй халуун устай болно” гэдэг байна. Мэдэхгүй гэдэг үг мянган асуултын хариулт гэдэг шиг “Манай байрны халуун ус тасарчихлаа. Хэзээ ирэх вэ” гэсэн оршин суугчдын асуултад “Мэдэхгүй” гэж хариулаад доод тал нь сар болдог. Дулаан зогссон энэ үед даарсан хүмүүс халуун шүршүүрт орохыг хүссэн ч боломжгүй зүйл болоод байна. Арга цөхрөөд зарим охид “Халуун устай айлын залуутай танилцана” хэмээн фэйсбүүк хуудаст бичиж суухав дээ. Зарим нь бүр “Улаанбаатар хотод усан тээврийн бизнес хийвэл баяжих юм байна” гэж бичсэн байх юм.
Өвөл нь дулаан, зун нь халуун ус тасардаг. Хэзээ тасрах бол гэсэн түгшүүр, удахгүй ирэх байх гэсэн хүлээлт дунд иргэд амьдарсаар байна. Халуун ус тасрах нэг шалтгааныг дулааны шугам сүлжээ, зам засварын ажилтай холбон тайлбарладаг. Хачирхалтай нь “томчууд”-ын орон сууцны халуун ус барагтай л бол тасрахгүй. Тасарсан ч хэдхэн цагийн дараа ирдэг гэнэ шүү.
Учир нь тэд ганцхан удаа хэн нэгэн рүү утас цохиод л асуудлыг шийддэг байна. Гэтэл ард иргэд нь СӨХ, Ус сувгийн удирдах газар гээд хандаж болох бүх л газарт хэлдэг боловч асуудлыг шийдэж чаддаггүй. Тэд өнөөх л “Мэдэхгүй” гэсэн хариулт авч, халуун ус ирэхийг хүлээдэг гэнэ. Хэдий болтол аль нэгэн албан газрын ажлаас болж иргэд хохирсоор байх юм бол доо.
URL: