Компаниуд эдийн засаг сэргэхийг хүлээлгүй дампуураад дуусах вий
Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүтэй Засгийн газрын гишүүд эдийн засгийг эрчимжүүлж, 100 хоногийн дотор сэргээх тухай ярьж байх хооронд аж ахуйн нэгж, байгууллагуудын олонхи нь дампуурч, олон зуун хүн ажилгүй болох магадлалтай болоод байна. Өнгөрсөн лхагва гаригт гэхэд л “Оюутолгой” компани 250-300 ажилтнаа халсан нь манай улсын гэлтгүй дэлхийн бусад улс оронд эдийн засгийн байдал ямар байгааг харуулсан үйл явдал боллоо. Учир нь Оюутолгойн хөрөнгө оруулагч болох “Рио Тинто” олон оронд үйл ажиллагаа эрхэлдэг дэлхийн нэр хүндтэй томоохон компаниудын нэг. Гэтэл тус компани санхүүгийн хомсдолд орж салбаруудынхаа бүтцийг өөрчилж, зардлаа хэмнэхээр болсон байна.
Ийнхүү “Оюутолгой” компаниас 300- гаад хүн халагдахын зэрэгцээ “Рио Тинто”-гийн бусад улс оронд үйл ажиллагаа явуулдаг салбаруудаас хэчнээн хүн халагдсаныг таашгүй юм. Харин өнгөрсөн долоо хо ногт манай улсын үндэсний то моохон компаниудын нэг болох нислэгийн “Изнис Эйрвиз” компани үйл ажиллагаагаа зогсоосон. Үүний ул- маас тус компанийн 220 гаруй мэр- гэжлийн ажилтан ажилгүйчүүдийн эгнээнд шилжлээ. Хэдийгээр эдгээр компани халагдсан, гэнэт ажилгүй болсон хүмүүстээ нөхөн олговор олгож байгаа ч тэр нь амьдралын баталгаа биш. Ажилд орох гэсэн ч санхүүгийн хүндрэл манай улсын том, жижиг бүх байгууллагад адилхан нөлөөлж буй учраас тэднийг авах өөр байгууллага хомс.
Ер нь “Изнис Эйрвиз” компани дампуурлаа зарласан нь эдийн засаг хүндэрсний эхний дохио биш гэхэд болно. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн дөрөвдүгээр сард “Эрдэнэс Тавантолгой” компани ажилчдынхаа олон сарын цалинг өгч чадаагүй талаар мэдээлж байсан. Тиймээс ажилчид нь тус компанийн төв байрны гадна “Цалингаа авъя, зургаан сар цалин аваагүй болохоор өрийн сүлжээ үүсчихлээ” хэмээн жагсч байсныг санаж байгаа байх. Түүнчлэн хэдхэн сарын өмнө “Мобиком” бас 400 орчим ажилтнаа халсан тухай мэдээлэл бий. Хүн бүр гар утас хэрэглэж, тэр дундаа олонхи нь энэ компанийн хэрэглэгч байдаг ч нэг минутын ярианы тариф нь бусдаасаа өндөр. Нөгөө талаар уран бүтээлчдийн дуу, шүлгийг хэрэглэгчийнхээ дуудлагад мөнгөөр суулгаж өгдөг тул ашиг их олдог гэдэг юм билээ. Гэтэл тус компани “Санхүүгийн хүндрэл бий боллоо” хэмээн ажилчдаа цөөлж, гэнэт халагдсаны нөхөн төлбөрт 9911- тэй дараа төлбөрт дугаараа үнэгүй өгч амыг нь “тагласан” гэх.
Үүний зэрэгцээ уул уурхайн олборлолт явуулдаг томоохон компаниуд сул зогсолт нэрээр ажилчдаа цалингүй амраах болсон зэрэг нь аль эрт эдийн засагт гамшиг нүүрлэснийг илтгэж байжээ. Одоогийн байдлаар үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд ч ажилчдынхаа цалинг өгөлгүй хэдэн сараар өнжих, нэмэгдэл, урамшууллыг нь танах, “Сонирхлоороо ажлаас гарч болно шүү” хэмээн сануулж эхлээд байгаа аж. Энэ мэтчилэн Монгол Улсын эдийн засгийн салбарт сайн гэхээсээ илүү саар мэдээ тасрахгүй нь. Монголбанкныхны хэдийнэ тавьж туучихаад байгаа валютын ханшийн өсөлт аж ахуйн нэгж, байгууллагуудыг уналтад оруулаад, эрх баригчид дэмжих нэрээр харин ч эргэж босохооргүй болтол нь “дэвссээр” байна. Энэ хэрээр арилжааны банкны чанаргүй зээлдэгчдийн тоо ч эгнээгээ тэлсээр байгаа юм. Өнгөрсөн оны байдлаар гэхэд л банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 566 тэрбум төгрөг болж, өмнөх оныхоосоо 92 хувиар өссөн байх аж.
Улс орны эдийн засгийн амьдралын эрчим буурч, инфляцийн уналт эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрсөн. Бодит амьдралын энэ үнэнийг харин “шинэчлэлийн” гэх Засгийн газар удаан хугацааны турш хүлээн зөвшөөрч зүрхлээгүй. Оройтсон борооны хойноос цув нөмрөв гэгчээр 100 хоногийн хөтөлбөр гаргаад байна. Энэ хөтөлбөр бодит ажил болтол олон жилийн нүүр үзэх нь гарцаагүй. Гэвч энэ Засгийн газрын тэргүүн “Одоохон засчихна” хэмээн ард түмнийг тайвшруулах аж.
Ингэсээр байтал бараг 30 хоног нь үр бүтээлгүй өнгөрлөө. Энэ хугацаанд бодит байдалд иргэдийин амьдрал улам л дордсоноос биш сэргэсэн зүйл нэгээхэн ч алга. Ер нь эдийн засгийн хүндрэлд тэд санаа зовж байгаа гэхэд болохоор байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын нэгдсэн чуулганаар өчигдөр төсвийн тодотголыг хэлэлцэж буйг харахад Засгийн газар болон төсвийн байнгын хорооныхонд ард түмнээ гэсэн өчүүхэн ч сэтгэл харагдсангүй. Энэхүү төсвийн тодотголд 1500 хүний шоронг 15 тэрбум төгрөгөөр бариулахаар оруулж ирж байгаа аж. Ард түмэнд өнөөдөр дулаан оромж, халуун хоол биш, харин хорих газар нэн чухал гэж эндүүрсэн бололтой.
Энэ бол ард түмнээ дорд үзсэн, хазайсан дээр нь түлхэх гэсэн далд бодлого мэт санагдсаныг нуух юун. Өмнөх Засгийн газрын үед УИХ-ын гишүүн Ц.Нямдорж 500 сая төгрөгөөр хорих газрыг өргөтгөх тухай төсөвт тусган оруулж ирэхэд АН-ыхан “Монгол Улсыг шоронжуулах гэлээ” хэмээн дайрч байсан нь бий. Гэтэл өөрсдөө 15 тэрбум төгрөгөөр 1500 хүний хорих газар барихаар улаарч, яаралтай батлуулах гэж зүтгэж буйн учир юу вэ.
URL: