Шүүх засаглалын шинэтгэл ямар байна вэ?
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг Багануурт байрлах дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны гуравдугаар шүүхийн үйл ажиллагаатай танилцуулсан юм.Шүүхийн шинэтгэлийн тухай багц хуулийг мөрдөж эхэлснээс хойш шинэтгэлийн гараа ийнхүү бодит байдалд ямархуу байгаа, ялангуяа Багануур дүүргийн шүүхэд ямар нөхцөл байдалтай байгааг үзлээ.
Дүүргийн анхан шатны гуравдугаар шүүхийн хувьд, ойролцоох аймгийн сумдуудыг нэгтгэсэн байна. Тодруулбал, Багануур дүүргийн шүүхэд Төв аймгийн Баяндэлгэр, Мөнгөн морьт сум, Хэнтийн аймгийн Цэнхэр-Мандал сумдыг хамруулах бөгөөд энд иргэний, эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, дүүргийн анхан шатны шүүхийн тамгын газар ажиллаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар дүүргийн Эрүүгийн болон Иргэний хэргийн анхан шатны гуравдугаар шүүх нь нийт 30 орон тоотойгоор, тус бүр гурван шүүгч ажиллаж байна. Харин тамгын газарт захиргааны албан хаагч 10, төрийн үйлчилгээний 14, нийт 24 ажилтан ажиллаж байгаа ажээ.
Эрүүгийн гэмт хэргийн гаралт 20 хувиар өсчээ
Хотоос алслагдсан Багануур дүүргийн хувьд 62020 га газар нутгийг хамардаг, 27936 хүн амтай. Үүнд дээр хэлсэнчлэн Төв, Хэнтий аймгийн сумдын иргэд нэмэгдэн шүүх ажиллагаанд оролцдог. Дүүргийн эрүүгийн болон иргэний хэргийн гаралт ямархуу байгааг сонирхсон юм. Дүүргийн анхан шатны эрүүгийн хэргийн гуравдугаар шүүх дээр өнгөрсөн сарын байдлаар гэхэд нийт 69 хэрэг хүлээн авснаас 58 хэргийг шийдвэрлэсэн талаар тус шүүхийн шүүгч Д.Оюунбат хэлсэн юм. Эрүүгийн хэргээр сүүлийн үед малын хулгай, авто ослын хэрэг гаралт ихсэх болжээ. Төв аймгийн Мөнгөн морьт суманд гэхэд хууль бус мод бэлтгэл, тарвага, загас агнах нь ихэссэн байна. Малын хулгайн хувьд сүүлийн үед орчин үеийн техник, машин ашиглах хандлагатай болсон талаар албаныхан хэлж байлаа. Энэ бүх хэргийн өсөлтийг ажиглавал жилийн өмнөхөөс 20 орчим хувиар нэмэгджээ.
Иргэний хэргийн шүүхэд өнгөрсөн сарын байдлаар нийт 326 нэхэмжлэлийг хүлээн авч, 200 хэрэг, маргааныг шийвэрлэсэн байна. Хэрэг, маргааны төрлөөр авч үзвэл, худалдах, худалдан авах гэрээгээр 12, зээлийн маргаан 26, онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн 64, гэрлэлт цуцлалт 33, хариуцагчийг эрэн сурвалжлах 9, бусад гэрээний үүрэгтэй холбоотой маргаан 31-ийг шийдвэрлэжээ. Иргэний хэргээр гэрлэлт цуцлуулах, улсад ажилласан жилээ тогтоолгохоор их хандах болжээ.
Өрөөний хомсдолд орсон дүүргийн шүүх
Энэ дүүргийн хувьд дээр хэлсэнчлэн хотоос алслагдмал учраас ажилтнуудын орон сууц, байргүйгээс шүүхийн ажилтнууд ажилдаа ирж, очиход бэрхшээлтэй гэдгийг албаныхан учирлаж байлаа. Тийм ч учраас ийшээ томилогдон ирсэн залуус хотын төвд ажиллах сонирхолтойгоо мэдэгдэж, эндээ удаан ажиллаж чадалгүй хотыг зорьдог байна. Хэрэг, төвөгт их ойрхон байдаг хүмүүсийн хувьд холын замд явахад бүр ч хэцүү байх нь ойлгомжтой.
Гэтэл үүнээс ч илүүгээр Багануур дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны гуравдугаар шүүхэд байр, өрөөний асуудал хүнд байгааг харлаа. Энэ жилийн хувьд шүүхийн барилга, тохижуулалтад ямар ч хөрөнгө төсөвлөөгүйгээс өнөө жилийг лав дуустал чихэлдсэн өрөөндөө зохицуулаад ажиллахаас өөр аргагүй болсон талаар албаныхан нь хэлж байсан. Энэ шүүхийн байр нутгийн удирдлагынхаа ордонд байрладаг.
Эрүү, иргэний шүүхийн танхим хоёр талд тусдаа, Иргэний шүүх нь Татварын хэлтсийн байрыг түрээслэж, жижиг өрөөнүүдэд чихэлдэн байна. Одоогоор дээр хэлсэнчлэн тус бүр гурван шүүгчтэй. Иргэний шүүхэд нэг шинэ шүүгч ирэхээр сонгон шалгаруулалт явуулж байгаа гэсэн. Нэг шүүгч шинээр ажиллахаар ирвэл энд багтах өрөө алга. Шүүх ажиллагааны чухал ажил хийдэг хүмүүсийн хувьд өдөр тутмын ажлынхаа стрессээс гадна байр, савныхаа асуудалд санаа зовж, хаанаа багтаж шингэж суух вэ гэдэгт толгой өвдөх нь бүр ч хэцүү юм байна. Тиймээс ядаж байрны асуудлыг нь шийдээд өгчихвөл амар тайван ажлаа явуулахад дөхөм санагдлаа.
Шүүгч нарын ажлын ачааллын хувьд бас л хэцүү юм. Нэг танхим гурван шүүгчтэй гэхэд өдөрт 1.5 хэрэг шийдвэрлэдэг талаар сонслоо. Нэг хэрэг шийдвэрлэхэд олон хуудас хэргийн материалыг өдөр шөнөгүй уншиж байж хэргийн хавтаст хэрэгтэй бүрэн танилцаж, шүүх ажиллагааг явуулдаг байхад өдөр бүр 1.5 хэрэг шийдвэрлэнэ гэдэг хүнд ажил байх нь. Зөвхөн Багануурт байрлах Эрүү, Иргэний гуравдугаар шүүхийн хувьд ч биш, бидний очиж хараагүй өчнөөн газар үүнээс ч хэцүү байдалтай байгаа биз. Улсын хэмжээнд одоогоор 415 шүүгч ажиллаж байна. Шүүхийн шинэтгэлийн багц хуулиар өнгөрөгч оны арваннэгдүгээр сард шүүгчдийн тоог нэмж, 625 болгохыг баталсан ч одоо хүртэл хэрэгжихгүй байгааг албаныхан хэлж байлаа.
Үнэхээр шүүгч сонгон шалгаруулалтдаа тэнцээд ажилдаа орох гээд ирсэн ч энд байсан шиг байр, савны асуудалтай бол яах билээ. Ийм асуудал цаашдаа үргэлжилвэл бүр даамжрах эрсдэлтэй юм байна. Хэрэв тухайн танхимын шүүгчийг шүүх хуралд оролцогсод ашиг сонирхлыг зөрчилтэй гээд шүүх бүрэлдэхүүнээс татгалзвал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэсэгтээ л гацаанд орох нь. Энэ мэт асар том шүүхийн шинэтгэлийн хүрээнд бодит байдалтай нийцүүлэх шаардлага эхнээсээ ундран гарч байна.
“Дагнасан шүүх байгуулах чиглэл рүү явж байна”
Ийнхүү шүүхийн шинэтгэлийн хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Бямбаагаас зарим асуудлыг тодрууллаа.
-Шүүхийн шинэтгэлийн багц хуулиар ямар өөрчлөлт гарсаныг та хэрхэн харж байгаа вэ?
-Монгол Улсад шүүх засаглалын шинэтгэл бол байнга явагдаж ирсэн. Гэхдээ энэ удаагийн шинэтгэл эрх зүйн том өөрчлөлтийг хийж чадсан гэж боддог. Хуучин 1992 оны Үндсэн хуулинд шүүхийн тухай ганцхан хууль, түүнийг хэрэгжүүлэхээр 20-иод жил боллоо. Тэр үед ганц хуулийн хүрээнд хамаардаг байсан бол одоо зургаан хуулийн хүрээнд шүүх байгууллага ажиллаж байна. Энэ нь цаашдаа нэмэгдэнэ. Жишээ нь, шүүх засаглалын хэрэглэж буй процессын хуулиуд шинэчлэгдэнэ. Зарим нь УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна.
Тиймээс шүүхийн эрх зүйн шинэтгэлийн хүрээ нэмэгдэж байна. Хоёрдугаарт, бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Гуравдугаарт, бусад хуулийн салбаруудын үйл ажиллагаа хамт шинэчлэгдэх ёстой. Дөрөвдүгээрт, шүүхийн шинэтгэлийн өөр нэг асуудал нь Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн захиргааны байгууллага үйл ажиллагаа тусдаа ч нэг удирдлагатай байсан бол эрх зүйн шинэтгэлээр шүүн таслах байгууллага, захиргааны байгууллага тусдаа болж байгаа нь том өөрчлөлт юм. Тавдугаарт, шүүх байгууллагын хүний нөөцийн асуудал, шүүгчийг сонгон шалгаруулахад өөрчлөлт оруулсан. Шүүгчийн сонгон шалгаруулалт олон нийтэд ил тод байх, шалгалтыг ямарваа хүний дүгнэлтгүйгээр программ ашиглан шалгаруулахаар болж байна.
Хуучин тестээр шалгалт авч, ярилцлага хийдэг байсан бол одоо ёс зүйн төлөвшил, найруулан бичих, бие даасан хараат бусаар шийдвэр гаргах чадвар гээд нийт зургаан бичгийн шалгалт, хоёр ярилцлагаар оруулдаг болж байна. Энэ нь олон шат дамжлагаар явж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн хурлаар оруулж, олонхийн санал авсан тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх юм. Одоогийн байдлаар 78 шүүгчийн орон тооны зарлагдсан. Үүнээс харахад нилээд шилэгдмэл хуульчид орох магадлалтай. Мөн шалгалт авсаны дараа хоёр жилийн хугацаанд нөөцөд бүртгэж байгаа юм. Ингэснээр тухайн үед шинэ орон тоо гарахад нөөцөөсөө боловсон хүчнээ бүрдүүлэх зэрэг шинэтгэл хийж байна.
-Хамгийн гол нь шүүх байгууллагын ил тод байдалд ямар зоримог алхам хийж чадах бол?
-Хуучин шүүх байгууллагын үйл ажиллагаа нээлттэй явагдана гэсэн асуудлыг ерөнхийд нь тусгасан байсан бол одоо том өөрчлөлт орно. Одоо шүүгчийн гаргасан 100 гаруй мянган шийдвэрийг цахим сайтад байршууллаа. Үүнийг судлаачид, оюутан залуус судалгааныха хүрээнд ашиглах, мэдээллийн ил тод байдлыг хангаж байгаа юм. Энэ нь иргэдийн эрх зүйн мэдлэгт ч гэсэн дэмжлэг үзүүлнэ гэж бодож байгаа. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол Улсын хэмжээнд 22 шүүхэд дата төв байгуулж, онлайнаар холбогдож байна.
Үүгээр сургалт, хурал хийж, шаардлагатай нөхцөлд шүүн таслах явцад онлайнаар оролцох боломж бий болсон. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэд судалгааны төв байгуулагдсан. Энэ мэтчилэн шүүх байгууллагад шинэчлэл хийгээд л байдаг. Гэвч иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх нь маш чухал асуудал. Бодит амьдрал дээр харж байхад шүүх, цагдаа, прокуророо ч ялгадаггүй хүмүүс байна. Тиймээс иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд төрийн бодлого хэрэгтэй.
-Төрөөр ямар байдлаар иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх хэрэгтэй вэ?
-Шүүхийн шийдвэр бол эцэстээ нэгийг нь өмөөрч, нэгийг нь гомдоох л болдог. Тиймээс гомдсон иргэд шүүхийн талаар сөрөг үзэлтэй болж, энэ нь нийгэмд тарж, шүүх байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх нь бий. Энэ үнэ цэнэ, нэр хүндийг өргөхийн тулд нэг гол гарц бол иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх асуудал юм. Төрийн бодлогын хэмжээнд хүүхэд, багачуудын сургуулийн өмнөх насны боловсролоос эхлээд ерөнхий боловсролын сургуулийн сургалтын программ, сурах бичигт нь оруулж, тусгаж өгөх хэрэгтэй байна. Дээр нь олон нийттэй харилцдаг сэтгүүлчдийн хүрээнд мэргэшсэн баг бүрдүүлэх хэрэгтэй.
-Багануур дүүргийн хувьд хэд хэдэн сумыг нийлүүлэн шүүхийн шинэчлэлийг хэрэгжүүлж байна. Шүүхийн шинэчлэлээр нэлээд хөдөлгөөнд орж байгаа өөр ямар аймаг, сумдыг онцлох вэ?
-Монгол Улсын хэмжээнд Давж заалдах шатны 21 шүүх байсан. Түүнийг өнөөдөр Эрүү, иргэний болгоод хуваачихаж байгаа юм. Дээр нь Улсын дээд шүүгч 17 байсныг 25 болгоод, нэг ерөнхий шүүгчтэй, танхим бүрийг найман шүүгчтэй болгосон. Ингэснээр хуучин улсын дээд шүүгч захиргаа, эрүү, иргэний бүх шүүх ажиллагаанд тойрог байдлаар оролцдог байсан бол одоо танхим дотроо л хуралд оролцоно. Өөр танхимын шүүх ажиллагаанд оролцохыг хориглосон. Энэ бол том шинэчлэл бөгөөд шүүгч сайн мэргэшинэ. Анхан шатны болон давж заалдах шатны шүүх эрүү, иргэний гээд салж байна. Мөн дүүргийн шүүхүүд найм болоод эрүү, иргэнээр хуваагдсан. Одоо сум, сум дундын шүүх л хуваагдаагүй байна.
Энэ нь газар нутгийн байршил, ажлын ачаалал, хэргийн гаралтаас шалтгаалж байгаа. Ингэхээр шүүн таслах ажиллагаа нарийн мэргэжлийн чиг хандлага руу орж байгаа. Жишээ нь, зүрхний эмчийг мэдрэлийн өвчин үз гэдэггүйтэй адил шүү дээ. Хуучин шүүгч нар бүх л хэргийг шийдвэрлэдэг байсан бол үүгээр төрөлжиж байна. Одоо Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдаад 10 жил боллоо. Үүнтэй адил цаашдаа гэр бүл, татварын асуудлаар дагнасан шүүх байгуулагдах боломжийг хангаж байна.
Бүр анх 1991 онд дагнасан шүүх байгуулж болно гээд заачихсан. Гэтэл одооноос л дагнасан шүүхийг байгуулах хандлага руу явж байна.Ер нь шүүхийн шинэтгэлээр шүүхийг ингэж нэгтгэснээр иргэдийн цаг хугацааг хэмнэж байгаа юм. Нөгөө талдаа шүүмжлэх иргэд ч бий. Жишээ нь, Баян-Өлгий, Увс аймагт аймагт давж заалдах шатны шүүх холдлоо гэж байна. Гэхдээ хүн бүрийн ашиг сонирхол, хол, ойрын зайг харгалзаж үзэх боломжгүй шүү дээ. Өнөөдөр иргэд шүүх байгууллагаас шударга ёсыг шаардах эрхтэй. Шударга шүүх байхын тулд бурууд нь хариуцлага хүлээлгэдэг, зөвийг нь өмгөөлдөг байхыг хэлнэ. Харин шударга байна гээд бүх хүний хүсэл, сонирхолд нийцсэн байх ёстой гэсэн үг биш шүү дээ.
Эх сурвалж: news.mn
URL: