“Ноёд” группынхан Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяны төрийн хуулийг уландаа гишгэлсэн булхайг илчилжээ

Ноёд” групп болон тус группийн ерөнхийлөгч Г.Буяндоржийн нэр хүндэд ноцтой халдсан захиалгат нийтлэлүүд, мөн эрх бүхий албан тушаалтны ярилцлага сонин хэвлэл, зарим вэбсайтад гарчээ. Тиймээс шударга үнэнийг эрхэмлэгч түмэн олондоо “Ноёд” группээс энэхүү мэдэгдлийг сонордуулж байна. “Ноёд” группийн хамт олон Монголын бизнесийн салбарыг хөгжүүлэхэд сүүлийн 20 шахам жилд тууштай хүчин зүтгэж, улс орон зах зээлд шилжсэн хүнд үеүдийг даван туулахад ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Энэ хугацаанд олон хүнийг ажлын байраар хангаж, аймаг орон нутгийг хөгжүүлэх, урлаг соёл болон спортын салбарын хөгжилд дорвитой хөрөнгө оруулалтуудыг ч хийсэн билээ.

Тиймээс ч монгол зон олон маань “Ноёд” групп болон “Ноёд”-ын Г.Буяндорж гэх энэ нэрийг сайн мэдэх болсон. Харамсалтай нь сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хэт нэг талыг барьсан, тэр ч атугай “Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндоржийг гүтгэж, доромжилж, нэр хүндийг нь гутааж болох бүхий л шинжийг агуулсан утга агуулга бүхий захиалгат цуврал нийтлэлүүд, телевизийн төлбөрт нэвтрүүлгүүд, мөн эрх бүхий албан тушаалтны зүгээс зөвхөн Г.Буяндорж гэдэг хүнийг муу муухай, гэм буруутай мэт харагдуулах гэсэн ярилцлага өгч байна. Харин “Ноёд” групп болон тус группийн ерөнхийлөгч Г.Буяндоржийн зүгээс энэ бүхнийг хүлцэн тэвчиж, тухайн захиалгат нийтлэл, нэвтрүүлгүүдийг нийтэлж, нэвтрүүлсэн сонин, сайт, телевиз болон сэтгүүлчдийг шүүх, цагдаад нэг ч удаа өгч байгаагүй. Өмнө нь ч Г.Буяндорж болон түүний гэр бүл, ойр дотныхонтой холбоотой элдэв мэдээлэл хэвлэлүүдэд гарахад тэр болгон хариулт өгч, шүүх, цагдаагаар сэтгүүлчдийг айлгаж байсан тохиолдол бас байхгүй юм. Гэвч энэ байдал хэрээс хэтэрч, хувь хүн төдийгүй айл гэр, бизнесийн салбарт олон жил хамтран зүтгэж яваа хамт олны нэр хүнд, сэтгэл санаанд ноцтой хохирол учруулж байна. Тухайлбал, өдөр тутмын сонин болох “Өглөөний сонин”-д 2014 оны тавдугаар сард “Алдарт Г.Буяндоржид амьдралаа сүйтгүүлсэн хүмүүс 1, 2” хэмээх цуврал захиалгат нийтлэлүүд гарсан. Энэхүү цуврал захиалгат нийтлэлүүдэд “Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндоржийг бусдын амьдралыг сүйрүүлсэн, эд хөрөнгийг нь луйвардсан, тэр ч атугай энэ явдлаас болж бүхэл бүтэн айл гэрийн амьдрал сүйрч, тэр гэр бүлийн гишүүдийн нэг нь сэтгэл санаагаар унаж нас барсан, бас нэг гишүүн нь тархиндаа тал цус харвасан гэх мэтээр хүний ой ухаанд багтамгүйгээр гүтгэн доромжилжээ.

Уншигч та бүхэнд хандаж хэлэхэд, тухайн үед “Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж болон “Цэнг трейд” компанийн захирал Ц.Эрдэнэбат нарын дунд үүсч байсан өмчийн маргааныг нийслэлийн прокурор П.Батхуяг 2006 онд хянаж “Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” хэмээн энэ хэргийг хаах шийдвэр гаргаж, “Цэнг трейд” компанийн захирал Ц.Эрдэнэбат төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Г.Буяндоржийн нэр хүндэд ноцтой халдсаныхаа төлөө гурван удаа уучлал гуйсан баримтууд одоо ч хуучраагүй байна. Шаардлагатай тохиолдолд бид холбогдох баримтуудыг олон нийтийн сонорт хүргэх болно. Харин Г.Буяндоржийн нэр хүндэд бусдын захиалгаар халдаж, мөнгөний төлөө хэнийг ч хэвлэлээр “булшлах”-аас буцахгүй, мэргэжлийн сэтгүүл зүйн нэр хүндийг унагаж байгаа, сэтгүүлчдийн нэрийг барьж ёс зүйгүй аашилж байгаа нэр бүхий сэтгүүлч, мөн захиалгат цуврал нийтлэлүүдийг хэвлэн нийтэлсэн “Өглөөний сонин”-ы талаар хууль хяналтын байгууллагад хандах болсноо албан ёсоор мэдэгдэж байна. Мөн      “Алдарт Г.Буяндоржид амьдралаа сүйтгүүлсэн хүмүүс 1, 2” хэмээх цуврал захиалгат нийтлэлүүдийг вэбсайтдаа байршуулсан хэвлэл мэдээллийн байгууллагынхан ч хууль хяналтын байгууллагаар нэгэнт шийдэгдчихсэн, иргэн Ц.Эрдэнэбатын зүгээс Г.Буяндоржийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэн доромжилж нэр бүхий сонин хэвлэлээр дамжуулан уучлал гуйсан, өөрөөр хэлбэл Г.Буяндорж гэдэг хүн гэм буруугүй болох нь аль 2006 онд тогтоогдчихсон энэ асуудлыг анхааралдаа авч, гүтгэлгийн шинжтэй дээрх цуврал нийтлэлийг вэбсайтдаа байршуулахаа болино гэдэг найдаж байна. Сүүлийн үед “Ноёд” группийн охин компани болох “Ноёд констракшн” ХХК-тай холбоотойгоор талуудын дунд үүссэн өмчийн маргааны талаар олон нийтийн сэтгэхүйд, тэр ч атугай энэ хэрэг дээр ажиллаж байгаа хууль хяналтынхны үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн элдэв дайралтуудыг нэр бүхий хүмүүс улам эрчимтэй хийж байна. Тухайлбал, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр нэр бүхий вэбсайтад “Ноёд” гэдэг нэртэй юм болгон Г.Буяндоржийнх болох хууль байхгүй” гэсэн гарчигтай ярилцлага өгчээ. Зөвхөн Г.Буяндорж гэдэг хүнийг буруутгаж муулах зорилго бүхий, тэр тухай хоёр асуултаас бүрдсэн энэ ярилцлагаас харахад тодорхой хүмүүсийн захиалгатай болох нь ойлгомжтой байгаа бөгөөд Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян хэт нэг талыг барьж хариулт өгсөн нь тодорхой харагдаж байна.

Тэр ч атугай “Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян “Ноёд констракшн” ХХК-ийг би 540 сая төгрөгөөр худалдаж авсан. Миний хувьд, бүтээн байгуулалт хийж яваа жирийн нэгэн бизнесмэн” хэмээн жүжиглэж яваа С.Билэгт гэгч эмэгтэйтэй ямар холбоотой юм бэ, юуны учир түүнийг өмгөөлж хаацайлаад байна вэ, мөн өнгөрсөн онд С.Билэгт “Ноёд констракшн” ХХК-ийг өөрийнх нь биш, иргэн Г.Буяндоржийнх гэдэг шүүхийн шийдвэр гарсны дараа тухайн тогтоол болон аж ахуйн нэгжийн гэрчилгээг шийдвэр гүйцэтгэгчийн өрөөнөөс “нууц”-аар авч Э.Эрдэнэжамъянд аваачиж өгсөн нь ямар учиртай вэ гэх олон асуултыг эрхэм дэд сайд Э.Эрдэнэжамъянгаас асуухад хүргэж байна. Мөн Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян дээрх ярилцлагадаа “…Тэр эмэгтэй “Ноёд” группээс гурван жилийн өмнө тэр компанийг худалдаж авсан юм билээ. Харин өнгөрсөн жилээс Г.Буяндорж шүүхийнхэнтэй хуйвалдаж зарсан компаниа бидэнд мэдэгдэхгүйгээр буцаагаад дээрэмдчихлээ. Өнгөрсөн жилийн 12 дугаар сард шүүхдээд “Г.Буяндоржийн буруу” гэж гарсныг тэд дахиж шүүхдээд Г.Буяндоржийн талд гаргуулчихсан. Үндсэндээ хууль цагдаагийнхан нийлээд тэр С.Билэгт гэдэг эмэгтэйн хөрөнгийг булаах гээд байна гэх утгатай гомдол барьж ирсэн. Түүнийг нь би Хяналт шалгалтын хэлтсийнхэндээ өгч шалгуулсан. Тодорхой шүүгч нь ашиг сонирхлын зөрчилтэй байсан юм шиг байна билээ.

Тэгээд хууль цагдаагийнхан өөрсдийнхөө хийх ёсто зүйлийг хийгээд үнэн байдлыг нь тодорхойлоод л явж байгаа байх…” гэж дурдаад “…Г.Буяндорж ялагдчихаад хэвлэлээр дайрч доромжилж, тэр С.Билэгт гэх эмэгтэйн хөрөнгийг булаах гэсэн оролдлого явж байна л гэж үзэж байна. Надад тухайн үед гомдол гаргаж ирэхдээ бичиг баримтуудаа бүгдийг нь үзүүлж байсан. Г.Буяндоржийн ахын байгуулсан “Ноёд” группийн барилгыг дөрөв, таван хүн дамжуулж зарсаар байгаад хамгийн сүүлд С.Билэгт гэж эмэгтэй авсан юм билээ. Гэтэл С.Билэгтийн талд гарсан шүүхийн шийдвэр өөр шүүх дээр очоод Г.Буяндоржийн талд гарчихсан байгаа юм. Ямар ч учир шалтгаан байхгүйгээр. Үүнийг хүний өмч хөрөнгийг дээрэмдэж байна л гэж үзэх ёстой биз дээ. “Ноёд” гэдэг нэртэй юм болгон зарчихсан байсан ч хамаагүй Г.Буяндорж гэдэг хүний мэдэлд очих тийм хууль байхгүй. Авсан компани нь хоёр гурван жил бизнес хийгээд овоо хөрөнгөтэй болоод ирэнгүүт зүгээр л дуртай шүүгч дээрээ очоод буцаагаад булаагаад авчихдаг хариуцлагагүй заваан юм байж болохгүй” хэмээн хууль хяналтынхан шалгаж, үнэн мөнийг нь шүүхээр эцэслэн тогтоогоогүй байгаа асуудлын талаар ярьж, хувийн ашиг сонирхлоо илт илэрхийлсэн, Хууль зүйн дэд сайд гэдэг албан тушаалаараа түрий барьж цагдаа, шүүх, прокурорын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн, мөн “С.Билэгтийн зөв, Г.Буяндоржийн буруу” гэсэн дам утгыг илэрхийлсэн хариултуудыг ярилцлагаараа дамжуулан өгсөн нь хараат бус байх учиртай хууль, шүүхийн үйл ажиллагаанд нөлөөлөх гэсэн оролдлого мөн гэж үзэхээс аргагүй юм. Тиймээс Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан шүүхээр эцэслэн тогтоогоогүй байгаа, мөн мөрдөн байцаалтын нууцтай холбоотой зарим асуудлыг дэлгэж олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглан “Шүүн таслах үйл ажиллагаа” явуулахгүй байхыг хүсье.

 “Ноёд” группийн хамт олон

URL:

Сэтгэгдэл бичих