Хуулийн байгууллагын туйлын балмад явдал буюу Тэс сумын хэрэг
Өнгөрсөн хугацаанд Монголын ард түмэн цагдаа хүн зодох эрхтэй гэж ойлготолоо хүчний байгууллагынханаар дарамтлууллаа. Одоо цаг үе өөрчлөгдөж хүмүүсийн ухамсар үйлдэл, хуулийн мэдлэг ч өөрчлөгдөж байна. Гэхдээ цагдаа нарын арга барил огт өөрчлөгдсөнгүй. Дургүй хүргэсэн хүнээ учир шалтгаангүй зоддог, эрүүдэн тамладаг, хүн ёсны үүднээс хүндлэхгүй адгуус мал мэт харьцдаг явдлууд үргэлжилсээр…
Цагдаагийн ажил хэцүү нойр хоолгүй, дандаа хүмүүжлийн доголдолтой эс бөгөөс өөрийгөө авч явах чадваргүй согтуучуудтай харьцдаг. Ард түмэн ойлгодог. Гэвч хэцүү байлаа гээд эрх үүргээ давуулан биелүүлэх ёсгүй, төр иргэний өмнө тангараг өргөсөн албан хаагч гэдгээ тэд хэзээ ойлгох вэ? Увс аймгийн Тэс суманд 5 сарын 23 нд Цагдаагийн тасгийн дарга нь хоёр цагдаатайгаа 57 настай иргэн Ч-г, дүүтэй нь, бас гудамжаар явж байгаад тусалсан иргэн Ч-г хамтад зэрлэг балмадаар зодож, хүний ёсноос гадуур харьцсан хэрэг гарчээ. Тэс сумын 5-р багийн иргэн Ч хүүхдийнхээ хонхны баярт орохоос сумын төвд орж ирээд дүү Б-гийнхээ гэрт найзуудтай нь нэг шилтэй пиво хувааж уугаад харихаар гарчээ. Мотоциклоо асаах гэж байтал сумын хоёр цагдаа ирж саатуулан “Каскгүй байна,Мотоциклийг чинь журамлана” гэжээ.
Тэрээр өөрийнхөө учир байдлыг хэлж байтал цагдаагийн тасгийн дарга Банзрагч, хэсгийн төлөөлөгчийн хамт ирээд хөгшнийг чирж гулдран буулгаж хэсгийн байрандаа авч очино гэжээ. Гэтэл дүү нь хөгшин хүнийг явуулчих гэж гуйтал хамтад нь аваад явсан байна. Улмаар хэсгийн байранд дээр авч ирж хоёуланг нь нэг нэгээр нь барьж зодоод дотуур хувцаснаас нь өөр зүйлгүй гадаа шонгийн модонд гавалжээ. Ийм залхаан цээрлүүлэлт Лалын шашинтай гэх улсуудад байдаг тухай л цахим ертөнцөөс уншиж байснаас биш ардчилсан Монголд аргагүй шалгарсан “арга” гэж даанч бодож явсангүй. Аргаа барсан ах дүү хоёр хажуугаар нь явж байсан иргэн Ч-г дуудаж утсаар яриулахыг гуйжээ. Улмаар тэр хоёрт утсаар яриулж байсан Ч-г Тасгийн дарга Банзрагч “миний эзэмшил газарт дураараа халдлаа” хэмээн хэсгийн байрандаа оруулж зоджээ.
Нэг сумын, нэг нутгийн хүмүүс нэгэндээ туслах юун буруу байхав. Ингэлээ гээд яагаад төрийн хувцас өмссөн яргачдад зодуулах ёстой гэж….Мөн газрын тухай хуулинд “цагдаагийн тасгийн дарга нарт сумын хэсэг газрыг өмчлүүлж тэнд зөвшөөрөлгүй орсон иргэнийг толгой нүүргүй занчина” гэсэн заалт яг аль хэсэгт байгааг хууль хяналтын байгууллагынхан ард түмнийхээ өмнө тайлбарлах ёстой.” Ингэж Монгол улсын 3 иргэн нэгэн шөнийг хамгаалах, үйлчлэх ёстой төрийн байгууллагынхаа “элч” нарт тамлагдаж, тэлчлэн зовж өнгөрөөжээ. Гудамжинд утсаар яриулсан гэмтэй иргэн Ч гурван хавиргаа хуга цохиулсан бол 57 настай өвгөн чихнийхээ хэнгэргийг хагалуулж, хамраа цөм цохиулсан гэдэг оношийг эмнэлгийн байгууллага тогтоогоод байна
. Гэмтсэн иргэд өглөө нь Улаангом орохыг хүсэхэд тасгийн дарга Банзрагч “Даргад хэлсэн байгаа, та нарыг хамт авч явна” гэж саатуулсан байна. Энд тавигдсан зургийг хэрэг явдал гарснаас хойш 2 хоногийн дараа авахуулсан гэж байгаа. Эхэндээ хүн харахын аргагүй байсан гэдгийг гэрчүүд баталж байгаа юм. Хуулийн шинэчлэлт гэж эрх баригчид өдөр шөнөгүй “донгодож” байна. Тэр шинэчлэлт чинь амьдрал дээр “ийм” байна. Учир нь цагдаагийн шинэ хуулиар Тасгийн дарга Банзрагч хошууч цол авч дэвшжээ. Түүнээс хойш зэрлэг балмад байдал нь улам нэмэгдэж гарт таарсан бүхнээ “гаргаадаггүй” болсон гэдгийг сумын иргэд нь хэлж байгаа юм. “Цол дагаж бяр” гэдэг. Гэвч цагдаагийн цолны бярыг ард түмэн аюулгүй байдлаараа биш амь нас, эрүүл мэндээрээ мэдэрч байгаа нь харамсалтай. Зөвхөн энэ ч биш сумын цагдаа нарын зэрлэг балмад үйлдэл, ард иргэдийг айлгаж сүрдүүлсэн гомдол “домог” болнтлоо тарсан. Мэдээж сайн домог биш. Шинэчлэлтийг нүдээ олж хийхгүй бол зүгээр сүржигнэл эсрэгээрээ ард иргэдэд сүрдүүлэг болдог гэдгийг энэ үйл явдал харууллаа. Хэдийгээр хамгаалах малгайгүй явж байсан иргэний буруу ч гэлээ ийм хэмжээний “тамалгааны код” хийлгэхээр буруу мөн үү биш үү?
Энэ тухай Аймгийн цагдаагийн газрын Олон нийттэй харьцах албанаас тодруулахад “Ийм мэдээлэл одоохондоо алга байна” гэлээ.
Иргэний өргөдөлийг хавсаргав….
http://www.shuurhai.mn/?p=56852
URL: