Дэд сайд Э.Эрдэнэжамъян ингэж болж байгаа юм уу?
Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян хударгагүй эр гэдгээ салбарынхаа сайдын суудал ганхах үед харуулсан. Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах саналыг УИХ-д өргөн барьсан нэг намын гишүүн О.Баасанхүүгээ буруутгаж, салбарын сайдаа магтсан дүр төрхөөс түүний хэн бэ гэдэг нь танигдсан.
Уг нь бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү, дэд сайд Э.Эрдэнэжамъян хоёр чинь нэг тогооноос хоол идэж, МАХН хэмээх нэгэн дээвэр дороос гарч ирсэн “шагнал”-ын суудалтнууд шүү дээ. Гэтэл О.Баасанхүүгээ муулж, Х.Тэмүүжинг дэмжих үед хүмүүс түүнийг гайхаж байсан.
Тэр байтугай, Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудлаар Э.Эрдэнэжамъян “О.Баасанхүү гишүүнийг хүсэлтээ эгүүлэн татчих гэж гуймаар байгаа юм. Х.Тэмүүжин бол Засгийн газрынхаа өнгөтэй өөдтэй зүйлийг хийж яваа сайдуудын нэг. Шинэчлэлийн төлөө тэмцээд яваа сайдаа унагачихвал түүний оронд нэг хүн дахиад шинэчилнэ гэвэл итгэхэд хэцүү” хэмээсэн нь “Х.Тэмүүжинтэй хамт хууль зүйн шинэчлэлийг энэ дөрвөн жилд хиймээр байна” гэдгээ тов тодорхой илэрхийлчих шиг болсон.
Өөрөөр хэлбэл, О.Баасанхүү тэдний шинэчлэлийг үгүй хийх гээд байгаа мэт тайлбар хэлсэн нь тун тоогүй юм болсон. Өмнө нь АТГ-аас мэдүүлэг авахаар дэд сайд Э.Эрдэнэжамъяны өрөөнд байцаагч орох үед түүнд О.Баасанхүүгээс өөр түших нөхөр байгаагүй юмсан. О.Баасанхүү ч эл байдлыг хүний эрхэнд ноцтой халдаж байна хэмээн намын угшил нэгт нөхрөө хамгаалж байсан нь саяхан.
“Гэхдээ үүнийг Э.Эрдэнэжамъян хэлье гэж хэлээгүй, Х.Тэмүүжингийн шахалтаар хэлсэн байж болзошгүй” гэлцэх хүмүүс ч байсан юм. Учир нь Э.Эрдэнэжамъяныг Интерполд анх шалгуулсан хүн нь Х.Тэмүүжин. Тэгэхээр албан тушаалаа авч үлдэхийн тулд салбарын сайддаа тал зассан байж болох.
Уг нь Э.Эрдэнэжамъяны хувьд барагтай аавын хүүд олдоод байдаггүй дэд сайдын суудал ноогдсон юм шүү дээ. Харин тэрбээр энэ суудлыг намын даргынхаа төлөө хөөцөлдсөөр үнэгүйдүүлж, эцэс сүүлдээ түүний эрх мэдэл хэрээс хэтэрч, савнаасаа сагаж эхэллээ.
Учир юу гэвэл, дэд сайд Э.Эрдэнэжамъян мөрдөн байцаалтын шатанд байгаа “Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндоржийн талаар ярилцлага өгчээ. Уг нь түүний хувьд мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргийн талаар мэдээлэл өгч суух байтугай энэ албан тушаалдаа байх үгүй нь бүрхэг болсон шүү дээ.
Ямартай ч ийн мэдээлэл өгч байгаагаас харахад дэд сайдын суудалдаа байгаа гэж харагдаж байна. Гэвч түүнийг Интерполд хандаж намын даргын дүү Н.Энхтуяа нарын гурван хүнийг эрж хайх ажиллагааг зогсоохыг хүссэн захидал бичсэн асуудлаар эрүү үүсгэж шалгаад өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд эрүүгийн хэргийн I шүүхээс Э.Эрдэнэжамъянд эрүүгийн хуулийн 245 дугаар зүйлийн 2-т зааснаар ял оноосон.
Шүүх бүрэлдэхүүн албан тушаалаа ашиглан мөрдөн шалгах үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулсан гэж үзээд түүнийг улс төрийн албан тушаалд ажиллах эрхийг хоёр жилээр хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулах” шийдвэр гаргасан юм шүү дээ. Эрүүгийн хуулийн 245 дугаар зүйл анги нь шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг юм.
Үүний 2-т заахдаа “Энэ хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасна. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурван зуугаас таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан cap хүртэл хугацаагаар баривчлах эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.
Ер нь түүнийг дэд сайдын суудалд тухлах хэмжээний улстөрч яав ч биш гэдгийг хэн хүнгүй л ярьдаг юм. Гэхдээ яахав, Н.Энхбаярыг АТГ-аас шалгаж эхлэх болон баривчлах үед намын даргаа өмөөрч, хаацайлж, уйлах шахам урьд хойно нь орж гүйсний үр дүнд “шагнал”-ын суудалд “тухалсан” нэгэн. Өөрөөр хэлбэл, Э.Эрдэнэжамъян МАХН-ын буюу Н.Энхбаярын “торгон” цэрэг юм.
Дээрх шүүхийн шийдвэрээс харвал дэд сайдын суудлаасаа аль хэдийнэ мултарсан баймаар санагдана. Өөрөөр хэлбэл, шалгуулж байгаа хэргийн талаар мэдээлэл өгч суух хэмжээний эрх дархтан биш юм. Зүгээр ч нэг тайлбар хэлэх биш илт давуу байдлаар нэг тал руу хазайсан нь бусдын дургүйг хүргэж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, шалгаж буй “Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндоржийг эрс үгүйсгэж өмнө нь энэ хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэрийг эрс няцааж, өдгөө шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байхад түүнийг гэм буруутай мэтээр ярьсан байх юм. Шүүхээс тогтоол гараагүй байхад ингэж бусдын нэр хүндэд халдаж болдог юм уу.
Тэр дундаа дэд сайд хэмээх эрхэм хүндтэй албан тушаалтан ийн мэдээлэхийн учир юу байв. Түүнийг хамгаалж өмгөөлөөд байгаад эд хөрөнгее дээрэмдүүлсэн гэж цагдаа, шүүхээр гүйгч С.Билэгт гэх эмэгтэй Э.Эрдэнэжамъяны ямар хамсаатан болж таарав. Э.Эрдэнэжамъян өмнө нь намын даргаа шалгуулж байхад ийнхүү ёс бус
үйлдэл гаргадаг нэгэн байсан.
Тухайн үед жагсаал цуглаан удирдагч чөлөөт хүн байсан бол одоо ямар чухал алба хашиж байгаа гэдгээ ухаарахгүй “жагсагч” зангаа гаргаж эхлэх нь бололтой.
Ийн С.Билэгтийг Э.Эрдэнэжамъян өмөөрч гарч ирсэн нь учиртай гэдэг. Өнгөрсөн жил шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид “Ноёд констракшн” ХХК-ийн байрыг битүүмжилж, шийдвэрээ Г.Буяндоржийн талд гаргасан байдаг. Гэтэл өнөөх заргач С.Билэгт шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн өрөөнөөс дээрх тогтоолыг нууцаар аваад Э.Эрдэнэжамъянд өгсөн гэлцдэг.
Харин одоо Э.Эрдэнэжамъян С.Билэгтийг танихгүй хэмээн мэлзэж сууна. Түүгээр ч зогсохгүй “Хуулийн байгууллагынхан Г.Буяндоржтой нийлээд С.Билэгтийн хөрөнгийг дээрэмдэх гээд байна” гэсэн утгатай юм хэлжээ. Тэрбээр “Ер нь шүүх цагдаагийнхан олон нийтийн өмнө ил байсан ийм хэрэгт улайм цайм буруу шийдвэр гаргана гэж бодохгүй байна. Харин ч Г.Буяндорж ялагдчихаад хэвлэлээр дайрч доромжилж, тэр С.Билэгт гэх эмэгтэйн хөрөнгийг булаах гэсэн оролдлого явна л гэж үзэж байна. Надад тухайн үед С.Билэгт гомдол гаргаж ирэхдээ бичиг баримтаа бүгдийг нь үзүүлж байсан. Г.Буяндоржийн ахын байгуулсан “Ноёд” группын барилгыг дөрөв таван хүн дамжуулж зарсаар байгаад хамгийн сүүлд С.Билэгт гэж эмэгтэй авсан юм билээ. Гэтэл С.Билэгтийн талд гарсан шүүхийн шийдвэр өөр шүүх дээр очоод Г.Буяндоржийн талд гарчихсан байгаа юм. Үүнийг хүний өмч хөрөнгийг дээрэмдэж байна гэж үзэх ёстой биз дээ. “Ноёд” гэдэг нэртэй юм болгон зарчихсан байсан ч хамаагүй Г.Буяндорж гэдэг хүний мэдэлд очих тийм хууль байхгүй. Авсан компани нь хоёр гурван жил бизнес хийгээд овоо хөрөнгөтэй болоод ирэнгүүт л дуртай шүүгч дээрээ очоод буцаагаад булаагаад авчихдаг хариуцлагагүй заваан юм байж болохгүй” гэсэн байх юм.
Хууль зүйн дэд сайдын ийнхүү шийдээгүй хэрэгт хошуу дүрж, гэм буруутайг нь тогтоогоогүй хүнийг дээрэмчин, тонуулчаар нь цоллож болдог хэрэг үү. Түүний энэ цадиггүй хууль бус үйлдэл хэрээс хэтэрлээ. Өөрийнх нь өрөөнд ороод мэдүүлэг авах төдийд улстөрждөг тэрбээр шүүхийн шийдвэр гараагүй хэрэгт тайлбар хэлдэг ямар их эрх дархтай хүн бэ.
Энэ бол АТГ-ын комиссар өрөөнд нь орж мэдүүлэг авснаас хавь илүү хүний эрхэнд халдсан асуудал биш гэж үү. Дэд сайд нь ахадсан суудал байлаа гэхэд хуульч хүн ийм хариуцлагагүй байж болохгүй. “Шударга бус хуульчдын эвсэл”-ийн дэд тэргүүн, хуульч тэрбээр дэд сайдын суудалд залрахын өмнөх жилд МАХН-д гишүүнээр элссэн байдаг.
Үүнээс хойш намын нөхдийнхөө төлөө өрвөлзөж гүйсээр дэд сайд болсон. Гэхдээ Н.Энхбаяр зүгээр ч нэг залууг өөрийг нь өмөөрсний төлөө дэд сайд болгочихгүй гэлцэх хүмүүс байсан. Э.Эрдэнэжамъян Н.Энхбаярыг шүүх хурал болсны дараа хэвлэлийн хурал зарлаж, “Шүүх улстөрчдийн захиалгаар ажилласан.
Цаашид Засгийн газраа байгуулъя гэж байгаа бол хэлмэгдүүлэлтээ зогсоо. Даргыг нь аваад явчихсан тохиолдолд МАХН хамтарсан Засгийн газарт орох ёс зүй байхгүй” хэмээн том дуугарч байсан.
Гэвч даргатай даргагүй “Шударга ёс” эвсэл хамтарсан Засгийн газар байгуулж, Э.Эрдэнэжамъян өөрөө дэд сайд болчихсон. Гэхдээ түүнд дэд сайдын суудал нэг л тохирохгүй нь бололтой.” Эх сурвалжийн хэлж байгаагаар, Э.Эрдэнэжамъяныг шалгах зөвшөөрлийг Х.Тэмүүжин өгсөн гэдэг.
Тухайн үед МАХН-ынхан “Ард түмний их хуралдай”-тай холбоотойгоор ийм шийдвэр гаргасан гэлцдэг. “Ард түмний их хуралдай”-д оролцсон гишүүд хууль шүүхийн байгууллагын улстөржсөн, уруудаж байгаа талаар үзэл бодлоо илэрхийлсэн нь Х.Тэмүүжин сайдад таалагдаагүй учраас Э.Эрдэнэжамъянг шалгах үүрэг өгсөн талаар эх сурвалжууд онцолж байсан.
Тэгвэл олон нийтийн дунд тархсан явган ярианаас сонсвол МАХН-ынхан Э.Эрдэнэжамъянг Хууль зүйн дэд сайд болгосон нь анхнаасаа төлөвлөгөөтэй хийсэн ажил гэх. Учир нь Э.Эрдэнэжамъян залуу хүн учир цөс ихтэй, мөн албан тушаал дэвших сонирхолтойг нь нэг ёсондоо МАХН ашигласан гэдэг.
Анхнаасаа л намын даргаа өмөөрч дуугарснаар “Нам дагавал ам тосдоно” гэгчийг ойлгосон тэрбээр МАХН-ын удирдлагуудын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхэд хэзээд бэлэн хүн. Энэ байдлыг нь ашиглаж Хууль зүйн дэд сайд болгосноор Интерполд захиа бичих эрх нь МАХН-ынханд бий болсон хэрэг.
Харин одоо Э.Эрдэнэжамъянд эрүүгийн хэрэг үүсч, шүүхийн шийдвэр гарч түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гарчихаад байхад яагаад хүний эрхэнд ноцтой халдаад, дэд сайдын суудалдаа “буглаж” сууна вэ. Бас л Н.Энхбаярынхан ямар нэгэн байдлаар наймаалцаж дэд сайдаа авч үлдсэн хэрэг гэж ойлгох уу. Ийм хүмүүс хуулийн салбарт байхад “шинэчлэл” хийх үү.
Б.Цэцэгдэлгэр
Эх сурвалж:
URL: