Цалин, тэтгэвэр нэмнэ гэж горьдолтгүй

527-1358156153kiwi-middleМонголын үйлдвэрчний эв лэлийн холбооноос Эдийн засгийг эрчимжүүлэх талаар явуулж буй бодлогын хүрээнд ард иргэдийн цалин орлого, нийгмийн хамгааллын зардлыг бууруулахгүй байх мэдэгдлийг Засгийн газарт удаа дараа хүргүүлээд байгаа. Түүнчлэн цалин орлогыг нэмэгдүүлж, ажлын байрыг хадгалж хамгаалахад чиглэсэн олон талт арга хэмжээ авахыг МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлэв.
Түүний үзэж буйгаар эдийн засгийн байдал таагүй, төгрөгийн ханш хэзээ сэхэл авах нь тодорхойгүй байгаа энэ цаг үед иргэдийн цалинг нэмэх нь хямралыг даван туулах чухал аргын нэг болох аж. Түүнчлэн тус холбооноос төсвийн алдагдлыг багасгахад нэн түрүүнд онцын шаардлагагүй, үр ашиг багатай хөрөнгө оруулалтын зардлыг танах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа дууулгалаа. Тиймээс ямар зардлаас хэрхэн танах тухай мэдээллээ МҮЭХ-нд ирүүлж байхыг сануулж буй юм.

Үнэндээ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдөр өнгөрөх бүрт нэмэгдэж байгаа үед иргэдийн авч буй цалин амьдралд нь хүрэлцэхгүй байгааг хүн бүр л ярьж буй. Төгрөгийн ханш жил гаруйн хугацаанд 40 орчим хувиар суларсан гэж үзэхээр иргэдийн сагсанд хийх бараа бүтээгдэхүүний хэмжээ мөн үеэс төдий чинээгээр буурсан гэсэн үг юм. Тийм учраас хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн сарын эцэст 299 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 19.4 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 188.1 тэрбум төгрөг буюу 2.7 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа. Түүнчлэн арилжааны банкуудын чанаргүй зээлийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 98.3 хувиар өссөний зэрэгцээ нийт тэтгэвэр авагчдын 83 хувь нь 294.2 тэрбум төгрөгийн, ажиллагсдын 31 хувь нь 1.2 их наяд төгрөгийн цалингийн зээлтэй аж төрж байгаа юм. Үгүйдээ гэхэд “Сүү” компанийн савласан нэг литр сүү өнгөрсөн оны зургадугаар сараас хойш жил орчмын хугацаанд 1000 төгрөгөөр нэмэгдээд байгаа юм. Энэ мэт баримтаас харвал МҮЭХ-ны зүгээс Засгийн газарт тавьсан цалин, тэтгэвэр нэмэх тухай шаардлагыг зөв гэж тодорхойлж болох. Гэвч Засгийн газарт одоогоор цалин тэтгэвэр нэмэх мөнгө байхгүй.

Харин ч эсрэгээрээ төрийн албан хаагчдын цалинг чадан ядан залгуулж буй. Энэ байдлаа ч хүлээн зөвшөөрч эрх баригчид “Урсгал зардлаа танана” гэсэн байр сууринд нэгдээд байгаа юм. Эдийн засагчдийн үзэж буйгаар, эдийн засгийн таагүй байдал нэлээд урт хугацаанд үргэлжлэх төлөв бий. Тийм учраас Засгийн газар эдийн засгийг 100 хоногийн дотор эрчимжүүлнэ хэмээн амлалт өгсөн боловч 10 гаруй хоногийн дараа “Эдийн засгийг сайжруулж чадахгүй юм байна” гэдгээ албан бусаар зарласан. Тодруулбал Засгийн газрын зүгээс “Энэ хугацаанд бид бодлогоо тодорхойлж амжина” хэмээн булзааруулсан мэдээллийг сүүлийн өдрүүдэд бүр ч илүүтэй цацаж байгаа юм. Үүнээс гадна олон улсын зах зээл дээрээс босгосон “Чингис”, “Самурай” бондын хөрөнгийг ямар төсөлд зарцуулах тухай Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зөвлөмж гаргаж өгөөд байхад Засгийн газар биелүүлж чадаагүй. Хөрөнгө оруулсан төслүүдээс одоогийн байдлаар бүрэн дууссан нь нэг ч үгүй. Мөн “Үнэ тогтворжуулах” нэрээр гурван их наяд төгрөг зах зээлд нийлүүлсэн боловч төлөвлөгөө нь 180 градус эргэсэн тухай учир мэдэх хүн бүр шүүмжилдэг. Уг нь Төв банкны зүгээс валютын ханшийг буулгахын тулд хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг удаа дараа мэдэгдэж, “Оюутолгой” төслийн хоёрдугаар үе шатыг яаралтай ажилд оруулахад Засгийн газрыг санаачлагатай байхыг анхааруулсан. Гэвч Засгийн газар байгуулагдсан цагаасаа эхэлж хөрөнгө оруулагчдын итгэлийг олох олон арга сэдсэн боловч үр дүнгээ өгсөнгүй. Үүнд Уул уурхайн сайдын өнгөрсөн үеийн бараан түүх саад болсон тухай олон улсын шинжээчид ч дүгнэсээр байгаа.

Ямар сайндаа “Origo Partners”-ын Улаанбаатар дахь шинжээч Дэйл Чой “Ройтерс” агентлагт ярихдаа “Д.Ганхуяг бол Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд хамгийн хатуу байр суурьтай байсан парламентын гишүүдийн нэг гэдгээр нь хөрөнгө оруулагчид андахгүй. Гэхдээ түүний байр суурь нь тухайн үеийн Засгийн газар, улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалсан байх гэж бид харж байна. Одоо тэрбээр шинэ Засгийн газрын нэг бүрэлдэхүүн болсон учраас урьдын хатуу байр сууриа баримтлахгүй байх гэж найдаж байна” хэмээн “уулга” алдсан байх вэ дээ. Мөн эдийн засгийн хөгжлийн сайдын нэр хүнд ч гадаад зах зээлд тийм сайнгүй байсаар сонгуулийн бүрэн эрхийн хугацааг дуусгах бололтой. Энэ бүхний эцэст Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Рио Тинто”-д хандан захидал явуулсан боловч амжилт олоогүй хэвээр байна. Хөрөнгө оруулагчдын зүгээс ирэх есдүгээр сар хүртэл түүний захидалд хариу илгээхгүй гэдгээ шууд бусаар илэрхийлсэн удаа ч бий. Тиймээс энэ Засгийн газар иргэдийнхээ цалин, тэтгэврийг нэмэх боломж, санхүүгийн эх үүсвэр байхгүй гэдэгт итгэж болох юм. Харин “Өрийн удирдлагын тухай хууль”-ийг тэдний мөрөөдлөөр баталбал бага ч гэсэн гэрэл гэгээтэй мэдээ дуулах боломжтой юм. Гэвч энэ нь түр зуурын сайхан мэдээ байх нь тодорхой байгаа. Учир нь “Moody’s” агентлагаас тун саяхан Монголын Засгийн газрын бондын үнэлгээний төлөвийг тогтвортойгоос сөрөг болгон буурсан.

Үүний зэрэгцээ “Moody’s” Засгийн газрын үнэт цаас гаргагч ба бондын үнэлгээг B1, засгийн газрын дунд хугацаат өрийн бичгийн үнэлгээг B1, мөн богино хугацааны үнэлгээг “not prime” буюу төлбөрийн чадвар сул зэрэглэлд хэвээр үлдээжээ. Уг шийдвэртэй холбоотойгоор тус агентлагийн зүгээс Монголын Засгийн газрын эзэмшлийн Хөгжлийн банкны зэрэглэлийн ирээдүйн төлөвийг тогтвортойгоос сөрөг болгон бууруулж, Хөгжлийн банкны хоёрдогч өглөгийг B1, хоёрдогч дунд хугацаат өрийн бичгийг B1 гэж үнэллээ. Тус агентлагийн зүгээс манай улсын ирээдүйн төлөвийг бууруулсан дүгнэлтээ “Сүүлийн жилүүдэд улсын гадаад өрийн хэмжээ ихээр нэмэгдэж, гадаад валютын албан нөөц буурсан, 2013 оноос хойш зээлийн өсөлтийн хэмжээг нэмсэн зэргээс шалтгаалсан” хэмээн дурдсан байна. Түүнчлэн эдгээр хүндрэл нь ойрын хэдэн жилийн хугацаанд валютын ханшийн болон гадаад өрийн хямрал болох эрсдлийг нэмэгдүүлж байна үзсэн нь ч бий. Мөн үүний зэрэгцээ инфляцийн өндөр түвшин, зээлийн хурдацтай өсөлт нь банкны системийн тогтвортой байдлыг сулруулж төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлөхөөр байгааг санууллаа. Сүүлийн хоёр жилийн хугацаанд нэрлэсэн дүнгээр гадаад өрийн хэмжээ хоёр дахин нэмэгдэж, өнгөрсөн оны байдлаар 18.9 тэрбум долларт хүрээд байгаа. Энэ нь ДНБ-ний 158 хувьтай тэнцэж байгаа буюу тус үзүүлэлт нь B1-с B3 үнэлгээтэй улсын дундажаас нэлээд өндөр дүн ажээ. Энэ бүхнээс харахад Засгийн газрын зүгээс гадаад өрийн хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа нь ирээдүйг эрсдэлд оруулах алхам болохоор байна. Харин тус агентлагаас манай улсын Засгийн газрын бондын үнэлгээг хэвээр үлдээсэн тухай “Улсын зэрэглэлийг B1 хэвээр үлдээсэн нь хэдийгээр гадаад төлбөр гүйцэтгэх чадвар хүндрэлтэй ч, төлбөрийн тэнцлийн хямрал нүүрлэх аюул бага. Учир нь энэ жил эргэн төлөгдөх том өр төлбөр байхгүй. Мөн Засгийн газрын бондын эргэн төлөлт 2017 оноос наана хийгдэхгүй” гэжээ.

Д.Булган

URL:

Сэтгэгдэл бичих