Залуус гэр хороололд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ

2Гэр хорооллын гудамж гэхээр юун түрүүнд хогоор дүүрсэн жалга, ухсан нүх, сул хийсэх шороо гэх мэт дүр зураг буудаг. Энд хүүхэд тоглох талбай битгий хэл хөгшид нарлах боломж байхгүй. Ногоон байгууламж, гэрэлтүүлгийн тухай бүр яриад ч хэрэггүй. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн VII хороо буюу Баянхошууны хуучин эцэст байх гэр хороолол дунд жижиг ногоон байгууламж бүхий цэцэрлэг байгуулжээ. Эндэхийнхний ярьдгаар “25 дугаар гудамж” гэх энэ газар өмнө нь яг л дээр дүрсэлсэн шиг сул хог, айлуудын угаадсаа асгадаг, хогоор дүүрсэн жалга байсан аж.

Азжаргал гэх газарзүйн хөтөч, Чинболд гэх автын инженер мэргэжилтэй хоёр залуу хорооныхоо залуу иргэдийн хамтаар “Хөгжил бидний ирээдүй” бүлгэм байгуулжээ. Тэдний хороондоо хийж хэрэгжүүлсэн анхны ажил энэ. Энэ жижиг цэцэрлэгт хүүхдүүд тоглох элсэн талбай, савлуур, хөгшид нарлах сандлууд, саад, цэцгийн хүлэмж, модны суулгац гээд томоохон цэцэрлэгт хүрээлэнд байдаг бүхэн байлаа. Тэднээс энэхүү ажлыг хийж эхлэх болсон тухай сэтгэгдлийг сонсоход “Өнгөрсөн хавраас бид энэ ногоон байгууламжаа барих саналыг гаргасан. Төслөө бичиж Нийслэлийн Захирагчийн ажлын албанд хандсан. Хашаа барьж, ногоон байгууламж үүсгээд эзэнтэй болгож байгаадаа баяртай байна. Иргэд хийе гэсэн сэтгэл байвал хийж чаддаг гэдгийг харуулах нь бас нэг зорилго байлаа.

Харин иргэд маань бидний хийсэн зүйлтэй ухамсартайгаар харьцаж, харж хандаж байгаасай гэж хүсч байна. Хорооны зүгээс бидний ажлыг маш сайн дэмжсэн. Манай хорооны Засаг дарга залуусаа маш сайн дэмждэг. Залуусын зөвлөлөөс ямар нэг зүйл хийе гэсэн санал санаачлага гаргахад маш дуртай дэмждэг. Бид маш богино хугацаанд чанартайгаар хийж чадсан. Өөрсдийнхөө амьдран суугаа хороондоо хийж байгаа зүйл болохоор сэтгэлээсээ хандахгүй байхын аргагүй. Гол нь хүүхдийн баярын өмнө ашиглалтад оруулж хүүхэд багачуудаа тоглуулж байгаадаа баяртай байна” гэцгээж байсан юм.

Залуусын багачуудыг айх аюулгүй тоглох талбайтай, хөгшдөө нарлаад тухтай суух саадтай болгох гэсэн санал, санаачлагыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас дэмжсэн нь энэхүү ажлын эхлэлийг тавьсан байна. Уг “Ногоон байгууламж” төслийг хэрэгжүүлсэн залуус дараагийн ажилдаа ханцуй шамлан оржээ. Тэд мөн л энэ хороондоо хүүхдийн тоглоомын талбай барих төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна. Гэвч санхүүжилтийн асуудал шийдэгдэлгүй хүлээгдэж байгаа аж. Өмнө нь тохижилтын ажил хийгдэхэд тендер зарлаж нэг компани аваад, чанаргүй юм хийж өгчихөөд алга болчихдог. Нөгөөдөх нь эзэнгүй хаягдчихдаг тохиодол их гардаг. Жишээ нь гэхэд л тус дүүргийн XXX хороонд тенднр зарлаж хүүхдийн тоглоомын талбай бариулж байжээ.

Гэтэл тэр нь одоо тоглоомын талбай гэх аргагүй зүйл болоод үлдэж. Харин энэ удаад иргэд өөрсдийн санаачлагаар хийж байгаа болохоор маш чанартай зүйл хийж бүтээсэн нь харагдаж байлаа. Хорооны Засаг дарга ч “Би иргэдийн бүлгийг зохион байгуулах дуртай. Иргэдээ дэмжиж ажиллах нь миний үүрэг. Манай хороонд тав зургаан ийм иргэдийн бүлэг байдаг. Дүүргийн бүтээн байгуулалтын ажилд оролцохоор хүсэлтээ өгчихсөн байгаа. Иргэд ч гэсэн түр ажлын байраар хангагдаж байгаа давуу талтай. Хорооны зүгээс бүх үйл ажиллагаанд хяналт тавиад, санаа бодлоо хуваалцаж амьдарч байна. Гэр хороолол дунд ийм бүтээн байгуулалт хийх боломж байдаг гэдгийг манай хорооны залуус харуулж чадлаа. Иргэд их сайхан идэвхжиж байна” гэж байсан юм. Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас гэр хорооллын иргэдэд зориулсан бичил төсөл хэрэгжүүлдэг. Тэр хүрээнд энэхүү “Ногоон байгууламж” төсөлд есөн сая 75 мянган төгрөгийн санхүүжилт олгожээ.

Ногоон байгууламжийн нээлтийн үеэр Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Наран дахь ажлын албаны дарга Ш.Эрдэнэтуяа хэлэхдээ “Ийм бичил төслүүдийг бид гэр хороололд олныг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Цаашлаад тус дүүргийн XXX хороонд мөн энэ төрлийн төсөл хзрэгжиж байгаа. Ер нь гэр хорооллын иргэдийн амьдрах орчинг сайжруулах, хотын нийтийн аж ахуйг гэр хороололд хэрхэн хүргэх вэ гэдэг асуудап дээр Захирагчийн ажлын алба ажиллажбайгаа. Нийслэлийн 375 жилийн ойг угтаад гэр хорооллын гудамж замыг тэгшилжзасварлах, дээрээс нь гудамжин дахь гэрэлтүүлгийг сайжруулах зэрэг ажлууд зохион байгуулагдаж эхэлж байна” гэсэн юм.

Ногоон байгууламжид олон хүүхэд тоглож байсан. Өмнө нь энэ олон хүүхэд үүн шиг тоглох газаргүй байсан гэж бодохоор өрөвдмөөр. Энэ л зүйл хүүхдүүдэд дутмаг байсан нь илт. Гэр хорооллын гудамж нарийхан давчуу. Нийтийн эзэмшлийн талбай бараг байхгүй болсон гэхэд хилсдэхгүй. “Ийм газарт хэсэгхэн сул “чогтой жалга байсныг ингэж өөрчилж чадсан нь бахархалтай. Харин залуусынхаа бүтээсэн энэ зүйлийг хайрлаж хамгаалах нь бидний үүрэг” гэдгийг тэнд цугласан оршин суугчид хэлж байлаа.

 

 
А.Халиун /НИЙСЛЭЛ ТАЙМС/


URL:

Сэтгэгдэл бичих