Тэмдэглэлийн дэвтэр хавтаслагчид хэрээс хэтэрлээ
Ном хэвлэх, цомог гаргах, тэр тусмаа зохиолч, яруу найрагч болох шиг амархан зүйл Монгол Улсад алга. Дунд сургуулийн аравдугаар ангийн хүүхэд хоёр шүлгийн түүвэртэй зурагтаар ярилцлага өгч суугааг хараад инээд, уур хоёр зэрэгцэв. Шүлэг бичиж байгаа хүүхдэд уурлаад байгаа юм биш. Өөгшүүлж байгаа хүмүүс, энэ нийгмийн буруу тогтолцоонд уурлаж байгаа хэрэг. Тэр телевизийн хөтлөгч ч гэж нэг сайхан гар байна, аа. “Та хэдийнээс эхэлж шүлэг бичив”, “онгод чинь хэрхэн ордог вэ”, “Ямар үед түлхүү бичих юм” гэх зэргээр 15 настай хүүхэдтэй мөн ч бурж алдаж байна,аа. Уурлахаас ч яахав. 44 насандаа анхыхаа номыг хэвлүүлж байсан билигт найрагч Бавуугийн Лхагвасүрэнг бодохоор уурлаж таарна биз дээ. Өдгөө ч насаараа уншиж бүтээсэн хүмүүс эрдэнэ мэт бүтээлээ хэвлүүлээгүй явааг бодоход цухал төрж таарна.
Гэтэл өнөөх “бичил найрагч” маань 44-тэй анхныхаа номыг өлгийдөж байсан их найрагч Б.Лхагвасүрэнгийн ганц ч номын нэрийг мэддэхгүй болохоор бүр ч уур хүрэв. Гэхдээ “Боржигоны бор тал” гэж нэг сайн шүлэг байдаг гэнэ, Б.Лхагвасүрэнд. Түүнийг нь интернэт хавиас цээжилчихсэн юм байх. П.Бадарч найрагчийн ганц ч номын нэрийг мэддэггүй, “Эхийн сэтгэл” гэж бас ланжгар шүлэг байдаг гэнэ шүү. Мөн л интернэт орчноос харсан юм байх. Өнөөх хөтлөгч шиг юм нь “Танд зааж зөвлөдөг найрагч бий юу” хэмээн асуулаа. “Бичил найрагч” маань “Сэргэлэнбаатар гэж мундаг найрагч бий. Сайн найрагч шүү. Надад их зааж зөвлөдөг” гэж байна шүү. Би л хувьдаа Сэргэлэнбаатар гэж дуулаагүй юм байна. Уг нь баргийн найрагч бүү хэл эхлэн бичигчийг би таних л даа. За тэгээд “Таны мөрөөдөл” хэмээн асуухад тэрээр “Сайн бүтээл хийж үлдээх. Алсдаа Ардын уран зохиолч болно гэнэ. Ш.Дулмаа гуайтай уулзахыг хүсдэг, түүн шиг хүн болно” гэнэ. Тийм байтлаа Ш.Дулмаа гуайнхаа ганц ч бүтээлийг мэдэхгүй нь даанч харамсалтай.
Өнөөдөр яахав, ардчилсан нэрийн дор бид эмх замбараагүй, ичиж мэдэхгүй тийм эрин үед амьдарч байна. Чухам хэзээ цэгцэрч, жинхэнэ ардчилал хэмээх зүйлийг цогцлоохыг ёстой л бурхан мэдэх хэрэг. Хэн юугаа бичиж, юугаа хэвлүүлэх нь хэнд ч хамаагүй л дээ. Гэсэн хэдий ч аливаа зүйлд нэг цензур заавал байх ёстойг сүүлийн үеийн уран зохиолын ертөнц харуулж байна. Хэн дуртай нэг нь тэмдэглэлийн дэвтэрт бичсэн зүйлээ яруу найраг хэмээн андуураад хэвлүүлэх юм. Монголчууд бид хүүхэд бага насандаа мөр толгой холбохгүй байна гэж үгүй. Энэ бүгдээ яруу найраг гэж эндүүрээд, ном гээд хэвлүүлээд байвал энэ утга зохиолын ертөнц, уншигчдын орон зай юу болох вэ. Ийн хэвлүүлээд байвал миний үеийн хүүхдүүд лав тэр чигээрээ яруу найрагчид болно.
Гэтэл ийм тэмдэглэлийн дэвтэр хавтаслагчдыг даврааж байгаа хүмүүсийн буруу. Яасан илүүдээ гарсан мөнгө вэ. Яасан их цаг зав вэ. Тэмдэглэлийн дэвтэр хавтаслагчдыг ямар нэгэн байдлаар шахаж ойлгуулж байхгүй бол учир утгаа алдаж байна. Энэ нь хэтдээ ирээдүйг хорлож байна гэсэн үг. Нүцгэн шахам зургаа татуулж, шүлгийнхээ номын нүүрэн дээр тавьсан 16-тай охины “ном”-ыг энэ үеийн хөвгүүд л шохоорхох маягаар авч байна. Мөнгөтэй, дуртай нэг нь энэхүү номонцороо хэвлэл мэдээлэл, телевизээр цацаад байхаар өнөө үеийн уран зохиолыг өсвөр үе үүгээр л төсөөлж байгаа нь харамсалтай. Үүгээрээ Монголын яруу найргийн үнэ цэнэд ч багагүй нөлөөлөл үзүүлж байгааг бид харж байна. Ингэхээр тэмдэглэлийн дэвтэр хавтаслагчдын хэрээс хэтэрсэн үйлдлийг таслан зогсоохоос өөр арга алга. Үнэхээр л бичих дуртай бол тэр тэмдэглэлийнхээ дэвтэрт бичээд, өөрөө өөртөө л уншиж байна биз. Үүнийг ном болгоод хэвлүүлэхээр нь тосч хөөрөгддөг сэтгүүлчид ч жаахан мэдрэмжтай байх хэрэгтэй. Ном унших нь ховор болсон энэ цагт тэмдэглэлийн дэвтэр хавтаслагчдын орон зайг бий болгоод байвал уран зохиолын нэр хүндэд улам л муугаар харшлах болно.
URL: