Дөрвөн охин зугтжээ
Исламын зэвсэгт “Боко Харам” бүлэглэлийн хэт даврагчдад барьцаалагдсан 200 орчим охиноос дөрөв нь зугтаж, Нигерийн сонинд нийтэлжээ. Гэхдээ хэт даврагчдын барьцаанаас зугтаж гэртээ харьсан гэх дөрвөн охин Борно мужийн албаныханд энэ талаар өөрийн биеэр мэдүүлэг өгөөгүй байгаа гэнэ.
Исламын хэт даврагчид Нигерийн Борно мужаас 200 гаруй охиныг барьцаалан авч одоод бараг хоёр сар болж байна. Энэ хооронд Нигерийн арми АНУ-ын мэргэжилтний багийн тусламжтайгаар барьцааны охидыг нууж буй байршлыг илрүүлээд буй юм. Хэт даврагчдын барьцаанаас охидыг суллахад АНУ тагнуулын нисгэгчтэй болон нисгэгчгүй онгоц, 30 орчим мэргэжилтнээ Нигери рүү илгээсэн аж.
Үүнээс өмнө “Боко Харам” бүлэглэл барьцааны охидоос 50-ыг нь Нигерийн шоронд хоригдож буй 100 хэт даврагч хоригдлоор солилцох санал тавьж байсан юм. Гэвч Нигерийн албаныхан хэт даврагчидтай солилцоо хийхээс татгалзсан билээ.
“Боко Харам”-ын хэт даврагчид охидыг барьцаалсан даруйдаа боолын наймаачдад тус бүрийг нь 12 ам.доллараар худалдана гэж сүрдүүлж байсан юм. Мөн барьцааны зарим охид хэт даврагчидтай хүчээр гэрлэсэн тухай мэдээлэл ч гарч байсан билээ. Боко Харам бүлэглэл Нигерийн охидыг исламын шашны дэг жаягийг зөрчиж, барууны боловсрол эзэмшиж буйд буруутган барьцаалан авч одсон юм.
URL: