ХЭРВЭЭ А.ГАЛТБАЯР ОГЦРОХГҮЙ БОЛ Л.ГАНТӨМӨР САЙДЫГ СУУДЛААС НЬ БУУЛГАНА
МУИС-д хийгдэж буй бодит судалгаагүй, зорилт төлөвлөгөөгүй хууль бус бүтцийн өөрчлөлтийн эсрэг МУИС-ийн Багш нарын холбоо, ҮЭ-ийн хорооноос МУИС-ийн захирал А.Галтбаярыг долоо хоногийн дотор огцрохыг шаардаж мэдэгдэл хүргүүлжээ. Багш нарын холбооны тэргүүн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч Б.Болд-Эрдэнэ захирлаа огцруулах болсон шалтгаанаа сэтгүүлчдэд танилцуулав. Түүнээс хэдэн асуултад тодруулга авлаа.
-Захирал А.Галтбаярыг огцруулах болсон шалтгаан нь юу вэ?
-Огцруулах олон шалтгаан байгаа. Түүний баг алдаагаа засч, хамт олны санал хүсэлтийг ажил хэрэг болгоогүй. Хуучин төслөө хэлбэрийн төдий засварлаж Удирдах зөвлөлийн хуралд оруулсан, Өөрөөр хэлбэл, Дээд боловсролын тухай хуулийн 12, 1.2 дугаар зүйл, МУИС-ийн дүрэм болон Удирдах зөвлөлийн дүрмээр тогтоосон журмыг зөрчин тус сургуулийн бүтэц зохион байгуулалт, дүрэм, журмыг өөрчлөх саналыг тулган оруулж батлуулсан гэх үндэслэл байгаа.
-Багш нарын холбооноос хийсэн судалгаа байна уу?
-Манай холбооноос бүтцийн өөрчлөлтийн талаар өнгөрсөн дөрөвдүтээр сард 520 багш, 237 ажилчдыг хамруулан нээлттэй хэлэлцүүлэг явуулснаар тус сургуульд бүтцийн өөрчлөлт хийх бэлтгэл ажил хангагдаагүй гэж багш ажилчдын 80-аас илүү хувь нь үзэж, 90 орчим хувь нь мэдээлэлгүй байсан гэж хариулсан. Мөн 82 хувь тус сургуулийн одоогийн удирдлагад итгэл үзүүлэхгүй гэсэн.
-Та бүхэн БШУЯ-ны удирдлагуудад энэ байдлаа танилцуулсан уу?
-Багш нарын холбооноос МУИС-ийн захирлуудын хууль бус бүтцийн өөрлчлөлтийн гажуудлын талаар БШУ-ы сайд Л.Гантөмөрт гурван удаа албан бичиг хүргүүлж, хоёр удаа биечлэн уулзсан. Бичгийн хариуг удтал хүлээсний эцэст дэд сайд Б.Ургамалцэцэгийн гарын үсэгтэй нэг өдөр үйлдсэн хоер өөр утгатаи бичиг авсан. Тэр бичигт хамтран ажиллахыг захирал А.Галтбаярт үүрэг болгосон. Нөгөө нь Засгийн газрын бодлого шүүхээр үнэн зөв тогтоогдсон тул сайд дахин тушаал заавар гаргахгүй гэсэн байсан.
-Оюутнуудаас Нэмэлт их хэмжээний мөнгө авсан гэж яриад байгаа. Энэ асуудал намжив уу?
-Энэ мөнгөний асуудал урд нь тодорхой яригдсан шүү дээ. Одоо учир зүйгээ олж байгаа байх. Ер нь олон гажуудал гаргаад байгаа. Тиймээс бид захирал А.Галтбаярыг долоо хоногийн дотор огцрохыг шаардаж байгаа юм.
-Хэрвээ огцрохгүй бол яах вэ?
-Бид тэмцлийн өөр хэлбэрт шилжинэ. Цаашдаа Л.Гантөмөр сайдыг огцруулах шаардлага тавина. А.Галтбаяр, түүний удирдлагын багт итгэл үзүүлэх аргагүй боллоо. Сургалтын буруу бодлого, арга барилаас үүдэн залгамж холбоо алдагдахад хүрлээ. Олон багш ажилгүй болох гэж байна.
Н.Лхагва /ӨДРИЙН ШУУДАН/
Н.ЛХАГВА /ӨДРИЙН ШУУДАН/
URL: