МАН-ын хуучин кадрууд О.Дашбалбар шиг зохицуулагчийг үгүйлж байна
МАН-ын удирдлагууд өчигдөр УИХ болон Засгийн газарт ажиллаж байсан үе үеийн гишүүд, сайдуудыг хүлээн авч уулзаж, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа. Уулзалтын эхэнд МАН-ын дарга, УИХ-ын гишүүн М.Энхболд сүүлийн 20 жилийн хугацаанд босгож ирсэн Монгол Улсын эдийн засгийг шинэчлэлийн Засгийн газар хоёрхон жилийн дотор унагаж, 2013 оны эцсийн байдлаар эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд бүгд сөрөг гарч байгааг онцоллоо. Улсын нэгдсэн төсвийн орлого 1.5 их наяд төгрөгөөр тасарч, төсвийн урьдчилсан гүйцэтгэлээр төсвийн алдагдалд 1.3 йх наяд төгрөг буюу ДНБ-ний 7.5 хувьдхүрсэн. Инфляци 12.5 хувьд хүрч, цаашид ч инфляци өснө гэдгийг Дэлхийн банкны тайланд тусгасан байгаа гэв.
Үүнээс гадна Монгол Улсад бизнес эрхлэх таатай орчин хумигдаж, төрийн дарамт улам бүр нэмэгдэж, олон зуун аж ахуйн нэгж хаалгаа барьж байна. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ 20-74 хувь өссөн байхад иргэдийн орлого нэмэгдээгүй нь хүн амын амжиргааны түвшинг өдрөөс өдөрт дордуулж байна. Эдийн засаг хямралын түвшинд хүрсэн байхад эрх баригчид бодит байдлыг ард түмнээс нуун дарагдуулж, эдийн засаг хямраагүй мэтээр олон нийтэд мэдээлэл өгч байгаа нь хямралыг улам даамжруулж байна хэмээн сөрөг хүчнийхэн үзэж байгаа аж. Иймээс улс орны хувь заяаг үүрч ирсэн намын хувьд цаашид хэрхэн ажиллах, хариуцлагагүй эрх баригчидтай ямар хариуцлага тооцох, хүндрэлээс гарах ямар арга замыг эрэлхийлэх талаар санал солилцсон юм.
Энэ үеэр МАН-ын хуучин “кадрууд” улс орны хэтийн хөгжил, эдийн засгийн өнөөгийн хүндрэлээс хэрхэн гарах талаар өөрсдийн саналаа хэлсэн юм. Мөн сөрөг хүчний байр суурьт ажиллаж буй намаа яаж ажиллах ёстойг ч сургамжлав. Тухайлбал Төв аймгийн Засаг дарга асан Ж.Гомбожав, Ардын намыг парламентад байгаа эрх баригчдаас бусад төлөөлөлтэй эв зүйгээ олохдоо муу байгааг шүүмжиллээ. 1996-2000 оны үед МАН мөн сөрөг хүчин байсан бөгөөд, энэ үед О.Дашбалбар гол зохицуулагчийг амжилттай хийдэг байсныг эргэн дурслаа.
Тэрбээр “Сөрөг хүчинд нэг ч гэсэн хүн хэрэгтэй байдаг юм. Өнөөдөр та нарыг тэдэнтэй холбодог, ашигладаг байдал чинь дутагдаад байна. Тэр ч бүү хэл бие даасан гурван гишүүн, “Шударга ёс” эвслийнхэн та нарын эсрэг байгаад байна. Уг нь манай намын угшилтай, юм хийвэл хийхээр хүмүүс дөлж зугтаад байна. Гэхдээ шалтгааны энд яриад байх шаардлагагүй. Харин ярьж байгаа зүйлээ сөрөг хүчнээс биш цөөнхийн зүгээс тавьж сурах хэрэгтэй. Хэдийгээр “сөрөг хүчин” гэдэг үг боловч олон түмэнд нөлөөлөх нөлөөлөл их байгаа. Ер нь цаашид УИХ-аар хэлэлцэж байгаа асуудалд завсарлагыг аль болох бага авах шаардлагатай. Авбал зайлшгүй шаардлагатай тохиолдолд завсарлага авмаар байгаа юм.
Та нарын завсарлага авсан нөхцөлд олонхи болж байгаа нам өөртөө ашигтай хувилбар сонгож, ард түмэнд буруу ойлголт өгөөд байна. Бид 1996, 2000 онд цөөнх байхдаа тийм тактик хэрэглэж байсан. Тэр тактик дутагдаад байна” гэсэн юм.
Б.ТОГТОХ /ӨДРИЙН ШУУДАН/
URL: