Ш.Түвдэндорж Х.Баттулгын даалгавраар ЗГ-т орох нь

78770955bee5e408originalҮйлдвэр хөдөө аж ахуйн сайд асан Х.Баттулга Н.Алтанхуягаас зайгаа авч одсноор Засгийн газарт сайдын суудал онгойж хоцорсон. Тиймээс Үйлдвэр хөдөө аж ахуйн яамыг эзэнтэй болгох тухай  Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өчигдөр хуралдлаа. Ерөнхий сайд Н.Алтанхуяг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг санал болгосныг Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар хэлэлцээд, зөвлөлийн гишүүдийн 100 хувь дэмжсэн байна. Чухам яагаад Н.Алтанхуяг “алтангадас” болон бусад фракцаас хүн зүтгүүлэлгүй МоАХ, тэр тусмаа сайд асан Х.Баттулгын баруун гар гэгдэх Ш.Түвдэндоржийг санал болгон дэмжүүлж байгаа нь ихээхэн сонирхол татна.
Тэгэхээр дараагийн процесс бол Гүйцэтгэх зөвлөлийн 32 гишүүн Ш.Түвдэндоржийг дэмжсэн тухай саналаа УИХ дахь АН-ын бүлэгт хүргүүлэх ёстой. Гүйцэтгэх зөвлөлийн саналыг АН-ын бүлэг хүлээн зөвшөөрвөл УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн ҮХАА-ын сайдыг томилох учиртай. Нэгэнтээ Н.Алтанхуяг нь санал болгоод Гүйцэтгэх зөвлөл нь 100 хувийн саналаар дэмжиж байхад Ш.Түвдэндоржийн сайд болох дараа дараагийн даваа ямар ч саадгүй гэсэн үг.

Хамгийн гол нь Н.Алтанхуяг заавал яагаад Х.Баттулгын баруун гарыг санал болгон оруулж ирэв ээ гэдэг нь сонирхолтой. Ерөнхийдөө газар тариалангийн ажлыг унагаж, экспортоор будаа гаргаж байсан улс эх орныг 100 мянган тонн будаа импортоор авахаар болтол нь унагасан “женко”-гийн баруун гарыг сайдын суудалд тавих гэж байгаа нь улстөрийн ямар нэгэн нүүдэл байхаас зайлахгүй. Хардаж хэлбэл, АН фракц хоорондын дайн хэдийнээ эхэлснийг харуулсан хэрэг. Тодруулбал, хэзээ нэгэн цагт ҮЗХ хуралдахад квот ёсоор сайдын суудал авсан фракцуудад тооцоо бодож таарна. Энэ цагт нэгэнт уначихсан үйлдвэр хөдөө аж ахуйн салбараар далимдуулж МоАХ-г ташуурдах томоохон зэвсэг бололтой, нэг талаасаа. Н.Алтанхуяг өнгөцхөн л харж байгаа хэрэг шүү дээ. Гэтэл Х.Баттулга түүний цаадхи гурван нүүдлийг харчихаад л Ш.Түвдэндоржийг зүтгүүлж байгаа хэрэг.
Ер нь бусад фракцуудаас хэн нэгнийг санал болгоход МоАХ тэгтлээ улайрахгүй нь мэдээжийн хэрэг шүү дээ. Нэгэнт квот ёсоор өгсөн суудлаа орхиод явж байгаа фракцийнхан олон зүйл ярихгүй. Н.Алтанхуяг “женко” хоёрын дайн ийнхүү төрөл бүрээр явагдаж байгааг үгүйсгэх аргагүй. Гэхдээ Ш.Түвдэндорж энэ салбарыг босгох битгий хэл нэг их чармайж ажиллахгүй л болов уу. Яаж ч бодсон Засгийн газрын эсрэг бодлого явуулах нэгэн сайд нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл “женко”-гийнхоо заавраар Н.Алтанхуягийн эсрэг зогсох хүн бол энэ танхимд ганцхан Ш.Түвдэндорж болох нь. Тэртээ тэргүй замын дундаас өнгөрчихсөн энэ Засгийн газарт Ш.Түвдэндорж яаж ч ажилласан нэмэргүй, угаасаа цаадхи нь шороотой хутгачихсан салбар. Тэгэхээр зөвхөн фракцийн эрх ашгийн төлөө, магадгүй Засгийн газрыг унагах алсын төлөвлөгөөгөөр энэ суудалд ирсэн байхыг үгүйсгэхгүй. Энэ зэргийн улстөр бол Х.Баттулгаас гарч л таарна. Одоо Ш.Түвдэндорж сайд болсноор Засгийн газрын дотоод дайн улам дэгдэнэ.
Нэг талаараа хоёр хоёр жилээр засгаа ээлжлэн барих гэрээгээ зөрчин суудалдаа улайрч байгаа Н.Алтанхуягт ийм л хор хэрэглэхээс нааш энэ суудлаас буухгүй. Хамгийн аюултай нь өнөөдрийн Засгийн газрын бүтэц хэзээ огцрох бол гэсэн айдас, тэртээ тэргүй огцрох юм чинь хэмээн хоноцийн сэтгэлээр ажилдаа хандаж байгаа нь ч улс орны байдлыг улам дордуулж байна. Энэ байдал нь ч “женко”-д сайнаар нөлөөлж байгаа учраас тэрээр тун удахгүй засгийг тэргүүлнэ гэдгэтээ итгэлтэй сууж байгаа. Түүнд засаг тэргүүлэх нь ч чухал болохоос биш, улс орны амьдрал тэгтлээ ч чухал биш шүү дээ.

А.Гал

URL:

Сэтгэгдэл бичих