Онцгой объектод ойртох Хятад компаниудын даврал хэрээс хэтэрлээ

 

“Зууны мэдээ” сонин Монгол Улсын онцгой объект болох Зэвсэгт хүчний 120-дугаар цэргийн ангийн Зэвсгийн агуулахтай арван алхмын зайд  тулган элсний карьер ухсан талаар сурвалжлага хүргэж байсан. Эх сурвалжийн хэлснээр Монгол Хятадын хам­тар­сан  “Гантиг-Уул”, “Богда холдинг”  компаниуд 2008 оноос   уул уурхайн карьер ухаж эхэлсэн байдаг. Биднийг хэдэн сарын өмнө очиход карьерын машин, ганц нэг гэрээс өөр зүйлгүй эл хуль байсан газарт харин одоо карьерын ажил ид идэвхжээд эхэлжээ. Өндөр хүчдэлийн кабель татаж, чулуу бутлагч зэрэг өндөр хүчин чадалтай багаж төхөөрөмж ажиллуулсан 3-4 карьер зэрэгцэн үйл ажиллагаа явуулж байна.Тэд өдөр нь ажлаа зогсоогоод амралтын өдөр болон шөнийн цагаар  чулуу бутлах болон хайрга олборлох ажлаа эхлүүлэн бужигнуулж эхэлдэг гэнэ. Нүсэр дуу чимээ гарч, хавийн зүйл харагдахгүй болтол улаан шороо самарч эхэлдэг аж. Мөн зэвсгийн агуулах, карьер хоёрын хоорондох арван алхмын зайд байгаа за­мыг шинэ  шороо дэв­сэж сэргээжээ. Зөвхөн ачааны машин явуулахаар сайжруулсан нь энэ аж. Нэлээн хэд хоногийн өмнө том машинаар улаан шороо зөөн өн­гөлж зориулалтын төхөө­рөмжөөр индүүдэж янзал­сан гэдгийг тэндэхийн хүмүүс хэлж байгаа юм.

Компаниуд ажилч­дынхаа кэмпийг тойруулан хэд хэдэн гэр барьж бараг жижигхэн гэр хороолол маягийн юм босгож  тохижуулжээ. Мөн агуулахын арын энгэрт хашаалан буусан айлууд ч харагдана. Ал­баны хүмүүсийн хэлс­нээр зэвсгийн агуулах дотор 30 гаруй километр зайд дэлбэрэх хүчин чадалтай зэвсэг байгаа гэнэ. Муугаар бодлоо гэхэд арван алхмын зайтай байгаа ажилчид, ойр хавийн айлуудын хүмүүсийн амь насыг  бодох л асуудал. Энэ талаар хайрганы компанийн хүмүүс “Манайх тусгай зөвшөөрлийн дагуу  олон жил үйл ажиллагаа явуулж байна. Зогсоох байсан бол өмнө нь зогсоохгүй яасан юм. Энэ одоо зэвсгийн агуулах уу. Энд чинь зэвсэг байхгүй. Зүгээр нэг хоосон балгасанд тулгаж карьер ухахаар яадаг юм. Үнэхээр л тусгай хамгаалалттай газар байсан бол энд ингээд ухуулаад байж байхуу” хэмээн тохуурхаж  байсан юм. Улсын онцгой обьект карьерын компани хэдэн алхмын зайд зэрэгцэн байх энэ асуудлаар Батлан хамгаалах яамнаас тодруулахад “Зэвсгийн агуулахад тулган карьер ухаж байгаа компаниудын үйл ажиллагааг зогсоох талаар Нийслэл, НМХГ, Ашигт малтмалын газарт  удаа дараа албан бичиг хүргүүлсэн ч тодорхой хариу өгдөггүй. 2008 онд “Гантиг-Уул” компанийн зөвшөөрлийг хүчингүй болгосон.  Сүүлд шүүхдээд “Гантиг-Уул” компанийн талд шийдвэр нь гарсан гэсэн. Энэ компаниудын үйл ажиллагаа зогсоох үгүйг Ашигт малтмалын газар шийдвэрлэнэ ” гэлээ.

Цэргийн ангийнханд байгаа бас нэг асуудал бол Өлзийт хороолол, Шувуун фабрик чиглэлийн авто замын ажил зэвсгийн агуулахын хамгаалалтын торонд 2-3 метр тулж очсон явдал гэнэ. Тиймээс цэргийн ангийнхан  авто замын ажлыг түр хугацаагаар зогсоогоод байгаа юм байна.  Энэ талаар Нийслэлийн авто замын газраас тодруулахад “Шинэ тавьж байгаа зам зэвсгийн агуулахын хамгаалалтын торон ойрхон байгаа учраас замын ажлыг түр зогсоосон. Зэвсэгт хүчний жанжин штабтай зөвшилцөнө. Одоогоор ямар нэг шийдвэр гараагүй байгаа” гэсэн юм. Эх сурвалжийн хэлснээр “120 дугаар цэргийн хүмүүс хайрганы  компанийн хүмүүстэй ирж уулздаг ч хүчирдэггүй. Нэг л өдөр агуулахын торон дотор газар ухсан байхад гайхах юмгүй болоод байна. Ер нь зэвсгийн агуулах доогуур ухаж байгаа юм бишүү гэж хүмүүс их хандах болсон” гэв. Мөн хайрганы карьеруудыг тойрон үхэр бэлчиж байна. Тиймээс малчид компаниуд ухсан нүхээ тойруулж асгасан шороогоо зөөснөөс болж гүн нүх рүү ойр хавийн айлуудын мал унаж үхэх аюулд ороод байна хэмээн гомдолтой байгаагаа хэлэв. Тэгээд ч зогсохгүй өндөр шөнөгүй ачааны машин холхиж, хайрганы компаниуд ажиллаад улаан шороо босгосноос өвс ургахаа больсон гэдгийг учирлав. Карьерын компаниудаас болоод зарим хүмүүсийн толгой өвддөг болсон гэнэ. Хүн бүрийн өмнөөс тусгай зөвшөөрөлтэй хэмээн даналзаж байгаа дээрх компаниудын талаарх мэдээлэл Ашигт малтмалын га­зарт байдаггүй юм би­лээ. Карьерын компаниуд сар өдрөөр хүрээгээ тэлж газрын хэв­лийг сэндийчсээр бай­на. Баруун зүүн өмнө талынхаа газрыг ухуулчихаад ямар нэг муу юм боллоо гэхэд зэвсгээ хэрхэн зөөж гаргах вэ гэсэн асуудал тулгараад буйг учир мэдэх хүмүүс хэлж байна.

 С.САРУУЛ

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих