Багаа шинэчлэхгүй бол байгаагаа барж дуусах нь

81972a5f486e4964big  “Оюутолгой” компани ажилчдынхаа тоог 300-гаар цөөрүүлэх шийдвэр гаргалаа.

 

Хүнсний манлай үйлдвэр АПУ компани мөн орон тооны цомхотгол явуулах гэж байгаагаа технологийн шинэчлэлтэй холбон тайлбарлаж байна. Ер нь энд тэндгүй л цомхотгол. Бүтээн байгуулалт ид үргэлжилж энд тэнд цаг нартай уралдан амсхийх завгүй ажил ундарч байх улирал эхлээд хоёр cap гаруй өнгөрсөн ч өдгөө нийслэлд Бээжннгийн гудамжнаас өөр дорвитой ажил өрнөж байгаа газар алга. Гэр хорооллыг барилгажуулах төсөл таг чиг. Ямар нэг арга замаар төрийн байгууллагуудад ажилтай болж авснаа энэ насных нь хэрэг бүтсэн мэт санаж хаадганах, нам дагаж далдганасан нөхдийг эс тооцвол хувийн компанид харьяалалтай хөдөлмөрийн чадвартай ажил эрхлэгчдийн дийлэнх нь хэзээ халагдах бол гэсэн түгшүүртэйгээр ажил хийсэн болж наашаа харж инээн, цаашаа харж барайж явна.

 

Доллар тэнгэрт хадаж, төгрөг газар навс унасан. Төгрөг үнэгүйдэхийн зэрэгцээ иргэдийн худалдан авах чадвар эрс доройтоод удаж байна. Монголчуудын дэлгүүрээс авдаг хүнс нь архи голдуу болсон. Анзаараад үзээрэй. Эдүгээ хүнсний дэлгүүрүүд, ялангуяа байшин, гэр хорооллын дунд байх жижиг дэлгүүрүүдийн олонх нь лангууны шинэ зохион байгуулалтад ороод буй. Багаар савласан жинхэнэ, хуурамч нь ялгаагүй архинуудыг тэргүүн эгнээндээ өрж тавиад буй. Эрэлт ихтэй барааг худалдагчид ойр байлгах нь цаг хэмнэхэд тустай. Дэлгүүрийхний хувьд зөв ч шийдэл. Тэрүүхэндээл менежмент. Монголдугаас архинд донтогсод олон, өнөө бүр олшров. Хямарсан, сэтгэлээр унасан хүмүүсийн тоо cap сараар нэмэгдээд байгааг лангууны энэхүү шинэ зохион байгуулалт бэлхнээ гэрчилнэ. Монголын эдийн засаг, нийгмийн байдал хэр хүндэрснийг илтгэх ганц жишээ татахад л энэ.

 

Шинэчлэлийн хэмээх сүржин даржин тодотгол өөрсөндөө өгсөн Н.Алтанхуягийн Засгийн газар хоёр жил үйл ажиллагаа явуулахдаа юу хийж бүтээв ээ. Юу шинэчилж, юу сайжруулав аа. Хоёр том бондын хөрөнгөөр гараа угаацгаалаа. Одоо дахиад хөрөнгө босгоно гэчихсэн, хөдөө балчир хөвгүүд морь унаж тоглож байна гээд шилбүүр зайдагнан уралдаж тоглодог шиг гуяа алгадаад ийшээ ч, тийшээ ч савчаад байдаг. Ард түмэн харалган, дүлий биш шүү дээ. Засгийн газрын үйл ажиллагаа сайн, ухаалаг байх юм бол үр дүн нь ердөө хоёр, гуравхан сарын дотор мэдрэгдээд ирдэг. Яах вэ бас ч гэж болохоо байлаа гэдгийг оройтсон ч гэсэн олж харснаа хүлээн зөвшөөрч төсвийн хэмнэлт, 147 дугаар тогтоол, эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног гэсэн хөтөлбөрүүд хэрэгжүүлэх гэж буйгаа зарласан. Хэт ядарсан мал хавар хэчнээн тойловч арчилгаа авахгүй нүд аньдаг. Засгийн газар дэмий суухаар тэмээ хариул гэх лугаа, юу ч гэсэн үзээд алдья гэх шиг янз бүрийн гарц хайж сандарч тэвдэж байгааг анзаарахад оройтсон борооноос өөр юу ч харагдахгүй байгаа юм.

 

Парламент дахь сөрөг хүчин энэ бүхний талаар хангалттай ярьж, УИХ дахь олонх болон Засгийн газрын ам, ажил зөрж байгааг сануулсаар байгаа билээ. Тэгэхэд парламент дахь олонх хүний тоогоор илүүрхэж сөрөг хүчний хэлж сануулж буйг нохой хуцсанаас дорд үзэж буй. Тэгж улс төр хийдэг. Ингэсээр байтал ард нь улс орон хоосорч, ард түмэн өвдөж зовон, үндсэндээ элгээрээ мөлхөх дөхөж байдаг. Чуулганы хуралдаан дээр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр сөрөг хүчний хэлснийг сөрж “Эдийн засаг хүндрээгүй ээ. Монголын эдийн засаг их сайн байгаа. Шинэчлэлийн Засгийн газар маш сайн олон ажил хийсэн. Олон км зам тавьсан. Өөр ч олон ажил хийсэн” гэж ихэд бардам мэдэгдэж байсан. Зам барьсныг бол хэн ч сайшаана. Алсын хараатай, стратегийн ач холбогдолтой том бүтээн байгуулалт. Үүний хажуугаар бусад зүгээр, голдрилоороо явж байсан, хувийн хэвшлийнхэн олон жилийн ажлын туршлага, алдаа, оноо, амжилт бүтээлдээ суурилуулан эхлүүлсэн олон ажиыг бодлогоор дэмжээд давхар өөд нь татаад явж чадсангүй. Боломж олдсон дээр баялгийг хуулийн хүрээнд дахин хуваарилах, хэдүүлхнээ хувааж идэх, ядаж өөрийн гэсэн хүмүүсийн эзэмшил болгох гэсэн арга чарга, нүх сүв хайсаар баялгийг, долларыг, төгрөгийг аманд ч үгүй, хамарт ч үгүй, гадаадынханд ч үгүй, өөрсдөдөө ч, найздаа ч үгүй, эхнэртээ ч үгүй болгож орхив.

 

“Шинэчлэлийн” хэмээх, шинэчлэх бус, харин ч бүхнийг устгаж буй Засгийн газар хоёр жилийн хугацаанд дээр хэлсэнчлэн хоёр том бондын хөрөнгөөр гараа угааж, салхинд хийсгэх хоорондоо юу хийсэн бэ. Энэ жилийн тухайд дуулиантайн зэрэгцээ хэл ам дагуулсан “Шинэ сум”, Хөтөлийн цементийн үйлдвэр гэсэн урдаа ч, ардаа ч барьж шоудах хоёр төслийн л ард гарч байна. Бусад нь ёстой хүүхдүүдийн хэлдгээр будаа.

 

Нөхцөл байдал ийм байхад Засгийн газар мэдэмхий, хэнэг ч, үгүй худлаа яриад сууж байдаг сайдуудынхаа үгэнд ороод улс орныг бүрмөсөн самарч дуусгах гэж байхын оронд өөрсдийгөө, үйл ажиллагаагаа, бүтэц орон тоо, бүрэлдэхүүнээ дахин нэг эргэж хараач. Энэ Засгийн газар анх байгуулагдахад, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг зарласан даруйгаас л юу хийх, ямар үүрэгтэй нь мэдэгдэхгүй сондгойрч байсан, олон ч асуултад хариу өгөлгүй шулуухан л зүтгүүлж бий болгосон, бүх юмны гацаа, чөдөр, будлианы үүр уурхай болсон Эдийн засгийн хөгжлийн яам гээч ойлгомжгүй нэгжээ татан буулгаач.

 

Дараагийн үтэр түргэн татан буулгаж, шаардлагатай бол шинээр, өөр томьёоллоор зохион байгуулбал зохих яам бол ССАЖЯ. Уг нь анх яамтай болж байгаагийнх хаа хаана соёл, спорт, аялал жуулчлалын салбарт байдал сайжрах нь дээ гэж харж, горьдож байсан. Гэтэл яг л Засгийн газар бүхнийг будаа болгож байгаа шиг ССАЖЯ салбараа самарч байна. Аялал жуулчлалын компаниуд жуулчин ирэхээ байлаа, яана аа, өөр бизнес рүү ордог юм билүү гэцгээж байна. Монгол Улс аялахад тааламжгүй орны жагсаалтад үндсэндээ айргийн тавд явааг ССАЖЯ мэдсээр байж ямар нэг арга хэмжээ авахгүй байгааг юу гэж үзэх вэ. Байгаа цөөхөн театр нь сумын соёлын төв шиг эзгүйрч ирлээ. Дуурийн дэлхийн нэг номерын дуучин өнөөдөр цэвэрлэгчийн цалин авсан хэвээр л байна. Мэргэжлийн өндөр түвшний уран бүтээлчдийн үнэлгээ, үнэлэмж шалан дээр яг л шалны алчуур шиг үнэгүй хэвээр. Мэргэжлийн урлагийнхан цөхөрч байна. Найрал хөгжим нь дуугарахаа ч байж байна. Сонордох төдийд мэдээж чимээ гарна, харин хөгжимчдийн оргилсон, эрчилсэн эрч хүч, урам зориг, хөгжимдөж чаддагаа харуулан илтгэх сэтгэлийн өнгө, анир нь хэдийнэ алга болсон. Өндөр түвшинд хөгжиж ирсэн мэргэжлийн урлагийн өнгө энэ Засгийн газарт ирээд гундав.

 

Спортынхон арай гайгүй гэж үзэж болох ч олимпийн хэдэн аварга, медальтнууд Ерөнхийлөгчийн санаачилга, буянаар сардаа хэд хэдэн сая төгрөг авдаг болсныг эс тооцвол хувь тамирчид амжилт гаргах, нийтээр биеийн тамираар хичээллэх, эрүүл чийрэг байх талд тэмүүлэл, эрч хүч инерци төдий л болсон. Өөр олон жишээ бий. Улс орны соёлын байдлыг ингэж дор оруулах гэж энэ яамыг байгуулаагүй байлтай. ССАЖЯ-ыг татан буулгая.

 

Бас нэгэн халаглаад үл барам, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг арга нь барагдсан хүний амнаас гарах ерөөлгүй үгийг өөрийн эрхгүй санагдуулам салбар эрүүл мэндийнх боллоо. Олон таван үггүйгээр Нэгдүгээр эмнэлэг буюу Улсын клиникийн төв эмнэлэг, Шастины нэрэмжит III эмнэлэг, төрөх эмнэлгүүд, за тэгээд Түлэнхийн төв зэрэгт очоод л үз. Тэнд эгэл ардууд хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж явна. Нэгдүгээр эмнэлэгт нэг хүн даатгалын журмаар улсаас эрүүл мэндийн үйлчилгээ авах гэж яг 25 хоног зарцуулж байна. Ажилтай хүмүүс бол яагаад ч үзүүлж чадахгүй, цаг алдахаас халширсаар өвчнөө архагшуулж сүүлд нь хөдөлмөрлөж олсон хэдээ бүгдийг нь бариад гадаадын эмнэлгийг зорино. Гуравдугаар эмнэлгийг хар. Яг одоогийн байдлаар мэдрэлийн мэс заслын ямар ч хагалгаа хийгдэхгүй байна. Тархи, нуруу, нугасны хагалгаа хийлгэх шаардлагатай өвчтөнүүдээ Гэмтлийн эмнэлэгт очиж хийлгэ гээд явуулж байна. Учрыг асуувал тоног төхөөрөмж байхгүй. Эмч нар бол байна. Хэдэн тэрбумын үнэтэй аппарат төхөөрөмжөөр суусан.

 

Эмч нар нь “Мэдэхгүй улс хэзээ авч өгнө, тэр цагт л хагалгаа хийх байх даа. Тэгээд болоогүй ээ, биднийг өвчтөнүүдийн эрэлт, хүсэлтийг хангасангүй, хэл ам гаргалаа гэж цалингийн торгууль ногдуулсан гээч” хэмээж байх юм. Түлэнхийн төвд оч. Хонгилоор багтахгүй ор, өвчтөн. Хүүхдийн тасаг нь нүд халтирмаар. Бага насны хүүхэд түлэгдэхэд эцэг эх нь заавал сахиж эмчлүүлэх тул тасаг, хонгилоор эгээ л хотын гудамж мэт холхино. Амьсгалах агаар хүрэлцэхгүй шахам. Нөхцөл байдал ийм байхад Эрүүл мэндийн сайд Н.Удвал арай өнөө Н.Батбаяр сайд Монголын эдийн засаг хүндрээгүй ээ, сайн байгаа гээд байсан шиг Монголд өвчтэй хүн байхгүй ээ, эмнэлэг хүрэлцээтэй, үйлчилгээ сайн байгаа гээд сууж байхгүй л байх.

 

Салбарынхаа байдалд дүн шинжилгээ хийж, үнэлгээ өгөөд өөрөө сайжруулж чадахгүй бол сайн дураараар суудлаа тавьж өгвөл илүү буян болох байх. Азийн хөгжлийн банкны тайланд дурдсанаар Монгол Улс дипломтой эмч мэргэжилтний болон эмнэлгүүдийн тоогоор Франц, Германтай нэг түвшинд ч, ард иргэддээ хүргэж буй эмчилгээ, үйлчилгээний чанараар хөгжиж буй орнуудын жишигт байгаа юм билээ. Хөгжиж буй орнууд гэж хэн бнлээ, Ази, Африкийн буурай орнууд шүү дээ.

 

Нам, эвсэл, холбоо сүлбээ, гэрээ, хэлцэл, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж хэн ч байсан ард түмний эрүүл мэндээр дэнчин тавьж улстөржиж болохгүй.

 

Н.Алтанхуягийн Засгийн газар ийнхүү улс орныг шинэчлэх бус, эсрэгээрээ нам, улс төр, хожоо, наймааны цонхоор бүхнийг харж, байсныг устгаж, байхгүйг хий мөрөөдөн бусниулж байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих