АТГ-д шалгагдаж байгаа Д.Энхбатын өмгөөлөгч С.Жанцан учир битүүлгээр нас баржээ
17 тэрбумыг төсвөөс зувчуулсан гэх хэрэгт холбогдон шүүхээс найман жилийн ял аваад буй Д.Энхбат нарын хэргийн талаар сүүлийн үед нэлээн яригдах боллоо. Тодруулбал, Татварын ерөнхий газрын Улсын төсөв, орлого, хяналтын газрын Судалгаа, үнэлгээний хэлтсийн дарга Д.Энхбатын ар гэрийнхэн түүний ялын хэмжээг эрс эсэргүүцэж байгаа юм. Тиймээс түүний эхнэр болох Б.Охиноо нөхрийнхөө буруугүйг нотлохын тулд хэд хэдэн удаа хэвлэлд хандаад байгаа юм. Тэгвэл хоёр хоногийн өмнө Д.Энхбатын эхнэр Б.Охиноо, түүний өмгөөлөгч С.Жанцан нар “Монгол ньюс” мэдээллийн төвд 12.30 минутаас хэвлэлийн хурал зарлаж, ял аваад буй Д.Энхбатыг буруугүйг нотлох баримт болоод АТГ-ын талаар ноцтой баримт дэлгэх гэж байжээ. Гэтэл Д.Энхбатын өмгөөлөгч хэвлэлийн хуралдаа ирээгүйн улмаас хурал хойшилсон байна. Учир нь Д.Энхбатын өмгөөлөгч С.Жанцан нь 26-27-нд шилжих шөнө учир битүүлгээр нас барсан хэмээн эх сурвалж хэлж байна. Тиймээс Д.Энхбатын гэр бүлийнхэн дахин хэвлэлийн хурал зарлахаар болоод байгаа аж.
Түүнчлэн Д.Энхбатын эхнэр Б.Охиноо нь “Миний нөхрийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн даргаар ажиллаж байхад АТГ-ын одоогийн дэд дарга Б.Хурц Английн шоронд хоригдож байсан. Тэр үед эхнэрийнх нь нэр дээр байдаг “Сарнайх” гэдэг компанид Татварын ерөнхий газраас шалгаад 100 гаруй сая төгрөгийн акт тавьсан байдаг юм билээ. “Сарнайх” компани Баянгол дүүрэгт харьяалагддаг учраас актын хохирлыг төсөвт төвлөрүүлэх ажлыг Баянгол дүүргийн Татварын хэлтэс хийх шаардлагатай болсон. Мэдээж төрийн ажил учраас миний нөхөрт актын дүнг багасгах, хүчингүй болгох эрх байхгүй. Иймээс Хураалтын албаныхаа даргад үүрэг өгч акт төлүүлсэн байдаг. Үүнд л Б.Хурц өс санаж миний нөхрийг сонгон шалгаруулалтад өрсөлдөх үед нь барьж аваад энэ муухай хэрэгт татсан байх” хэмээн хэвлэлд ярьжээ.
UNEN mn
URL: