“Изинс Эйрвэйз”-ын дампууралд “Оюутолгой ” нөлөөлөв
“Оюутолгой” компанийн ажилчид өчигдөржин түгшүүртэй өнжлөө. Учир нь тус компанийн Удирдах зөвлөлөөс 300 ажилтнаа халах болсон талаар мэдэгдсэн юм. Эдгээр ажилчдаас туслан гүйцэтгэгчээр ажилладаг компаниудаас 100, үндсэн ажилчдаасаа 200 нийт 300 хүнийг халахаар болжээ.
Эдийн засагт үүсээд буй нөхцөл байдал, дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнэ унаж байгаагаас үүдэн компанийн удирдлагууд энэхүү шийдвэрийг гаргасан байна.
Өнгөрсөн онд тус компанийн далд уурхайн ажил зогсонги байдалд ороход туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан компаниуд ажилчдаа цомхотгож байсныг та бид санаж байгаа. Тухайн үед сайн сайхан амьдрал мөрөөдөж Өмнөговийг зорьсон 2000 гаруй залуу өмссөн хувцаснаас өөр зүйлгүй гэртээ ирж байсан юм. Тэдгээр залуус холын мөрөөдлөө гээгээд зогсохгүй байр, машины зээлтэй хоцорсон байдаг. Харин үүнээс жил хүрэхгүйн хугацаанд дахин 200 залуу ажилгүйчүүдийн эгнээнд нэгдэж байгаа нь харамсалтай.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Оюутолгойд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан компанийн 100 гаруй ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь халсан байна. Харин өнөөдөр компанийн үндсэн ажилтнуудыг бүтцийн өөрчлөлтөд оруулж, ажлаас нь халж эхлэх аж.
Мөн хэд хоногийн өмнө Үндсэний агаарын томоохон тээвэрлэгч “Изинс Эйрвэйз” компани санхүүгийн алдагдлаа нөхөж дийлэхгүйд хүрч, 230 ажилтнаа халж, үйл ажиллагаагаа зогсоосон юм. Тус компанийн хувьд Оюутолгойн захиалгат нислэгийг үйлддэг байжээ. Гэвч өнөөгийн эдийн засгийн хямралаас гадна санхүүгийнх нь багагүй хувийг бүрдүүлдэг Оюутолгой компанийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж, ажилчдаа халж буй нь тэднийг дампуурлаа зарлахад хүргэсэн бас нэгэн хүчин зүйл болсон байж таарах нь.
Ийнхүү монголын эдийн засагт томоохон нөлөө үзүүлдэг Оюутолгой компани ажилчдаа халж эхэллээ. Хамгийн гол нь халагдаж байгаа эдгээр хүмүүс байр машины зээлтэй ингээд ажилгүйчүүдийн эгнээнд элсэж байгаа нь харамсалтай. Тэдгээр хүмүүсийн цаана хамгийн доод тал нь гурван хүн байдаг гэж бодоход 600-700 хүний амьдрал хаашаа эргэх нь тодорхойгүй байна.
Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн төлөвлөгөөг Засгийн газраас хэрэгжүүлээд 20 хонож байгаа. Гэтэл томоохон аж ахуй нэгжүүд дампуурлаа зарлаж, ажилчдаа халж байгаа нь сэхэх нь өнгөрсөн эдийн засагтай нүүр тулсан нь тодорхой болжээ.
Б.Цацрал NEW
URL: