Б.Батхүү: Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмыг хэрхэхээ төр шийдэх ёстой
УИХ-ын чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байгаа билээ.
Энэ хуулийн төсөл болон уул уурхайн салбарын бусад цаг үеийн асуудлаар Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүүтэй ярилцлаа.
Дөнгөж уул уурхайн салбарт ороод хөрөнгөөрөө хайгуул хийгээд эхэлж байтал хууль өөрчлөгдөөд байвал хэн ч энэ салбарт итгэл үзүүлэхгүй шүү дээ.
-УИХ-аар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд эхэлчихлээ. Нэмэлт өөрчлөлтийг баталснаар эдийн засагт томоохон үр ашиг өгөх талаар ярьж байна. Энэ талаар таны бодол?
-Хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлаад гурван жил болчихлоо.Энэ хугацаанд хайгуулын ажил эрхэлж байсан маш олон компани ажилгүй болсон. Геологичидоос гадна маш олон салбарын хүмүүс ажилгүй болж байгаа юм. Хоёрдугаарт, хайгуулын тусгай зөвшөөрөлтэй компаниуд эрж хайгаад эхлэхээр газрын доорх баялгаа тодорхой болгож авдаг.
Ингэж тодорхойлж авахгүй бол уул уурхайн салбар олборлоод дууслаа бол ажил нь зогсдог эрсдэлтэй. Тиймээс цааш нь үргэлжлүүлэх шаардлага байна. Тоон судалгааг судалж үзсэн. Монголын газар нутгийн 50 гаруй хувьд нь хайгуул, олборлолт хийх боломжгүй болж байна. Дархан цаазат, тусгай хэрэгцээний газар, Урт нэртэй хуулиар хориглосон газруудыг хөндөхгүй. Тэгэхээр нийт газар нутгийн 40 хувьд олборлолт хийхээр байгаа юм.
Гэтэл өнөөдөр бол наймхан хувьд нь хайгуул хийсэн. Найман хувь гэдэг чамлалттай тоо. Энэ найман хувиас орд болж ашиглаж байгаа нь өчүүхэн байдаг. Ашиглалтын тусгай зөвшөөрөл тооны хувьд 1000 гаруй байгаа ч гэсэн газар нутгийн га талбайн хувьд Монголын газар нутгийн 0.3 хувьд ч хүрэхгүй байгаа юм. Хайгуул болгон уурхай болдоггүй гэдгийг хэлээд байна.
-Хайгуулын лицензийг эргэн сэргээсний ашиг нь юу байх юм бэ. Мөрийн хөтөлбөрөөсөө ухарлаа гэх мэт шүүмжлэл ч гарч байна?
-Хоёр гурван талын ач холбогдолтой. Нэгдүгээрт, хайгуулын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа эргэн сэргэж, ажлын байр бий болно. Хоёрдугаарт, газрын доорхи баялгийнхаа нөөцийг тогтооно. Гуравдугаарт, цаашид ашиглах ашигт малтмалын нөөцүүдийг бэлтгэнэ гэсэн үг.
Тийм учраас маш чухал юм. Хилийн зурвас газарт хайгуул явуулах нь гэх мэтээр буруу ойлголт яваад байгаа. Тийм зүйл байхгүй. Хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо төрөөс тогтоосон газарт олгоно. Монгол Улсын газар нутгийг судлаад хайж болохгүй газраа тодорхой болгочихсон. 40 орчим хувьд хайгуул хийхээс хилийн зааг газрууд байвал тусгай зөвшөөрөл өгөхгүй. Үүнийг хамаагүй мушгиж ярьж болохгүй. Сонгож байгаа газраа ил тод мэдээлнэ.
-Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, хөрөнгө оруулалтыг татах маш олон хууль, эрхзүйн орчныг боловсронгуй болголоо. Хөрөнгө оруулагчид ямар үнэлэлт дүгнэлт өгч байна вэ?
-Тааруу дүн авчихсан байсан. Үүнийгээ эерэг болгох олон ажлуудыг хийлээ. Эхлээд хөрөнгө оруулалтын тухай хуулиа баталсан. Дараа нь 2025 он хүртэл хуулиа өөрчлөхгүй гэдгээ тодорхой болгоод бодлогын баримт бичгээ баталчихлаа. Өөрөөр хэлбэл, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгээ батлуулчихсан.
Ингэснээр 10 жилийн хугацаанд бид хуулиа өөрчлөхгүй гэдгээ хөрөнгө оруулагчдад баталгаажууллаа. Ингэснээр манай салбарт оруулах хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. Сүүлийн хуулиуддаа Монголын компанитай хамтарсан байх, манай талын компанийн оролцоо 51 хувиас доошгүй байх гэсэн заалтууд оруулж байгаа. Өөрөөр хэлбэл, Монголын аж ахуйн нэгжүүд хөл дээрээ тогтож ирж байгаа учраас тэднийгээ хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх ёстой.
Бодлого маань зөв явж байна. Энэ бодлогоор явах юм бол Монгол Улсын эдийн засаг маш хурдан хугацаанд сэргэх боломжтой. Уул уурхайн салбарт итгэх итгэл эргээд сэргэж байна. Уул уурхай бол эрсдэлтэй салбар. Тиймээс маш урт хугацаанд хууль тогтоомж нь өөрчлөгдөхгүй байх хэрэгтэй. Дөнгөж уул уурхайн салбарт ороод хөрөнгөөрөө хайгуул хийгээд эхэлж байтал хууль өөрчлөгдөөд байвал хэн ч энэ салбарт итгэл үзүүлэхгүй шүү дээ.
-Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал маш их шүүмжлэл дагуулсан. Одоо үүнийг хэрхэн шийдэх гэж байна вэ?
-Би өөрөө ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаа. “Урт нэртэй” хууль зөв хууль байсан гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ урд нь байсан хуулиа баримталж ажиллаагүйн хар гай одоо гарч байна. Усны тухай хууль дээр эргийн хамгаалалтын бүс буюу голын эрэгт ойрхон бүсэд тусгай зөвшөөрөл олгохыг хориглох байтал олгосоор ирсэн байгаа юм. Олгосон төрийн байгууллага, авсан аж ахуйн нэгж аль аль нь буруу утгаар авч байсан.
Тиймээс энэ хуулийг зөв гэж үзэж байгаа. Гэхдээ энэ хуулийг хэрэгжүүлэх арга замыг буруу сонгосон. Урьд нь өгөөд, баахан хөрөнгө мөнгө зарчихсан хүмүүсийн ажлыг зогсоочихсон. Гэтэл хуульд зогсоосон бол нөхөн төлбөр өгөх ёстой гээд заачихсан. Нөхөн төлбөр өгнө гэхээр мөнгө байхгүй.
Мөнгө байхгүй учраас зөвшөөрлийг цуцалж болохгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Тиймээс эх хуулийг нь өөрчлөхгүй үргэлжлүүлнэ. Харин өмнө нь авсныг цааш нь үргэлжлүүлээд явах ёстой юм. Олон нийтийн хяналтын дор ажлыг нь дуусгаад, эргээд нөхөн сэргээлгэж авна. Тэгэхгүй бол төрөөс нөхөн төлбөр өгөхгүй болохоор эзэнгүй орхиод нинжа нар тэнд нь бужигнуулаад байгаа.
Зарим нь өөрсдөө нинжа болж ороод ашиглаад эхэлчихсэн. Тэгэхээр тэднээс татвар авч чадахгүй, талбай нь эвдэрч сүйдэх, нөхөн сэргээх хариуцлага хүлээх хүн байхгүй болж байгаа юм. Цаашлаад уул уурхайн салбарт маш сөрөг үнэлэмж бий болгож байна. Бүгдийг нь сэргээх гэж байгаа мэтээр ташаа ойлголт байж болохгүй.
-Эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногийн хүрээнд Уул уурхайн яаманд асар их ачаалал ирж байна. 100 хоногийн хугацаанд хууль эрхзүйн орчноо бүрэн шийдэж амжих уу?
-Амжина. Бүгдийг нь өргөн барьчихсан байгаа. Өргөн барьсан хуулийн хүрээнд ярилцаад явчихна. 2025 он хүртэл өөрчлөлт орохгүй ээ гэдэг итгэлийг өгчихөөр хөрөнгө оруулагчид илт сэргэж байна. Хууль эрхзүйн орчноо бүрэн боловсронгуй болгохыг л хүлээгээд байгаа.
106 тусгай зөвшөөрлөө яах юм, Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмыг хэрхэхээ төр шийдэх ёстой. Хэрвээ цуцлах бол нөхөн төлбөрийг нь өгөөд, бүр хаагаад газраа буцааж авах хэрэгтэй байгаа юм. Тэгж чадахгүй бол сая өргөн барьсан байдлаар, эсвэл УИХ дээр ярьж байгаад арай өөр хувилбараар шийдэх хэрэгтэй. 100 хоногтой холбогдсон гол асуудлаа шийдчихсэн. УИХ хурдан батлах, хэлэлцэх асуудал үлдсэн.
-Дээр хэлсэнчилэн дотоодын уул уурхайн компаниудыг дэмжих асуудлыг хэр анхаарч байна вэ. Уул уурхайн салбар гадны хөрөнгө оруулагчдаас хараат байдалтай байна, тэдэнд илүүтэй их анхаардаг гэх шүүмжлэл байнга л дагалддаг шүү дээ?
Энэ бүгдэдээ анализ хийгээд хариуцлагатай, ил тод, хаа, хаанаа ашигтай, дотоодын компаниудыг дэмжсэн байдлаар бодлогоо баталж авлаа.
-Хуучин бол уул уурхайн салбар төрийн гар дор явж байсан. Зах зээлд шилжихэд энэ байдал задарсан. Тэгээд эдийн засаг хүнд байсан учраас газрын доорх баялгаа ашиглахаар болж хөрөнгө оруулагчдыг дуудах хууль баталсан нь 1997 оны Ашигт малтмалын тухай хууль. Энэ хууль хамгийн түрүүнд орж ирсэнд нь ашигт малтмалаа ашиглуулъя гэж шийдсэн. Ингэснээр маш олон гадны уул уурхайн компаниуд орж ирсэн. Түүний хүчинд нэлээд олон орд нээсэн нь сайн тал байсан.
Гэтэл тусгай зөвшөөрөл хяналтгүй байснаас лицензийн наймаа цэцэглэсэн. Цаашлаад алтыг нь аваад авдрыг нь хаядаг байдал газар авсан юм. Тэгээд үүнийгээ засахдаа буруу зассан. Шууд өндөр татвар тавьдаг, хуулиа өөрчилж, хааж хорьж эхэлснээс болж гадаад, дотоодгүй хохирсон. Тэгэхээр энэ бүгдэдээ анализ хийгээд хариуцлагатай, ил тод, хаа, хаанаа ашигтай, дотоодын компаниудыг дэмжсэн байдлаар бодлогоо баталж авлаа.
Одоо энэ бодлогынхоо дагуу л ажиллаад ирэхээр дотоодын компаниуд ч эргээд үйл ажиллагаа нь жигдэрчихнэ. Тэсэрч дэлбэрэх бодисын тухай хууль дээр гэхэд л компанийн 51-ээс доошгүй хувь нь Монголынх байна гээд заачихсан. Ашигт малтмалын тухай хуульд ч гэсэн дотоодын компаниуд бүтээгдэхүүнээ нийлүүлэх ёстой, гадны хөрөнгө оруулалт ороход дотоодын компаниуд хамтрах зэрэг нөхцлүүдийг бий болгосон. Үүний үр дүн одоогоор гарах болоогүй байна.
-Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг дэмжих ёстой гэдэг шийдвэр гаргасан. Түүнээс хойш үр дүн гарав уу?
-Засгийн газар, Уул уурхайн яамны байр суурь тодорхой болчихсон. Одоо хувь нийлүүлэгчид болон ТУЗ-ийн гишүүдийн шийдэх асуудал байгаа юм. Засгийн газар дэмжинэ гэдгээ илэрхийлчихсэн учраас хөрөнгө оруулагч тал энэ талаар ажиллаж байгаа гэж мэдэгдсэн. Үр дүн нь удахгүй гарах байх.
-“Чалько”-д төлөх өрөө төлж дуусах хугацаа зургадугаар сарын 1 гэж байсан ч хугацаа удааширсан. Энэ талаар?
-Төлөх хугацааны асуудал “Чалько”-оос хамаарч байгаа мэдээлэл байгаа. “Чалько” нүүрсээ Хятадын талдаа аваад цаашаа борлуулж байгаа. Тэр нь удааширалтай байгаа юм билээ. Агуулах сав нь дүүрсэн татан авалт нь удааширсан болохоос “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд “Чалько”-д төлөх өрний хэмжээний нүүрсээ гаргаад тавьчихсан. Ачиж цааш нь гаргаж авах асуудал үлдчихсэн. Өр бол төлөгдчихсөн гэсэн үг.
-Хүдэр боловсруулах болон төмөрлөгийн үйлдвэрүүд дээр тээврийн жишиг үнэ тогтоох нь хүндрэл учруулдаг гэдэг. Үүнийг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ?
-Анхлан бид төмөр, нүүрс экспортолдоггүй байлаа. 2000 оны эхээс Өмнөговь аймгаас бага зэрэг экспортолж эхэлсэн. Энэ бол өсөлт авчирсан. Тухайн үед нөөц ашигласны төлбөрийг авахдаа хэдэн төгрөгөөр бүтээгдэхүүнээ зарсан бэ гэдгээс авдаг байсан. Энэ нь бага байна, хүмүүс зарахдаа худлаа гэрээ хийдэг, Монголын баялгийг хямд үнээр зарж байна гэсэн шүүмжлэлтэй тулгарсан учраас УИХ дээр ярьж байгаад Засгийн газраас жишиг үнэ тогтоосон юм.
Нүүрсийг тэдэн төгрөгөөр зарсан, ийм үнээр тооцож рояльтиг авна гэсэн нь нэлээд маргаан дагуулж байгаа. Компаниуд худалдан авагч нартайгаа гэрээ хийхдээ гэрээний дүн нь янз бүр байдаг. Тэгэхээр бага үнээр зарсан нь бага татвар, их үнээр зарсан нь их татвар өгч эхэлсэн учраас яамнаас нэгдсэн нэг биржийн үнэ зарлаж байх ёстой гэж тогтсон юм.
Энэ зарласан үнийг хаанаас авч байна вэ гэдэг нь бас маргаан үүсгээд байгаа. Ер нь зах зээл боломжийн байхад маргаан гарахгүй байсан ч үнэ унаад ирэхээр компаниудад хүндрэл болж эхэлсэн. Тиймээс зургаан сарын хугацаанд тухайн компанийн гэрээний үнээр татвар авч байхаар шийдсэн.
Энэ асуудлыг шийдэх гээд явж байна. Компаниуд гэрээгээ үнэн зөвөөр хийгээд явчихдаг бол асуудал үүсэхгүй. Гэтэл зарим компаниуд хуурамчаар тайлан мэдээ гаргаад байгаа юм. Нүүрсний ангиллын стандартыг бий болгож үнийн тооцооллыг компаниудтай хамтран гаргаж байгаа учраас удахгүй энэ асуудал шийдэгдэнэ.
Б.Балжир
URL: