“New Mass” баарны эрхийг цуцлаад байхад л эргэж сэргээгээд байх юм

1401243259_538245_500022450048007_1642480594_n_500x500- БГД-т архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг 12 аж ахуйн нэгжийн эрхийг цуцлажээ -

Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоог тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах УБ Паласын дэргэдэх “New mass” шөнийн цэнгээний газрын эзэдтэй ямар нэгэн холбоотой, тэднийг дүүргийнхээ нутаг дэвсгэр дээр хууль зөрчин бүтэн шөнөжин өглөө болтол ажиллахыг зөвшөөрдөг гэсэн мэдээлэл бий. Тэгвэл түүний хувьд энэ баар толгойны өвчин болчихоод байгаа аж. Учир нь, Засаг дарга болсноосоо хойш “New mass” гэх баарыг нийтдээ найман удаа тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгосон ч тус баар одоог болтол ажилладгаараа ажилласаар л байгаа аж. Тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгочихоод байхад л хэсэг хугацааны дараа Захирагчийн ажлын албаны дэргэдэх Үйлдвэр, үйлчилгээний газраас эрхийг нь сэргээчихдэг, тэдэнтэй дайн зарлаад байгаагаа ч нуусангүй.  Өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “I Loft” диско клубын тусгай зөвшөөрлийг мөн л цуцласан байдалтай байгаа ч дээрхи газрууд ажилласаар байна.

 

Нийслэлийн цагдаагийн газраас өгч байгаа мэдээллээр “New mass”, “I Loft”, “Brix” зэрэг томоохон баар, цэнгээний газрууд үргэлж цаг хэтрүүлэн ажилладгаас гадна тэнд байнга хулгай гардаг аж. Хамгийн их баар, цэнгээний газартай дүүргээр Баянгол дүүрэг шалгараад байгаа бол тус дүүргийн хүрээнд архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудтай тэмцэж эхэлжээ. Хамгийн сүүлийн жишээ гэвэл насанд хүрээгүй охид баарнаас гараад амиа алдсан байдаг. Он гарсаар БГД-т согтууруулах ундаагаар үйлчилдэг 12 аж ахуйн нэгжийн эрхийг хассан байна. Учир нь, эдгээр аж ахуйн нэгжүүд ихэвчлэн цаг хэтрүүлэн ажиллах, насанд хүрээгүй хүүхдэд согтууруулах ундаагаар үйлчлэх зэрэг зөрчлийг гаргадаг гэнэ.  Баянгол дүүрэг хотын төвд байрлаж, хүн ам ихээр төвлөрсөн гэдэг утгаараа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгжүүдийн тоо ч их байдаг аж. Тэгвэл тус дүүрэгт нийт 940 гаруй аж ахуйн нэгж, иргэд согтууруулах ундаагаар үйлчлэх үйлчилгээ эрхэлдэг бөгөөд энэ бол бусад дүүргүүдээс хэд дахин их тоо юм. Үүнийг дагасан гэмт хэрэг, зөрчлийн тоо ч буурахгүй байгаа гэнэ.

 

Архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг ААН-үүд ихэнхдээ камержуулалт, гэрэлтүүлэггүйгээсээ болоод гэмт хэргийн үүр уурхай болж, цаг хэтрүүлэх, бага насны хүүхдүүдэд согтууруулах ундаагаар үйлчлэх зөрчлүүд гаргадаг байна. Зөрчил гаргасан байгууллагуудын эрхийг хаах хүртэл арга хэмжээ авч байгаа юм. Учир нь, энэ оноос эхлээд аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл өгөх, цуцлах эрх нь дүүргүүдэд шилжсэнээр тэдэнд илүү хяналт тавих боломжтой болсон байна. Тиймээс нэгэнт эрх нь хаагдсан л бол дээгүүр, доогуур ярьж эрхээ сэргээлгэдэг асуудал байхгүй болно гэж үзжээ. Хамгийн гол нь нэг байгууллага эрхийг нь түдгэлзүүлж, үүдийг нь хаадаг, нөгөө байгууллага эргэж сэргээгээд байдаг нь асуудал гэдгийг тус дүүргийнхэн хэлж байна.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих