Цууны хүчил уусан охины улаан хоолой цоорч, амьсгалын аппарадтай байна

er0528Эцэг эхчүүдийн хараа хяналт суларснаас хүүхдүүд бэртэж гэмтэх, хордох явдал цөөнгүй байна.

 

Сүүлийн үед Эх хүүхдийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн эрчимт эмчилгээний тасаг  ачаалаа даахгүйд хүрсэн байна. Учир нь болгоомжгүй, хайхрамжгүй үйлдлээс болж бяцхан хүүхдүүд эрүүл мэндээрээ хохирох нь нэмэгдсэн гэнэ.

 

Тухайлбал тус эмнэлгийн эрчимт эмчилгэний тасагт энэ сарын 23-ны өдөр цууны хүчил буюу уксус балгасан 11 настай охин иржээ. Тэрээр тархины саажилттай бөгөөд ээжийгээ эзгүйд хөргөгчөө онгичиж байгаад цууны хүчил уусан байна. Улмаар охины улаан хоолой цоорсон бөгөөд одоогоор амьсгалын аппарадтай байгаа аж. Түүний амь насыг эмч нар аварсан ч бие нь тааруу байгаа гэнэ.

 

Мөн энэ тасагт бензин уусан гурван настай хүү, 10 ширхэг аспирин уусан хоёр ойтой хүүхэд, ээжийнхээ хэрэглэдэг тураах бэлдмэлийг уусан дөрвөн настай хүүхэд яаралтай хүргэгдэн ирж эмчлүүлж байгаа аж. Түүнчлэн тосол уусан хүүхэд ирсэн бөгөөд биеийн байдал нь хүнд бөөрний дутагдалд оржээ. Энэ мэт эцэг эхчүүдийн үр хүүхэддээ тавих анхаарал суларснаас тэд  санамсаргүй байдлаар маш ихээр хордож эрүүл мэндээрээ хохирч байна.

 

Ер нь хүүхдийн бие эмзэг мэдрэмтгий байдаг учир энэ мэт хортой бодисонд хордвол илүү аюултай байдаг аж. Хордсон хүүхдүүд бөөрний дутагдалд орж, дархлаа нь сулардаг байна. Тиймээс эм бэлдмэл, химийн хортой бодисыг бага насны хүүхдийн гар хүрэхгүй газарт хадгалахыг хүүхдийн эмч нар сануулж байна.

Б.Оргил

new.mn


URL:

Сэтгэгдэл бичих