Дөрвөн настай хүүхэд ээжийнхээ тураах эмийг ууж эмнэлэгт хүргэгджээ
Эх хүүхдийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн эрчимт эмчилгээний тасагт болгоомжгүй, хайхрамжгүй үйлдлээс болж бяцхан хүүхдүүд эрүүл мэндээрээ хохирох нь нэмэгдэж ачаалал ихтэй байгаа юм байна. Эмнэлгийн эрчимт эмчилгэний тасагт энэ сарын 23-ны өдөр цууны хүчил буюу уксус балгасан 11 настай охин иржээ. Тэрээр тархины саажилттай бөгөөд ээжийгээ эзгүйд хөргөгчөө онгичиж байгаад цууны хүчил уусан байна. Улмаар охины улаан хоолой цоорсон бөгөөд одоогоор амьсгалын аппарадтай байгаа аж. Түүний амь насыг эмч нар аварсан ч бие нь тааруу байгаа гэнэ.
Мөн энэ тасагт бензин уусан гурван настай хүү, 10 ширхэг аспирин уусан хоёр ойтой хүүхэд, ээжийнхээ хэрэглэдэг тураах бэлдмэлийг уусан дөрвөн настай хүүхэд яаралтай хүргэгдэн ирж эмчлүүлж байгаа аж. Түүнчлэн тосол уусан хүүхэд ирсэн бөгөөд биеийн байдал нь хүнд бөөрний дутагдалд оржээ. Энэ мэт эцэг эхчүүдийн үр хүүхэддээ тавих анхаарал суларснаас тэд санамсаргүй байдлаар маш ихээр хордож эрүүл мэндээрээ хохирч байна.
Учир мэдэхгүй бага насны хүүхдүүдээс энэ мэт хортой бодис агуулсан. эм хэрэглэлийг хол байлгаж өөрийнхөө ирээдүй болсон үр хүүхдээ хамгаалаарай. Ер нь хүүхдийн бие эмзэг мэдрэмтгий байдаг учир энэ мэт хортой бодисонд хордвол илүү аюултай байдаг аж. Хордсон хүүхдүүд бөөрний дутагдалд орж, дархлаа нь сулардаг байна.
URL: