Р.ДАГВА: Э.БАТ-ҮҮЛ ДАРГА АА, ХОТДОО ХОНОЦЫН СЭТГЭЛЭЭР БИТГИЙ ХАНДААЧ ЭЭ

үүлНийслэлийн бүтэц бүрэлдэхүүн, төсөв данхайсан тухай тэдээлэл сүүлийн өдрүүдийн гол сэдэв болоод байна. Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч, СХД-ийн засаг даргын орлогч Р.Дагватай ярилцлаа.

-Нийслэлийн бүтэц данхайж төсөв хоёр дахин нэмэгдсэн тухай мэдээллийг нийслэлийн ИТХ-ын МАН-ын бүлгийнхэн олон нийтэд хүргэлээ. Хотын дарга Э.Бат-Үүлд шаардлага хүргүүллээ. Энэ талаараа тодруулахгүй юу?
-Нийслэлийн 2013 он 2014 оны төсөв бол нэлээд боломжийн батлагдаж байгаа. 2012 оноос өмнөх жилүүдийн нийслэлийн төсөвтэй харьцуулахад хамаагүй их тоо гарч байна. Тиймээс бид энэ их том төсвийн харьцуулалтыг Тамгын газраас албан ёсоор авсан тоон дээр тулгуурлан ярьж байна. 2012 онд МУ-ын ЗГ-аас Нийслэл, дүүргийн бүтцийг баталсан 190-р тогтоол гэж гарсан. Тэр тогтоолыг үндэслээд нийслэлийн бүтэц өнгөрсөн хоёр жилийн хугацаанд үнэмлэхүй хэмжээнд өссөн байна. Нэгжийн хэмжээнд, нийслэлийн засаг даргын харьяа бүтэц нэгжийн тоо гэхэд л 202-оор нэмэгдэж, төрийн албан хаагчийн тоо 2900-гаар, цалингийн зардал гэхэд л 24,3 тэрбум төгрөгөөр өссөн байна. Дээрээс нь нэмээд 2900 төрийн албан хаагчдад зориулсан автомашин, бензин, ширээ сандал, нийгмийн даатгал, урамшуулал гээд энэ бүх урсгал зардлуудыг тооцохоор нийслэлийн урсгал зардалд зарцуулагдах төсөв 207 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Манайх шиг бага эдийн засагтай орны хувьд энэ их мөнгөөр маш их юм хийж болно. Нийслэлийн хэмжээнд иим их хөрөнгийг урсгал зардал буюу цалингийн санд зарцуулна гэдэг бол байж боломгүй зүйл. Бид ийм их мөнгө олдог хот мөн үү, гээд эргээд харахаар бас бодох хэрэггэй асуудал харагдаад байгаа юм л даа. Үүнд нийслэлийн ИТХ-ын МАН-ын бүлэг эмзэглэсэн. Ер нь бол 2012 оноос өмнө нийслэлийн бүтэц тийм муу байгаагүй. Боломжийн бүтэц байсан. Тэр бүтцээ эргэж хараад орчин үеийн сайн менежменттэй хувийн хэвшлийнхний загварыг Улаанбаатар хотод нутагшуулах зайлшгүй шаардлага байгаа юм байна гэдэг дээр МАН-ын бүлэг дуу хоолойгоо нэгтгэж байна.

-Орон тоо төсөв ингэж их данхайлаа гээд нийслэлд өмнөх онуудаас илүү гарч хийсэн бүтээсэн зүйл юу байна вэ. Тэр их ажиллах хүчийг дагаад маш их бүгээн байгуулалт, нэмэгдэж байгаа байлгүй?
-Ямар хэмжээний дүнгээр мөнгөөр ажил хийж зардал гаргана, эргээд тэр хэмжээний гүйцэтгэлийг хотын иргэд нэхэх ёстой. Тэр хэмжээгээр төрийн алба шуурхай болж уу, төрийн үйлчилгээг иргэд үнэхээр сэтгэл ханамжийн өндөр төвшинд хүлээж авч байна уу, үгүй юу гэдгийг нийслэлийн иргэд маань хэлэх байх. Би энд дүн тавихгүй ээ.

-Нэг хийсэн ажлаа хоёр дахин хийж, нэг бүтээснээ дахиж үгүйсгэх шаардлага байна уу. Хэдэн жилийн өмнө замын уулзваруудын талбайг тохижуулж байснаа одоо дөрвөн замын уулзварууд болгож байна. Нэг тавьсан замаа хойтон нь хуу татаад хаячих юм?
-Өмнөх жилүүдэд Улаанбаатар хотын хөгжлийг 2030 он хүртэл хөгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь батлагдсан. Манайхан өмнөх хүмүүсийнхээ хийсэн ажлыг үгүйсгэх гэхдээ бүгдийг үгүйсгэх зарчим барьж байгаа нь буруу. Ажлыг нь хамт үгүйсгэнэ гэдэг бол өөрөө их мугуйд зарчим. Ялангуяа нийтийн эрх ашигт бол хамгийн их харш зүйл. Ер нь тэр үед ч гэсэн одоогийн эрх барьж байгаа АН-ын төлөөлөл НИТХ-д сууж л байсан, саналаа хэлж л байсан, бүлэгнь ч ажиллаж л байсан, тэдний саналыг бас тусгасан. Тэгээд хамтраад л ярилцаад хэлэлцээд Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх юм байна гэдэг бодлогын баримт бичгээ баталчихсан. Тэгэхээр энэ бодлогын баримт бичгийнхээ хүрээнд л цаашдаа ажлаа хийх хэрэгтэй.

-Энэ их мөнгөөр нийслэлд юу юу хийж болох байсан бэ. Тэрийг та бүхэн судалж үзсэн үү?
-МАН-ын бүлгийн эмзэглэж байгаа асуудал бол энэ. Ерөнхийлөгчийн санаачилсан ‘Том төрөөс-Ухаалаг төр”-рүү гээд байсан сайхан санаачлага хаашаа алга болчихвоо, Нийслэлд л лав байхгүй болчихлоо. Улс орны эдийн засаг хүндэрсэн байна. Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног гэсэн хөтөлбөр хэрэгжүүлээд байгаа. Улс орноороо бүсээ чангалъя, татгалзаж болох бүх зардлуудаасаа татгалзъя гээд уриалга гаргаад, улс орныхоо эдийн засгийг тогтвортой байлгахаар хичээж байхад эсрэгээрээ манай нийслэл бүтцээ данхайлгачихсан.

-Улаанбаатар хотод хамгийн их тулгамдсан асуудлууд юу юу байна вэ?
-Нэн тэргүүнд нийгмийн салбарын сургууль цэцэрлэгийн асуудал. Сургууль цэцэрлэгийн хүрэлцээ маш муу, тэнд ажиллаж байгаа багш ажилчдын цалин маш бага байна. Тиймээс НИТХ-ын МАН-ын бүлгээс “Нийслэлийн бүтцээ дахин төлөвлөж оруулж ирнэ үү” гэсэн шаардлагыг Нийслэлийн Засаг Даргад тавьсан. Э.Бат-Үүл даргын өөрийнх нь хэлдгээр томоохон, хөнгөн шуурхай ажилладаг Мобиком мэтийн компанийн үйлчилгээний загварыг л шууд нийслэлд оруулж ирмээр байна. Бид нар бүтцээ оновчтой болгоод түүнээс хэмнэсэн зардлаа, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, тэнд ажиллаж байгаа багш, эмнэлэгийн ажилтнууд зэрэг маш бага цалинтай хүмүүст зориулах хэрэгтэй. Тэдэнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр сард нэг удаа урамшуулал олгосон ч болохгүй юм байхгүй. Бидний хүргүүлсэн бичгийн маань гол агуулга энэ.

-1-5 жил ажиллаж байгаа шинэ багш бол сард 400,000 хүрэхгүй цалинтай байна. Тэдэнд сардаа нэг удаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэхүйц мөнгө буюу 198,000 төгрөгийн урамшуулал олгож яагаад болохгүй гэж. Бид ийм л шаардлага тавьсан.

-Өнгөрсөн жил гудамжинд тарьдаг нэг сарын настай цэцэгэнд маш их мөнгө зарцуулсан гэсэн. Энэ жил тэр цэцгээ дахиад тарих гэж байгаа юм уу?
-Өнгөрсөн жил тэр цэцгийг тарих гэж гурван тэрбум гаруй төгрөг зарцуулсан. Энэ жил таван тэрбум гаруй бараг зургаан тэрбум төгрөг зарцуулах гэж байна. Батлагдчихсан. Хогны уутанд бас л 3-4 тэрбум төгрөг зарцуулсан. Энэ жил таван тэрбум гаруй төгрөгийг бас л зарцуулах гэж байна.

-Тэр “хогны уут”- төслийг зогсоочихвол яасан юм бэ. Айлууд хогоо тэр уут байсан байгаагүй хүнсний гялгар уутанд хийгээд л хаячихдаг шүү тээ. Тэгээд ч тэр хогын уут чинь айлууддаа хүрэхгүй хороонд юм уу, СӨХ-ийн агуулахад л хэвтэж байна шүү тээ. Тэрийг очиж авдаг ч хүн алга, тарааж өгдөг ч хүн алга?
-Эдийн засаг хямралтай энэ үед тэрийг больчхож болно. Нийслэлийн төсөв, нийслэлийн асуудалд Э.Бат-Үүл даргын өөрийнх нь хэлдгээр ингэж хоноцын сэтгэлээр хандаж болохгүй. Арай л дэндүү байна.

-Улаанбаатар хотыг дахин төлөвлөх, гэр хорооллыг барилгажуулах асуудал яагаад таг болчихсон бэ. Эрчимтэйхэн хийх юм бол утаанаасаа салах ганц арга энэ л байна шүү дээ?
-Сар болгоны чуулган дээр бид энэ асуудлыг байнга ярьдаг. Чуулганы бус цагаар ч гэсэн хэлдэг. Үнэхээр нийслэлийн хамгийн том тулгамдсан асуудал гэвэл нэгд агаарын бохирдол, хоёрт хөрсний бохирдол байна. Энэ хоёр бол гамшгийн төвшинд ирсэн. Энэ хоёр хаана байна вэ гэхээр гэр хороололд байгаа. Тэгэхээр гэр хорооллын амьдрах орчин нөхцөлийг үндсээр нь өөрчлөхгүйгээр энэ хоёр асуудлыг шийдэж чадахгүй.

Нийслэлийн хувьд уг нь жилээс жилд орлого нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа. Гэхдээ улс орны хэмжээнд тийм биш байна шүү дээ.Сая засгийн газраас төсвийн тодотгол хийлээ. Одоо нийслэлийн төсвийн тодотголийг хэлэлцэх гэж байна. Гэхдээ тодотгол хийхээсээ өмнө бүтцийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Одоо байгаа бүтэцээр төсвийн тодотголыг хийх нь зарчмын хувьд буруу. Ер нь бол МУ-ын нийслэл гэдэг бол том нэгж тиймээс маш ухаалаг менежмент хэрэгтэй. Хямралын үед нийслэл аж ахуйч арвич хямгач байж тулгамдсан асуудлаа дэс дараатайгаар ухаалгаар шийдвэрлэх нь зүйтэй.

 

 

ӨДРИЙН ШУУДАН


URL:

Сэтгэгдэл бичих