“Ямар ч соёлтой улс орон террористуудтай хэлэлцээр хийдэггүй”
Тэрбумтан Виктор Порошенко 54 хувийн санал авч Украины шинэ ерөнхийлөгчөөр тодорсон билээ. Тэрбээр энэ сарын 26-ны өдөр хийсэн хэвлэлийн бага хурлаар зөрчилдөөнтэй байгаа зүүн болон баруун хэсгийг нэгтгэхийг зорьж, ерөнхийлөгчийн албыг хүлээн авсаныхаа дараа нэн түрүүнд зүүн хэсэгт айлчилж, ард иргэдтэй уулзалдаж санал бодлоо солилцох бодолтой байгаагаа илэрхийлж байсан.
Гэтэл энэ үйл явдалаас хэдхэн цагийн дараа Украины зүүн хэсэгт орших Донецк хотын олон улсын онгоцны буудалд Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчид болон Украины зэвсэгт хүчний хооронд ширүүн дайн болсон байна. Украины зэвсэгт хүчин салан тусгаарлагчдын эзэмшилд байсан Донецкийн нисэх буудал руу байлдааны онгоц болон нисдэг тэргээр агаараас дайралт хийжээ. Салан тусгаарлагчид хариуд нь агаараар нисэх байлдааны онгоц, нисдэг тэрэг рүү буудаж байсан гэнэ.
Үүний дараа хэдэн цагийн турш буудалцаан болсон байна. Улмаар галт тэрэгний буудлын ойролцоо ч гэсэн хоёр талын хооронд мөргөлдөөнүүд үүсч байжээ. Онгоцны буудлын барилгаас хар утаа суунаглаж, дэлбэрэлт, буун дуу өдөржин хангинасан. Өнгөрсөн сарын эхэн үеэс л бослого үймээн дэгдэж, мөргөлдөөнүүд үүсч байсан ч энэ удаагийнх хамгийн ноцтой нь байлаа гэж орон нутгийн томоохон мэдээллийн сайтууд онцолж байна.
Энэ тулаанаар Оросын талыг дэмжигч салан тусгаарлагчдын 35 дайчин амиа алдаж, 15 хүн шархадсан гэж Оросын мэдээллийн хэрэгслүүд дамжуулж байна. Донецк хотын дарга гэмгүй хоёр иргэн амиа алдсан тухай мэдээлэл ирсэн. Энэ нь нийгмийн аюулгүй байдалд муугаар нөлөөлж болзошгүй учир хотын иргэдийг гадагш гарахгүй байхыг уриалсан байна. Украины албаны хүмүүс салан тусгаарлагчдыг уг нисэх буудлыг чөлөөлөхийг шаардсан мэдэгдэл хүргүүлж байсан ч, үл ойшоосон байдалтай байсан. Тиймээс дайралтад шилжсэн гэж мэдэгдэж байгаа юм. Цаашдаа ч энэ байдал улам хурцдах төлөвтэй байна. Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчдын нэмэлт хүчнийхэн нисэх онгоцны буудлыг чиглэн ирж байгаа тухай мэдээлэл ч ирж байна. Хил хамгаалагчдын хэлсэнээр Донецкоос 10 орчим км-ын зайтай Оросын талаас цэрэг армийнханы суусан 40 гаруй машин ирж яваа харагдсан гэж мэдэгдэж байна.
Донецкт дайн болж байхад Украины шинэ ерөнхийлөгч В.Порошенко Киев хотноо хэвлэлийн бага хурал зарлаж, “Цэргийн довтолгоо илүү хурдан, үр дүнтэй байх хэрэгтэй. Террористуудын эсрэг дайн олон сараар үргэлжлэх ёсгүй. Хэдэн цагийн хугацаанд л дуусгах хэрэгтэй” гэжээ. Харин салан тусгаарлагчдын талаар “товчоор хэлэхэд хууль бус хүмүүс. Ямар ч соёлтой улс орон террористуудтай хэлэлцээр хийдэггүй” хэмээжээ. Мөн Украины цэргийн арми нисэх онгоцны буудлыг эргүүлэн авна гэж мэдүүлжээ. Нөгөө талаар Донецк мужийн өмнөд хэсгийн Малипурид ч гэсэн энэ сарын 26-ны өдөр дайн болж салан тусгаарлагчдын 5 хүн нас барсан бол Славянскт болсон буудалцааны үеэр болж хоёр иргэн нас барж, нэг хүн хүнд гэмтжээ.
Монголын мэдээ
URL: