С.Аригуун: Удахгүй талийгаачдын ар гэрийнхэнтэй уулзана
“Самбалхүндэв”-ийн буюу Далан давхрын оршуулгын газрыг Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох гэж байгаа. Тус оршуулгын газар 1927 онд үүсч, 1987 онд Ардын депататутын хурлын тогтоолоор хаагдсан билээ. Цэцэрлэгт хүрээлэн болгох ажлын явц ямар байгаа талаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн С.Аригуунаас тодрууллаа.
-Далан давхрын оршуулгын газарт Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болсон. Энэ ажил ямар шатандаа явна вэ?
-Нийслэлийн эдийн засгийн хөгжлийн газраас Далан давхрын оршуулгын газарт Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах концессын уралдаан зарласан. Гүйцэтгэгчийг ойрын хугацаанд шалгаруулна. Энэхүү төсөл нь таван жилийн хугацаанд үргэлжлэх юм.
-Шарилуудыг чандарлана гэж байсан. Энэ ажил хэзээнээс эхлэх бол?
-Мэдээж далан давхарт байгаа талийгаачдын ар гэрийнхэнтэй уулзаж, тэдний зөвшөөрлөөр ёс журмынх нь дагуу шарилыг хөндөх, сэргээх ажил хийгдэнэ. Улмаар шарилуудыг чандарлах, чандарласан шарилыг тэнд зориулан босгосон дурсгалын хана, суваргад байрлуулах нэг хэсгийг нь төгөлд оршуулах гэсэн ажил хийнэ. Одоогоор тэнд 250 гаруй шарил байгааг тогтоогоод байна. Удахгүй бурхан бологсдын ар гэрийнхэнтэй уулзах ажлыг зохион байгуулах юм.
-Зарим хүн шарил хөндөхийн эсрэг байр суурьтай байж болох юм. Тэр асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Бид энэ талаар иргэдээс асууж, санал хүсэлтийг авч байгаа. Манайд ирсэн гомдлуудыг аваад үзвэл шарил хөндөх гэж байгааг эсэргүүцсэн байр суурь цөөнгүй байсан. Бид хүмүүст “Та талийгаачийн газрыг эргэхдээ эрж олоход ихээхэн бэрхшээлтэй, хог шороон дундуур, жихүүцэм айдастай газар явдаг байсан бол тийм биш болно. Маш тохитой, айж ичих зовлонгүй, цэвэрхэн орчинд талийгаач нойрсоно. Мөн харуул хамгаалалтай шөнө нь гэрэлтүүлэгтэй, ногоон байгууламжтай болно” гэж тайлбарлахаар бүгд ойлгож байгаа. Юу юугүй техник ашиглахгүй шүү дээ. Мэдээж шарил хөнддөг мэргэжлийн хүмүүс гүйцэтгэнэ. Үүнийг л иргэд маань зөвөөр ойлгоосой гэж хүсч байна.
-Төсөл таван жилийн хугацаанд хэрэгжинэ гэлээ. Төлөвлөгөөг нь баталсан уу?
-Амжвал энэ ондоо талийгаачийн ар гэрийнхэнтэй уулзах, мэдээлэл өгөх ажлууд үе шаттай явагдана. Энэ мэт зохион байгуулалтад орсны дараа шарил чандарлах үйл явц үе шаттайгаар хийгдэнэ. Ер нь бусад орны туршлагаас харвал олон жил болсон шарилуудыг хүн тавих газар хаагдсанаас тодорхой хугацааны дараа чандарлаж дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгодог. Хамгийн гол нь иргэд Далан давхрын оршуулгын газар хүн хөдөөлүүлэх газар хэвээр байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Иргэдийн хувьд шарилуудыг чандарлаж жижигхэн газарт байршуулж, бусад газарт барилга барих мэтээр буруугаар ойлгож байгаа. Тийм биш. Харин ч явган замтай, цэцэрлэгт хүрээлэнтэй талийгаачдыг эргэж очиход бололцоотой тохижилтыг хийх болно. Түүнчлэн чандрыг байршуулах зориулалтын суварга, хүндэтгэлийн хана, моддын төглийг бий болгоно.
-Ар гэрийнхэн нь тодорхойгүй шарил олон уу. Тэднийг яах вэ?
-Захирагчийн алба маш өндөр хяналтыг тавьж ажиллана. Газрын гүнд орсон, шарил чулуу нь хулгайд алдагдсан, нэр ус нь тодорхойгүй, эвдэрч хэмхэрсэн цөөнгүй шарил бий. Тэр бүхэнд мэдээж хүндэтгэлтэй хандана.
Зууны мэдээ
URL: