Зээлийн батлан даалтын сан төрд байх нь оновчтой юу?
Жижиг, дунд үйлдвэрлэгчдэд тулгардаг гол бэрхшээлийн нэг нь санхүүжилтийн эх үүсвэр юм. Сайн боловсруулсан бизнес төсөлтэй боловч банкнаас зээл авах гэхээр барьцаа хөрөнгөгүйгээс ажлаа эхлүүлж чаддаггүй. Манай жижиг, дунд үйлдвэрлэгчдээс гардаг гомдол ч ийм. Тэгвэл энэ нь зөвхөн манай улсад тулгардаг асуудал биш. Өндөр хөгжилтэй орнууд ч энэ замыг тойроогүй, дайрчээ.
Зээлийн батлан даалтын сангууд анх Европт бий болсон юм. Улмаар дэлхийн бусад улс оронд ийм төрлийн сан байгуулагдаж эхэлсэн түүхтэй. Зээлийн батлан даалтын сан нь ашгийн болон ашгийн бус гэсэн хэлбэртэй байдаг. Тус сан нь төрийн санхүүжилттэй, мөн төр бусад субъекттэй хамтарсан, гуравдугаарт, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай байна.
1980-аад оны үед ихэнх улс орны сангууд үр ашиггүй ажиллан дампуурч, үүсгэн байгуулагч буюу төрд ихээхэн хэмжээний алдагдал учруулжээ. Улмаар улс орнууд үүнээс сургамж авч 1990-ээд оноос үйл ажиллагаагаа шинэчлэн зохион байгуулах ажлыг эхлүүлсэн байна. Үүний үр дүнд сангуудын үйл ажиллагаа тогтворжиж амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа юм. Эдгээрээс өнөөдрийг хүртэл үр ашигтай ажиллаж байгаа томоохон сангууд нь Азийн болоод Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудынх байна.
Манай улсын хувьд Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийг 2012 онд баталж, 2013 онд Зээлийн батлан даалтын санг төрөөс таван тэрбум төгрөгийн дүрмийн сантайгаар үйл ажиллагааг нь эхлүүлжээ. Энэхүү сан нь ашгийн төлөө бус бөгөөд одоогоор банк, санхүүгийн байгууллагаас зээл авахад барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй байгаа ч шаардлага хангасан зээлдэгчийн зээлийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргадаг. Батлан даалтын дээд хэмжээ нь 250 сая төгрөг юм байна. Тус сан энэ оны эхний улирлын байдлаар 6.6 сая төгрөгийн батлан даалтыг 100 зээлдэгчид гаргасан бөгөөд батлан даалттай зээлийн хэмжээ 15,9 сая төгрөг юм байна. Хуульд зааснаар сан өөрийн хөрөнгөөс 20 дахин их буюу 100 тэрбум төгрөгийн зээлийн батлан даалт гаргах боломжтой. Банкууд, ББСБ-аас 2013 онд 60 мянга гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдэд 1,8 тэрбум төгрөгийн зээлийг олгожээ. Харин 100 тэрбум төгрөгийн батлан даалт нь өнөөдрийн байдлаар нийт зээлийн ердөө зургаан хувийг л эзэлж байгаа аж.
Судлаач Х.Гансүх “Манай улсын хувьд зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааны үр дүнг үнэлэх, дүгнэхэд хангалттай хугацаа өнгөрөөгүй байгаа хэдий ч сан үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж зорилгодоо хүрэхийн тулд гадаад улс орнуудын сайн туршлагаас суралцаж, түүнийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажиллах шаардлагатай. Манай улсын хувьд алс хэтдээ төрийн оролцоог бууруулах, сонирхогч бусад субьектүүдийн санд хувь эзэмших бололцоог бий болгох, санг ашгийн төлөө хуулийн этгээд болгон хөгжүүлэх бодлогыг баримтлах нь зүйтэй” гэсэн юм.
Хөгжингүй улс орнуудад төрийн оролцоо давамгайлсан санг аажмаар төрийн оролцоог бууруулах, банкуудаар менежментийг хийлгэх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх бодлого баримталж буй юм байна. Дэлхий нийтийн хандлага ч энэ зүгт байна. Тухайлбал, Румын улсын Хөдөөгийн зээлийн батлан даалтын сан 1994 онд байгуулагдсан ашгийн төлөө байгууллага юм. Энэ санд төр бэлэгдлийн чанартай буюу 0.05 хувь, банкууд 99.95 хувийг эзэмшдэг. Гэхдээ төр батлан даалтын 70 хүртэлх хувийг батлан даадаг.
Харин Азид төрийн мэдлийн, төр давамгайлсан эзэмшилтэй сангууд ихээхэн хөгжжээ. Тухайлбал, Японд Зээлийн батлан даалтын корпораци, Солонгост KODET, KOTIG, Тайваньд Зээлийн батлан даалтын корпораци нь 100 хувь төрийн эзэмшилд байдаг. Тиймээс ашгийн төлөө бус бөгөөд алдагдлыг төрөөс санхүүжүүлдэг. Эдгээр сангийн гол онцлог нь нарийн төвөгтэй технологийн үйлдвэрлэл, өндөр технологи, ноу хау, өндөр үр ашиг бүхий төслүүдэд түлхүү батлан даалт гаргах зорилготой. Гарч буй технологи, экспорт, шинэ зах зээл нь санд зарцуулж буй зардлаас илүү үр ашигтай гэсэн үзэл баримтлалд тулгуурладаг.
Төрийн оролцоо ихтэй бол хараат бус мэргэжлийн байх байдал алдагдах, захиргаадалтаар батлан даалт гаргах зэрэг сөрөг талтай. Иймэрхүү сөрөг тал нь хөгжиж буй орны хувьд төсөвт томоохон дарамт үүсгэж болзошгүй гэж зарим хүн болгоомжилдог байна.
Зууны мэдээ
URL: