Галд өртсөн гурван айлаас шал, төмөр ор, тогоо зэрэг зүйлүүд шатаагүй үлдсэн байв
Сонгинохайрхан дүүргийн XI хороонд уржигдар гурван гэр, нэг машин шатсан байна. Уг галыг тус хорооны 10 настай М гэгч эмэгтэй хүүхэд шүдэнзээр тоглож байгаад санамсаргүй тавьсан аж. Галд өртсөн айлын хаягаар очиход шатсан гэрийнхээ үнсийг ачиж байсан юм. Эдгээр галд өртсөн айлуудаас шал, төмөр ор, тогоо зэрэг металь эдлэлүүд нь шатаагүй үлдсэн байлаа.
Тус хорооны хэсгийн ахлагчийн хэлж байгаагаар уг хашаанд хөгжлийн бэрхшээлтэй, хагас өнчин хүүхдүүд амьдардаг аж. Одоогоо энэ гурван айлын иргэд орох оронгүй болчихсон учраас хаана байх тодорхой бус байгаа гэнэ. Ер нь гал гарч, хажууд нь байсан машин дэлбэрч хураалгатай байсан нэг гэр бариатай байсан хоёр гэр шатжээ. Тусламж дуудсан боловч Онцгой байдлын албаны гал сөнөөгчид цаг алдаж ирсэн гэнэ. Учир нь тухайн шатсан айлууд руу явах шууд зам байхгүй, уул өөд өгсөх учраас онцгойгын албан хаагчдад хүндрэлтэй байсан болов уу гэх хүмүүс ч байсан юм. Харин хашаанд тоглож байсан хүүхдүүд галд өртөөгүй байна. Уг гал гарсан хашааны хойд айлын эмэгтэй хүүхдийг гал тавьсан гэж үзэн эцэг, эхийг нь цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.
Хашаанд тоглож байсан хүүхдүүд шанагаар ус цацаж байсан гэлээ
Тус галын талаар галд өртсөн хашааны оршин суугчаас зарим зүйлийг тодруулсан юм. Тэрээр нэрээ нууцалсан юм.
-Гал хэдэн цагийн үед гарсан вэ. Ер нь юунаас болж гарсан бол?
-Гал энэ сарын 26-ны өдөр гарсан. Одоогоор юунаас болж гал гарсан нь тодорхой бус байгаа. Шинжээчдийн дүгнэлтээр юунаас болж гарсан тодорхой болох байх.
-Хүүхдүүд галаар тоглож байгаад гал алдсан гэж байна. Энэ үнэн үү?
-Тийм зүйл байгаа. Галын дүгнэлтээр тодорхой болох байх. Энэ асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа.
-Хүүхдүүд хашаандаа тоглож байсан гэх хүн байна. Том хүн байгаагүй юм уу?
-Би ээлжийн ажилтай хүн. Ажлаасаа бууж ирээд гэртээ унтаж байсан, Гэтэл галын дуу салхинд сонсогдохоор сэрээд гарч хартал хамгийн арын том гэр шатаж байсан. Хашаанд тоглож байсан хүүхдүүд шангаар ус цацаж байсан юм. Тэгэхэд хүүхдүүдийг галаас холдуулж, дуудлага өгсөн. Монгол гэр учраас маш хурдан шатдаг юм байна лээ. Том гэр шатаж дуусаад хажууд хураалгатай гэр болон нөгөө гэр, машин шатсан байгаа.
-Галын дуудлага өгөхөд Онцгой байдлынхан хэдэн цагийн үед ирсэн вэ?
-Онцгой байдлынхан гэр шатаж дууссаны дараа ирсэн. Дуудлага өгөөд 45 минутын дараа ирсэн байгаа. Хурдан шуурхай ирсэн бол нэг гэр машинаа аваад үлдэх байсан байх.
-Одоо та нар хаана амьдрах вэ?
-Найз нөхдийнхөө гэрт очих байх даа.
Ж.ГАНГАА /НИЙСЛЭЛ ТАЙМС/
URL: