Их тайга дахь Цаатнуудын ирээдүй өөдрөг байгаасай
Хөвсгөлийн их тайгад дөрвөн улирлын турш цааны бэлчээр даган нүүдэллэж, аж төрдөг тайгын иргэдийг цаатан гэж нэрлэдэг. Цаатангууд бол уйгар угсааны монголжсон ойн соёд урианхай юм. Цаатангийн үндэс угсаа нь уйгарууд бөгөөд Тагна, Соёны их тайгаар нүүдэллэн аж төрж, олон үеийг дамжиж буй болсон тайгын нүүдлийн уламжлалт амьдралын хэв маягийг бүтээсэн. Уйгар буюу цаатан иргэд нь эртний монголын Уйгарын хаант улсын удам угсааг авч яваа хүмүүс юм.
Увс аймгийн сангил сумын нутгаас 1968 онд олдсон хаданд сийлсэн сүг зурганд цаа буга унаж , урт жад бариад явж буй хүнийг дүрсэлсэн байдаг. Эл сүг зураг нь монголд эрт дээр үеэс цаа бугыг гаршуулан уналга, эдэлгээнд ашиглаж байсны баримт юм. Эрт дээр үеэс цаа маллаж, аж төрдгөөс цаатан гэж нэрлэх болсон.
Цаатангууд нь өөрийн гэсэн хэл, ёс заншил, шашин шүтлэг, аж төрөх арга хэлбэртэй цөөнх болж байгаа ястан юм. Тэд уйгар хэлтэй. Тайгад өөр хоорондоо уйгараар ярина. Бөөгийн шашинтай. Гэр бүл болснийг ёслох өөрийн гэсэн зан үйлтэй. Тэдний аж төрөх гол арга бол цаагаа маллан, түүний ашиг шимийг хүртэж, ан ав хийж амьдрах явдал юм.
Цаатангуудын аж төрдөг нутаг нь бүрхээлэг Жамс, Улаан тайгын их уулс, Тэнгис, Шарга, Шишгэдийн голын сав нутаг юм” хэмээн “Хөвсгөл аймгийн нэвтэрхий толь”-д бичсэн нь бий. Өөрсдийн гэсэн өвөрмөц соёл, хэл, зан заншилтай ийм нэгэн үндэстэн Монгол нутгийн хамгийн хойд хязгаарт, зундаа нэмэх 27, өвөл хөрсөн дээр хасах 55-60 хэмийн хүйтэнд тайгын гүнд цаан сүргээ хаваржаанаасаа намаржаа хүртэл 50-70 км замыг туулан нүүдэл суудал хийн, цаан сүргээ маллаж, иргэншил, хөгжлөөс хол эгэл даруухан аж төрцгөөсөөр л…
Өнгөрсөн оны байдлаар Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд 86 өрх айлын 367 цаатан иргэд 1511 цаа маллаж байжээ. Харин энэ жилийн эхлийн улирлын байдлаар цаа бугын тоо толгой өсч 1600 хүрчээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 оны гуравдугаар сарын 29-ний өдөр зарлиг гаргаж, цаатан иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэх, тэдний боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг сайжруулах, цаа бугын аж ахуйг сэргээх зорилго бүхий “Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай зарлиг гарган Засгийн газарт чиглэл өгсөн билээ.
Мөн тус оны дөрөвдүгээр сард цаатан иргэдийн аж амьдралтай газар дээр нь танилцах зорилгоор Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Үйлдвэр хүнс хөдөө аж ахуйн яамны төлөөлөл бүхий ажлын хэсэг Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд томилолтоор ажиллаж, цаа буга маллан тайгад амьдарч байгаа уйгар угсааны Tувa хүмүүсийн амьдралын түвшин, тэдний боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, цаа бугын аж ахуйтай танилцаад иржээ.
Тайгад амьдардаг иргэдийн хувьд хөдөлмөрийн насны иргэд дийлэнх байдаг ч, ажлын байр хомс, улсад ажиллаагүй учир улсаас олгох тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн даатгалд хамрагдаж чаддаггүй учраас 2013 оны 6 дугаар сараас эхлэн тайгад амьдардаг 18 хүртэлх насны хүүхдэд хангайн бүсийн амьжиргааны доод түвшингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний, насанд хүрсэн иргэнд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр cap бүр мөнгөн тэтгэмжийг олгож эхэлжээ.
2013 онд 94 өрхийн 342 иргэнд/129 хүүхэд, 213 том хүн/ нийт 251 сая 917 мянган төгрөгийг тэтгэмжийг олгожээ. Энэ оны эхний гурван сарын байдлаар нийт 92 өрхийн 339 иргэнд 107 сая 141 мянган төгрөгийн тэтгэмжийг олгосон байна. Үүний 131 нь хүүхэд, 208 насанд хүрсэн иргэн байна.
Цаатан иргэдэд тулгамддаг нэг гол асуудал бол хүүхдээ сургуульд сургаж, боловсрол эзэмшүүлэхийг эрмэлздэг ч сургууль гэр хоёрын хоорондын зай хол, сургуулийн дотуур байрны нөхцөл тааруу байдгаас сургууль завсардах нь түгээмэл байдаг. Үүнээс үүдээд цаатан залуучуудын дээд боловсролын түвшин доогуур байдаг байна. Мөн эрүүл мэндийн үйлчилгээ тэр бүр авч чаддаггүй нь тэдэнд тулгардаг гол асуудал.
Тэгвэл “Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах” хөтөлбөрийн хүрээнд”Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах” сэдэвт Үндэсний симпиозумыг өнгөрөгч сард ҮХААЯ болон “Монголын үндэсний хүнс, хөдөө аж ахуйн үндэсний ассоциаци”-аас зохион байгуулж, цаатан иргэдэд тулгамдаж буй, шийдвэрлэх ёстой олон асуудлыг тал бүрээс нь хөндөн хэлэлцсэн юм.
Тус симпиозумд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, ХАХНХЯ, ҮХААЯ, Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, тус аймгийн Цагааннуур сумын Засаг даргын тамгын газар, Хүний Эрхийн Үндэсний Комисс, “Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн”, “Мал эмнэлгийн төв лаборатори” болон “ADRA” олон улсын байгууллага, ОХУ-ын Алтай хязгаарын Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар, “Нүүдлийн соёл иргэншил” хүрээлэн болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Тайгын байгаль”, “Цаачдын холбоо”, “Ногоон харш” зэрэг төрийн бус байгууллага болон Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын цаатан иргэд зэрэг 100 гаруй зочид, төлөөлөгч цуглан цаатан иргэдийн орлогыг нэмэгдүүлэх боломж, өнөөгийн нөхцөл байдал болон эрүүл мэнд, боловсрол, нийгмийн асуудлаар олон талаас нь хэлэлцэж, санал солилцсон.
Тухайлбал, Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг “Цаатан иргэдийн аж амьдрал, хүний эрхийн төлөв байдал”, Мал эмнэлгийн лабораторийн эмч “Цаа бугын өвчний судалгааны дүн”, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Пүрэвжав “Монгол, Орос, Хятадын цаатны нийгмийг харьцуулсан судалгаа” зэрэг сонирхолтой илтгэлүүд тавигдсан.
Тайгад амьдардаг иргэдийн хувьд ажлын байр хомс, нийгмийн даатгал төлөөгүй тул засгаас олгох тэтгэвэр, тэтгэмж, даатгалд хамрагдаж чаддаггүй, үр хүүхдээ сургуульд сургаж, боловсрол эзэмшүүлэхийг эрмэлздэг ч сургууль холоос гадна дотуур байрны нөхцөл тааруу, хүрэлцээ муу гээд тоочвол шийдвэрлэх асуудал олон бий.
Мөн Цагааннуур сумын удирдлагын зүгээс цаатан иргэдийн хамгийн гол хүсэлт нь тайгын иргэдийн гол амьжиргаагаа залгуулдаг хоёр газрыг улсын тусгай хамгаалалтаас гаргах юм гэдгийг уламжиллаа. Тусгай хамгаалалтын бүсэд авсан Тэнд төрөл бүрийн жимс, самар, эмийн ургамал ургадаг.
Зөвхөн засгаас олгож буй мөнгөөр амьдралаа залгуулах хүндрэлтэй байгаа тул байгалийн баялгийг түүж, хэрэглэх, аялагчдад худалдах зэргээр амьжиргаагаа дэмжих боломжтой. Гэтэл улсын тусгай хамгаалалттай газраас эдгээрийг түүж, бэлтгэхийг хориглодог нь цаатан иргэдэд хүнд тусдаг аж.
Ийнхүү цаатан иргэдэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцсэний дараа цаачид болон цааны аж ахуйн талаар одоогийн явуулж буй төрийн бодлогыг нэгтгэн дүгнэх нь хамгийн чухал алхам гэдэгт симпозиумд оролцогчид санал нэгдсэн. Тухайлбал, төрийн байгууллагууд, яамдын баримтлах бодлогыг нэгтгэх, цаатны холбогдолтой төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагуудын тоог нарийвчлан гарган, явуулж буй үйл ажиллагааны чиглэл, цаа маллагч нүүдэлчид болон цааны аж ахуйд хүрч буй үр дүнг тооцож нэгдсэн судалгаа гаргах болов.
Харин тэднийг бүртгэж, нэгдсэн нэг үр дүнг гаргах ажлыг Монголын хүнс, хөдөө аж ахуйн үндэсний ассоциаци, ШУА-ийн Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн болон “Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн”-гийн хамтарсан судалгааны багт даалгасан. Судалгааг ХАХНХЯ-наас санхүүжүүлэн, үр дүнг нэгтгэх ажлыг зохион байгуулах зөвлөмж хүргүүлсэн юм.
Ийнхүү алс тайга дахь цаатан иргэддээ төр засгаас анхаарал хандуулж, үндэсний хэмжээний симпозиумыг зохион байгуулсанд цаа буга, цаатан иргэдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон, ТББ-ууд, судлаачид Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын удирдлага, цаатан иргэдийн төлөөлөл талархаж буйгаа хэлж байв.
Үнэндээ боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээ гээд хүний нийгмээс хүртэх учиртай бүхнээс хоцрогдож, үндэснийх нь соёл уламжлал өдрөөс өдөрт бүдгэрэн баларч, хүн амын тоо цөөрч, цус ойртох аюул тулгараад буй ч, 2000 хүрэхгүй цаан сүргээ өсч үржиж байна хэмээн баярлаж, засаг төр анхаарлаа хандуулж буйд талархан баярлаж суугаа их тайгын цаатнууд ирээдүйгээ өөдрөгөөр харж, итгэж явдгаа ч энэ симпозиумын үеэр хэлж байлаа.
Б.Галбадрах: Улаантайгын тухай хамгаалалттай газар бол жинхэнэ цаатан иргэдийн нутагладаг газар
Хөвсгөл аймгийн ҮХАА-н газрын дарга Б.Галбадрахтай “Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах” сэдэвт Үндэсний симпиозумын үеэр нийслэл хотноо ирээд байхад нь уулзаж ярилцлаа.
-”Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах” сэдэвт симпиозум ямархуу болж өнгөрөв?
-Манай цаатан иргэдийн ахуй амьдрал хийгээд цаашдын ирээдүйн талаар ярилцаж байгаад маш их баярлаж байна. Хөвсгөл аймаг бол Монгол Улсын хэмжээнд 6 хошуу малтай гэж хэлэгддэг. Еренхийлөгчийн гаргасан зарлигийн дагуу урамшуулал авч байгаа 330-аад цаатан иргэд байна. Өнөөдрийн байдлаар 100 гаруй томчууд, 200 гаруй хүүхдүүд байгаа юм. Цаа буга сүүлийн үед өссөн. 1500-гаад цаатай болсон. Малжуулах төсөл төсөл хэрэгжиж цаатан иргэд малтай болсоноор нэг хэсэг нь малаа маллаж амьдардаг, нэг хэсэг нь цаагаа маллаж отголж амьдардаг болсон. Малтай болсны үр дүнд цаа өссөн.
-Хөвсгөл аймгийн хаваржилтын байдлын талаар мэдээлэл өгөөч?
- Өвөл өнтэй болж, хавар сайхан болж байна. Цаа байгаа Цагааннуур суманд зун гантай байсан учраас хөхөө өвлөөр цас нэлээд орсон. Хавар хүнс тэжээлийн дутагдалд нэлээд орж байна. Цаа буга маань тайгад байдаг учраас гайгүй.
-Цаатан иргэд тусгай хамгаалалттай газар нутгийн талаар нэлээд ярьж санал дэвшүүлж байна. Энэ талаар?
-Манайхан нэг юм хийх гээд нөгөөгөө үгүйсгэж байдаг. Хөвсгөл аймгийн хойд өргөргийн тайгын орчныг төрийн тусгай хамгаалалтын газар болгосон. Гэтэл тэр Улаантайга орчим бол жинхэнэ цаатан иргэдийн нутагладаг газар. Үүнээс болж, отрын бүс нутагт нь оторлуулахгүй, бэлчээрт явуулахгүй тиймээс бэлчээрийн маргаан маш их гарч байгаа. Улаантайгын байгаль хамгаалагч нартай уулзахаар тийм асуудал байхгүй гэдэг. Энэ асуудлаар бид санал хүсэлтийг холбогдох яамдад уламжилсан байгаа.
- Таны зүгээс цаатан иргэдэд өнөөдөр ямар асуудал чухал гэж үзэж байна?
-Цаан сүргийн бүтцийг сайжруулах зорилгоор гаднаас оруулж ирсэн цаа нутагшаагүй. Тэгэхээр цаа дахин нутагшуулах бол цаатангууд өөрсдөө үзэж харж байж нутагших боломжтой, маллагааны цаа авчирвал илүү үр дүн гарах болов уу. Мөн хээлтэгч цаа 30-аадхан хувийг эзэлж байгаа нь сүргийн бүтэцэд нөлөөлж байна. Цааны төлийн хорогдол бол таван хошуу малыг бодоход маш бага хэдий ч чоно, нохойнд өртөх асуудал байдаг.
Дараагийн зүйл бол цаатан иргэдийн нийгмийн асуудал. Цаатан иргэдэд тэтгэмж олгож эхэлсэн нь маш үр дүнтэй ажил болсон. Энэ ажил цаашид ч хэрэгжих байх. Мөн боловсрол, эрүүл мэндийн асуудал үнэхээр чухал. Эрүүл мэндийн үйлчилгээг цаатан иргэдэд хүргэх, залууст дээд боловсрол эзэмшүүлэх зэрэг асуудал энд яригдлаа.
Холбогдох яамд тодорхой ажлуудыг эхлүүлэх байх гэж харж байна. Цаатан иргэдийн хэл, соёл уламжлалыг хамгаалах талаар ч анхаарч эхэлсэн. Цаатнууд бол үндсэндээ 60-аас дээш настай, ахмадууд нь л төрөлх хэлээрээ ярьдаг, залуучууд нь бол мэдэхээ байсан. тиймээс Цагааннуур суманд тува хэлний сургалт явуулдаг болсон байгаа.
Цаатан иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг ойртуулах шаардлагатай
-Та байгууллагынхаа талаар товчхон танилцуулахгүй юу?
-Манай холбоо 2002 оноос хойш өнөөдрийг хүртэл цаачдын нийгмийн асуудлаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирлээ. Анх цаатан иргэдийн аж амьдралтай танилцан судалгаа хийхээс холбооны маань ажил эхэлсэн. Цаатан иргэдийн маань ихэнх нь манай холбооны гишүүнчлэлтэй. Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн асуудлаар бидэнд ханддаг. Бид ч энэ талаар гадаад дотоодын олон байгууллагатай хамтран ажиллаж ирлээ. Мөн цааны өвчлөлийг бууруулах тал дээр нэлээд анхаарч ажилладаг.
-Тайгын иргэдийн хувьд шийдвэрлэх ёстой олон асуудал байна. Төр засгаас авч хэрэгжүүлж буй хөтөлбөрийн талаар ямар бодолтой байна вэ?
-Цаа буга болон цаатан иргэдийн асуудал төр засгийн анхааралд орж ийм арга хэмжээ зохиож байгаад маш их баяртай байна. Гэхдээ Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн гэх хөтөлбөрийн талаар сайн мэдэхгүй байна. Яагаад гэвэл, хөтөлбөр хариуцсан аймгийн зөвлөлд төрийн бус байгууллагаа төлөөлж оролцсон ч надад ямар ч мэдээлэл өгөөгүй. Тиймээс бид хөтөлбөртэй хамтарч ажиллаагүй, Нэгэнт төр засаг анхаарлаа хандуулсан юм чинь үр дүн гарсан гэдэгт итгэлтэй байгаа.
- Тайгын иргэдийн амьдрал ахуй, нөхцөл байдлыг сайн мэдэхийн хувьд тэдэнд тулгамддаг гол асуудал, шийдвэрлэх арга замын талаар өөрийн бодлоо хуваалцахгүй юу?
- Ер нь цаатан иргэдийн эрүүл мэндийн асуудал маш их хөндөгддөг. Өвдлөө гэхэд түргэн тусламжийн үйлчилгээ авч чадахгүй нөхцөлд амьдарч байна. Миний бодлоор холбогдох яамд чиглэл чиглэлээрээ цаатан иргэдэд хүрч ажиллах хэрэгтэй байх. ҮХААЯ энэ жил 50 сая төгрөг зарцуулна гэж байна. Гэхдээ үр дүнтэй зарцуулах хэрэгтэй. Тэр их модтой газраас байшин зөөж сумын төв дээр авчрахад л 35 сая төгрөг зарцуулсан гэж байна. Гал түймэрт өртсөн модтой газраас ганц модон байшин үнэгүй босчихож болно. Энэ мэт үргүй зардлаа зөв зохистой зүйлд зарцуулах хэрэгтэй.
-Сүүлийн жилүүдэд цаа бугын тоо толгой өсч байна гэлээ. Үүнд юу нөлөөлсөн гэж үзэж байна вэ?
-Зах зээлд шилжих үеэр хүн ардын амьдрал доройтсон. Түүнийгээ дагаад амьжиргаагаа дийлэхгүй иргэд цаа буга маллахаа больж, төв суурин газар бараадах болсон. Дэлхийн дулаарал зэрэг янз бүрийн шалтгааны улмаас элдэв өвчин ч гарч байсан. Энэ мэт олон шалтгаанаар цаа бугын тоо толгой буурсан. Харин сүүлийн жилүүдэд бугын цусан эврийг авахаа больсон, мөн цаачид тодорхой хэмжээний малтай болсон, цаагаа маллах, өсгөх сонирхол бий болсоноос өсч байгаа гэж болох юм.
Цаатны хүүхдүүдэд дотуур байр хэрэгтэй
-Та өөрийгөө танилцуулна уу?
-Хөвсгөл аймгаас ирсэн Т.Ганбат гэж хүн байна. Би өөрөө хүний эмч хүн л дээ. Улаанбаатарт ирсэн байх үеэр энэ хурал болж байгааг сонсоод нутгийн хүний хувьд оролцож дуулж мэдье гэж бодоод хүрч ирлээ.
-Цаа, цаатаны талаар таны бодол. Тэдэнд өнөөдөр юу хэрэгтэй гэж үзэж байна?
-Үндэсний цөөнх болсон цаатан иргэдээ төр засгаас анхаарах болсон нь сайн хэрэг. Цаа бугын тоо толгой өсч байгаа мэдээнд их баяртай байна. Цаан сүргийн цус сэлбэх зорилгоор гаднаас цаа авчирч нутагшуулах гэх мэтээр оролдлого хийгдэж байгаа нь сайшаалтай.
Цаашид төр засгаас цаатан иргэдийн ахуй амжиргааг дээшлүүлэх, цаа бугыг хамгаалах үйл ажиллагаанд чиглэсэн олон ажлыг эхлүүлэх байх гэж бодож байна. Цаа өсч үржсэнээрээ аялал жуулчлал хөгжих боломжтой. Түүнээ дагаад цаатнуудын аж амьдрал ч дээшилнэ. Миний зүгээс санал гэвэл, Цагааннуур суманд сурч байгаа цаатны хүүхдүүдэд зориулсан дотуур байр хэрэгтэй юм болов уу.
Мөн цаа маллаж байгаа иргэд зах зээл дээр өөрсдөө борлуулалт хийгээд явах боломжгүй. Тиймээс бүтээгдэхүүнийг нь авч хэрэглэх талаар дэмжпэг үзүүлвэл зүгээр юм уу гэж боддог. Сүү цагаан идээ, арьс махыг нь авч хэрэглэх боломжтой шүү дээ.
Эх сурвалж: “Монголын хөдөө” сонин
URL: