Дундговийн ИТХ Засаг дарга С.Сүхбаатарыг огцруулах шийдвэр гаргажээ
Дундговь аймгийн ИТХ-ын нэр бүхий 13 төлөөлөгч Засаг дарга С.Сүхбаатарыг огцруулах шаардлагыг ИТХ-ын дарга С.Буджавт хүргүүлээд байсан юм. Түүнийг орон нутгийн сонгуулиас хойш үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө батлуулаагүй, төрийн албыг төрлийн алба болгосон, төрийн албаны хууль зөрчсөн гэх зэрэг үндэслэлээр огцруулах шаардлага тавьсан байна. Тус аймгийн ИТХ энэ сарын 24-нд IX хуралдаанаа хийж, аймгийн Засаг дарга С.Сүхбаатарыг огцруулах шийдвэрийг гаргажээ.
Түүний оронд АН-ын хорооны дарга, ИТХ-ын төлөөлөгч С.Од-Эрдэнийг нэр дэвшүүлэн, Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлсэн байна. Өмнө Засаг дарга С.Сүхбаатарыг аймгийн ИТХ нь огцруулсан бөгөөд С.Сүхбаатар тус шийдвэрийг хууль бус хэмээн хүлээн зөвшөөрөөгүй юм. Улмаар шүүхэд гомдол гаргасан бөгөөд түүний гомдлыг шийдвэрлэж Засаг даргын албан тушаалдаа суугаад байсан билээ.
URL: