“Унах нүхээ ухах” уралдаанд Н.Батбаяр сайд түрүүлчихсэн юм биш үү

1401177692_103dd56c0868afforiginalНийтлэлч Баабар хэвлэлд өгсөн ярилцлагадаа улс төрийн нөхцөл байдлын талаар “Унаж үхэх нүхээ хэн нь хурдан ухах уралдаан шиг юм болж байна” гэж дүгнэжээ. Ардчиллын хаалгыг нээчихээд “хатавч”-нд нь мушилзан зогсдог энэ эрхэм хэн нэгэнд барьцаалагддаггүй, баригддаггүйнхээ хувьд хатуу үгээ хэлэх эрх чөлөөтэй байдаг. Тэр хэрээрээ үнэнийг өгүүлчихдэг нь таатай. УИХ-ын сонгуулийн өмнөхөн түүний хэлдэг таамаглал яагаад ч юм бэ, хэдхэн бутархай тооны зөрүүтэй ч хамгийн дөхүү гардаг шигээ энэ удаад ч Засгийн газрын хувь тавиланг бараг л зөгнөөд хэлчихсэнийг үйл явдлууд харуулж байна. “Хамгийн түрүүнд унах нүхээ ухсан” сайдыг огцрох өргөдлөө өгсөн Х.Баттулга гэж хэн ч харахгүй. Тэр өөрөө Засгийн газарт шүүмжлэлтэй хандаж байгаа нь илт байна. Харин унамааргүй байгаа ч нүхээ ухчихаад тойрч гүйгээд байгаа сайдаар хамгийн түрүүнд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр тодорлоо. Тэрбээр “Чингис” бондын мөнгийг захиран зарцуулах эрхтэйгээрээ эдүгээ бараг Ерөнхий сайдаас ч илүү эрх мэдэлтэй нэгэн болж хувирчээ.

Гэхдээ тоо бодоод тооцоолоод ирэхээр хэн рүү бухаж, чихэхээ хачин сайн мэддэг аж. Харамсалтай нь хуульч сайд, тухайлбал А.Гансүх түүн шиг болчимгүй нэгэн биш л дээ. Ямар хүмүүстэй нэг танхимд ажиллаж байгаагаа даанч нэг мэддэгийн хувьд “Төмөр замд зарцуулсан” гэж гүтгээд байгаа их хэмжээний мөнгийг баримт нотолгоотойгоор ам бардам хааж үзэгдэв. Энэ нөхцөлд Н.Батбаяр сайд ямар харагдаж байна вэ. Баабар ярилцлагадаа “Хөгжлийн банк гээд сайхан газар  энэ хэдэн жил мөнгийг мөн гоё савируулж байна аа” гэж хоржоонтойхон хэлжээ. Түүний хэлсэн үг Н.Батбаяр сайдад хамгийн их хамаатай. Хэн нэгэнд таалагдахын тулд бондын мөнгө амсуулаад байж болдоггүйг тэр ойлгож ухаарах нь юу л бол. Уг нь Н.Батбаяр сайдын охинд “Версаче” брэндийн дэлгүүр нээж өгөх гэж, “Гудамж” төслийг хэрэгжүүлэх гэж Засгийн газрын баталгаатай “Чингис” бондыг бодож олж дэлхийн зах зээл дээр арилжаагүй юм шүү дээ. Төмөр зам бариад далайд гарцтай болж, газрын дорхи баялгаа зарж баяжих гэж байгаа юм гээд тухайн үед байгаагүй буюу боломжийн хүүтэйгээр бондоо арилжсан. Боломжийн гээд байгаа үнэ нь хэчнээн өндөр билээ гэдгийг улстөрчид тэр үед дуу, дуугаа авалцан зөв үнэлж байсан ч төд удалгүй буруу зарцуулахаар уралдаж эхэлсэн. Энэ нь эцэстээ мөнөөх “Унах нүхээ ухах уралдаан”-ы гараа байсан хэрэг. Ингээд Эдийн засгийн хөгжлийн сайд гэж Монголын хамгийн том эрх мэдэлтэй сайдтай болчихлоо. Дээд тэнгэрийн зарлигаар төрийн ажлыг хийх эсэхээ, бүр Төрийн ордонд морилон ирэхээ шийддэг Н.Батбаяр сайд огцрох нь тодорхой болоод ирснийг нуух юун. Түүнтэй хамт Сангийн сайд Ч.Улааныг хамт үдэхгүй бол шударга бус хэрэг болно. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр хүртэл тэр хоёр амь нэгтэй, эсвэл байгаа нь байхгүйгээ орлоод оролцчихдог гаж жишиг тогтоочихсон. Төсвийн нөхцөл байдал ямар байгааг Ч.Улаан сайд бодитойгоор үнэлж мэдээлэл өгөхгүй байна. Хэрэв тэрбээр намаа солиогүй, МАН-ын гишүүн Ч.Улаан хэвээрээ байсан бол өнөөдрийн эдийн засаг, төсөв санхүүгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэх байв гэдгийг ёстой л унтаж байхад нь  зүрхэн дээр нь толь тавиад, эсвэл ховсдож байгаад асуухсан гэхээс аазгай хөдлөөд байх юм. Яг одоо ярьж байгаагийнхаа эсрэгээр ярина гэдэгт мөрийцсөн ч алдахгүй шүү.

“Монголын түүхэнд хэзээ ч байгаагүй асар том хөрөнгө оруулалт олж ирээд эргэлтэнд оруулсан энэ гавьяаг өнөөгийн шүлстэй сагуу үгээр мөнхийн үнэлэмж тогтоож болно гэж үү… Олдсон дээр нь идэж уугаад найрлаад дуусгадаг араншингаас бид салж амжаагүй л байгаа” гэх Баабарын үг энэ Засгийн газрын насжилтад ч бас хамаатай билээ. Н.Батбаяр, Ч.Улаан нарын араас эдийн засаг хүндрэх үндэслэлийг буй болголцсон Уул уурхайн сайд Д.Ганхуягийг нэрлэхгүй бол “нүгэл” болох биз ээ. Тэрбээр дэлхийн нэр хүндтэй хэвлэлүүдэд “Тэнэг толгой” гэж бичүүлэхээсээ өмнө эс үйлдлээрээ олон нийтээс “Муу” үнэлгээ авчихаад байгаа билээ. Магадгүй, мэдээллээс хол зарим нь энэ талаар “Яагаад” гэж асуух байх. Тэр нэрээ хугалахаас, суудлаа суллахаас эмээгээд юу ч хийхгүй байгаа нь огцруулах шалтгаан мөн. Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн хувьд намынхан нь түүнийг авч үлдэх шийдвэр гаргасан нь хожим рейтингэд нь сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй. Гэхдээ дээрх нөхдийг “гүйцээгүй” юм чинь “Нүх ухах уралдаан”-д ялагдаж таарна. Х.Баттулгын тухайд, өөрийн нүүдлээ хэдийнэ хийчихсэн. С.Эрдэнэ, Я.Санжмятав, Л.Гантөмөр тэргүүтэй салбар хариуцсан сайд нар бол “Яасан ч яах вэ” дээрээ тулчихаад байгаа идэвхгүй фигурууд бөгөөд одоо зөвхөн намынхаа л амыг харж салхинд найгах мэт явна.

Тэд Н.Алтанхуягийн танхимд “Давхар дээл” нөмөрч суулаа гээд намтартаа “Сайд” гэсэн үгийг нэмүүлснээс өөр гай ч үгүй, гавьяа ч үгүй. Харин Эрүүл мэндийн сайд Н.Удвал Ч.Улаан, Н.Батбаяр нарын нэгэн адил огцруулах нөхдийн жагсаалтыг тэргүүлж яваа нь тодорхой. “Гал” ассан ч хэн шатах, хэн нь хормойгоо түлээд өнгөрөх нь тодорхойгүй ийм аюултай нөхцөлд Засгийн газар ажиллах амаргүй. Жаахан л салхи сэвэлзэхэд үнс болохуйц ийм л нөхцөлд тэд ажиллаж байна. Уг нь урагшгүй фантаазчидтай хамт урам зориг нь бадарсан залуус хамт орж ирсэн. Үүнд ШӨХТГ-ын дарга О.Магнай болон төрийн албанд ажиллаж буй олон залуусыг нэрлэж болно. Гал руу гараа дүрээд ч болтугай улсаа аврах тэдний урам руу мөнгөнд “согтсон” ах нар нь ус асган унтраалаа. Гэхдээ залууст ирээдүй бий. Харин Хөгжлийн банкны хөрөнгөнд “хөлчүүрхсэн” Н.Батбаяр сайд тэргүүтэй хүмүүс дахин босч ирэх нь юу л бол. Учир нь Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын хувьд, тойрон хүрээлэгчид нь тэнгэрийн хүмүүс, харин хатуухан үгээр шүүмжлэгсэд газрын амьтад мэт санагдах болсон билээ. Ямартай ч тэрбээр “Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж намайг “Эдийн засгийн хямралын яамны сайд” гэж гоочилсон. Хэрэв намайг огцруулбал түүнийг тэнгэр ниргэг” хэмээн бухимдаж яваа сурагтай.

М.Тунамал


URL:

Сэтгэгдэл бичих