Африкийн эрээн тахь шиг хачин тарвага намнасан анчин эрийн сүйрэл
Лхасбат гэх хачин нэртэй эрийн өвөө нь Эрдэнэзуу хийдийн гэсгүй лам явжээ. Юм л бол, сав л хийвэл “Цаст Түвд Лхас хотод очиж Бурханы диваажинг нэг үзэх юмсан. Ээ дээ, Лхас хот сайхан гэсэн” гэж ярьдаг байж. Харин өнөөх гэсгүй лам яг 1938 оны хаврын тэр шөнө баригдахынхаа өмнөхөн арван настай хүүгээ дуудаад “Миний хүү аав нь маргааш бүр явах байх. Гэхдээ хүү дээрээ аав нь хоёр жарны дараа эргэж ирнэ” гэж учир битүүлэг зүйл хэлсэн одсон байна.
Гэвч аав нь Эрдэнэзуу хийдийн тэргүүн хамбын хамт ногоон малгайтнуудад баригдаж, сураггүй алга болсноор цаазлуулсан 30 мянган ламын нэг болсон нь ойлгомжтой. Энэ явдлаас хойш гэсгүй ламын хүү нь хорин жилийн дараа гэр бүл болж, соц нийгмийн жирийн нэг ажилчин ангийн төлөөлөл болжээ. Харин гурав дахь хүүхдээ төрөхийг харсан эрийн үстэй толгой
арзас хийгээд л явчихсан аж. Яг л аав шиг нь дүр төрхтэй хүү мэндэлснээс гадна хацар, хүзүүн дээрээ ч гэсэн адилхан мэнгэтэй байсан нь хойд дүр гэдгийг нь баталсан юм шиг.
Ингээд хүүдээ аавыгаа дурсан Лхасбат хэмээх хачин нэр хайрлажээ. Гэвч Лхасбат бол ёстой нэрэндээ таарахгүй нас биенд хүрсэн хойноо нүгэлт хар гөрөөчин болсон бөгөөд Хархорины сангийн аж ахуйн 4 тасагт амьдардаг нэртэй. Нэртэй гэдгийн хувьд өвөл хавар нь чоно, үнэг элдэж, зун намар нь тарвага туулай агнаж хээрээр гэр хийдэг, хэрмэл тэнэмэл нэгэн байжээ. Анчин гэдэг нь одооны үгээр хоббий юм уу даа. Нэг л содон араатан, дошны лунжгар бурхи харчихсан бол түүнийгээ заавал цааш харуулж байж бүтэн нойртой хонодог тийм л нэг донтсон эр байжээ, өнөө Лхасбат чинь. Тэр үеийн эгэл боргил айлууд ямар л олигтой байх билээ толгой, цувдайхнаар л хооллодог болохоор хүүхдүүд залхана биз дээ.
Харин Лхасбат тарваганы махыг амбаартаа том модон саванд хийгээд хөлдөөчихнө. Өвөл зунгүй л тэднийх тарваганы мах иддэг айл байв. Хулгар шар гэдэг амьтны мах сэрүүн газар байхад муудаж, үнэр орно гэхгүй бас царцахгүй, тосондоо шингээд улам амттай болдог. Тиймээс Лхасбатынд орж тарваганы махнаас мань мэтийн хүүхдүүд хааяа идэж л махсаагаа гаргадаг байв. Нэг удаа Лхасбатын том хүү Болдоо манайд гүйж орж ирээд “Хуягаа хоёулаа маргааш аавтай тарваганд явах уу?” гэлээ. Найман сар гарчихсан, зуны амралт шувтарч байсан болохоор би эцэг эхээсээ зөвшөөрөл аваад тэдэнтэй хамт тарваганд явахаар, болов. Тарваганд явна гэж ёстой гадаад явахтай адил юм болно шүү дээ. Хоол хүнс, лаа шүдэнз, тамхи тариа гээд юу эс мундах билээ.
Лхасбат өглөөнөөс тарвага намнах ажилдаа гарч, эхнэр Жавзан нь өвчин, Болдоо бид хоёр махыг нь газар зууханд галлан, том тогоонд чанадаг ажилтай. Өвчсөн тарваганаас шилж байгаад чанахыг нь аваад бусдыг нь холхон аваачаад газар булна. Түүн дээр нь тэр хавийн хамаг ноход зоолохоос гадна элээ, тас овоордог байж. Соц үеийн энэ мэт түүхийг эргэн санахад монголчууд даанч цамаан байсан дэг. Тарган шинэ мах амттай болохоор тосонд нь чанасан махыг тоохгүй шүү дээ. Цуйван хуушуур хийж иднэ. Хамгийн гол нь тарваганы мах амархан шингэдэг, бас хонь үхрийн мах шиг ходоод гэдэс эвгүй болгохгүй, сайн чанарынх гэдгийг одоо л интернэт, сонин хэвлэлээр уншиж мэдсэндээ харамсдаг юм. Гэхдээ энэ ч яахав. Тэр жилийн тарвагачлал бидэнд тэрхүү харамсалтай, эмгэнэлтэй явдал авчирна гэж хэн санах билээ.
Лхасбат бол ёстой сум тоолон тарвагыг унагана. Арван сумнаас найм, есөн бурхи л унагаана шүү дээ. Нэг удаа эхнэртэйгээ хуучин муу мотоциклио асаагаад тарваганд явлаа. Орой нь тэр хоёр дуу муутай хоорондоо хэрэлдчихсэн ирдэг байгаа. Эхнэр Долзодмаа нь “Лхасаа минь яах гэсэн юм бэ?” гэвэл нөхөр нь “Битгий хуцаад бай. Тийм эрээн тарвага чи хаана харсан юм бэ. Заавал унагана” гэж зөрнө. Болдоогийн ээж бүр сүүлдээ уйлж “Тэр дошинд ганцхан тийм тарвага байсан. Ганцхан байна гэдэг чинь лусын амьтан. Чамд муу юм болдоггүй юмаа гэхэд үр хүүхдэд чинь” гэтэл Лхасбат үгийг нь таслан өндөр дуугаар “Дуугүй унтаж хэвт. Би маргааш тийшээ ганцаараа явна” гэсэн юм.
Өглөө намайг сэрэхэд Болдоо чихэнд минь “Хуягаа чамд нэг сонин юм үзүүлэх үү? гэлээ. Яваад очвол яг африкийн цагаан эрээн тахь шиг тарвага байх ажээ. Урд нь цагаан тарвага гэж сонсож байснаас биш ийм эрээн амьтан үзэж байсангүй. Лхасбат ах дуу исгэрэн өнөөх тарвагаа өвчиж, харин Долзодмаа эгч нулимс дуслуулан тарваганы мах чанаж байлаа. Энэ өдөр ч яахав, тэгсхийгээд өнгөрөв. Үдээс хойш, шөнө үргэлжилсэн усан бороо шаагиж, Лхасбат ах тарваганд гарсангүй. Бүгд дуу шуугүй майхандаа унтахаар болов. Өглөө чихэн дээр тарвага хошгироод намайг нойрноос сэрээчихлээ.
Гайхан өндийвөл Долзодмаа эгч хоёр гараа цээжин дээрээ хумиад барьчихсан яг л дошин дээрээ хошгирч буй тарвага шиг хачин дуугаар чарлаад унав. Гаднаас Лхасбат ах гүйн орж ирээд “Хөөе Долзодмаа чи яаж солиорч байгаа юм бэ?” гээд хацар луу нь алгадвал тэр бүүр чангаар хошгирч эхлэв. Үнэхээр зүрх зүсэм муухай дуунаар майхны ойролцоо байсан дошин дээр тарваганууд гозойчихсон хошгирч уналаа. Энд тэндгүй тарваганууд дошин дээрээ хэдэн арваараа шаагилдан чарлаж эхэлсэн юм. Чих дөжрөм, зүрх зүсэм муухай дуу энд тэнд сонсогдов.
Лхасбат ах мотоциклио асаагаад бид хоёрыг “Бушуул хурдан ард суу” гэдэг байгаа. Бид гурав чигээрээ давхисаар Цайдамын хөшөө орж, тэндээс Хашаат, Хархорины хэдэн хүн дагуулаад буцаж ирвэл майхан эзгүй, Долзодмаа эгч хаашаа ч юм бэ алга болсон байв. Хархорины цагдан сэргийлэх, 100 гаруй хүн эл хөндийг самнаад Долзодмаа эгчийн сургийг гаргаж чадаагүй бөгөөд аргаа барахдаа Орхон голд үйж үхсэн гэсэн таамаг гаргасан гэдэг. Ахиж хэзээ ч тэр эгч үзэгдээгүй бөгөөд Намаг гэх эл газар хааяа тарвага шиг хошгирдог эмэгтэй хүний тухай үлгэр домог шиг яриа сонсогдоор ерэн онтой золгосон юм. Харин Лхасбат ах ерээд оны дунд үеэр, эхнэрээсээ хойш архи уусаар сүүлдээ цагаан солио тусч үхсэн билээ.
ХОРИОТОЙ СОНИН
URL: