Элэг эмтэлсэн нүүрсний замыг ”Ландага”, ”Ажнай” хоёр төвхнүүлж байна
Эндээс л бид Өмнийн говийн “толгойны өвчин” болсон асуудлуудтай танилцаж эхэлсэн юм. Саарал элсэн дээгүүр алхалсаар “Гашуун сухайт”-ын боомт дахь ганц барилга болох гаалийн байр руу очлоо. Биднийг тус боомт дахь гаалийн орлогч дарга С.Мөнхбаатар их л уриалгахнаар хүлээн авч, ажил байдалтайгаа танилцуулсан юм. Нэгэнт хил дээр очсон тул хүмүүс ямар бараа таваар хилээр оруулж гаргадаг, хэчнээн хятад манайх руу орж гардгийг мэдэхийг хүсэхэд өдөрт 20-30 монгол хүн л хилээр орж гардаг гэх мэдээллийг бидэнд өглөө. “Ганц мод”-ны хилээр нэг хүн 50 кг цагаан будаа, цөөн тооны хайрцаг жүүс, ус зэрэг л нэвтрүүлэх эрхтэй тул бараа эргэлт гэх зүйл энд байдаггүй аж. Хааяахан гардаг зөрчил нь нүүрс экспортлохоор хил гарсан монгол жолооч нар орж ирэхдээ хятад спирт кабиндаа нуун оруулж ирдэг гэнэ. Зорчигчдын экспорт, импортын замаас гадна тус боомт дээр Хятад руу нүүрс гаргах хоёр, нүүрсээ буулгасан машин эргэж орж ирэх мөн хоёр зам байна. Энэ замаар өдөрт тус бүр 100 тонны даацтай 400 автомашин Монголын хүрэн нүүрсийг ачаалан гарч, мөн тооны хоосон машин орж ирдэг гээд бодохоор харуусал төрж байлаа. Эндээс 100,100 тонноор нүүрс гаргаж болох бол тэндээс 50-хан кг будаа оруулах зөвшөөрөлтэй.
Энэ манганы цуваа өглөө 08.00 цагт боомт нээгдсэнээс эхлээд оройны 20.00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд хил гарах гэж байгаа автомашинууд Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь “Энержи ресурс” компанийн нэг ам, “Тавантолгой” ХК-ийн хоёр амнаас олборлосон нүүрсээ ачин 180 км зайд байрлах Цагаан хад гэх газар ирж, гаалийн бүрдүүлэлт хийн боомт дээр ирдэг. Цагаан хадан дээр уурхайгаас ирсэн нүүрсийг асган, гаалийн шалгалт явуулаад нүүрсээ эргэн ачиж, битүүмжлэн боомт дээр ирнэ. Харин “Гашуун сухайт”-ын боомтод ачаатай нүүрсний лац болон бусад зүйлийг гааль, мэргэжлийн хяналт, ГИХАЭА, хилийн цэргийнхэн шалган нэвтрүүлдэг юм байна. Ингээд манай тоос бужигнасан элсэн дээгүүрх хяналт шалгалт дуусч, Хятадын хил эхлэхэд бүх зам нь хатуу хучилттай байх бөгөөд Хятадын хилийнхэн манайхнаас хоёр дахин хурдтай ажилладаг хэмээн Монголын хил дээр буй хонох дөхөж байгаа жолооч нар өгүүлж байлаа. Гэвч нөгөө талаар өдөрт багаар бодоход 800 автомашиныг 4-5 байцаагч шалгана гэдэг бэрх, ажиллах нөхцөл нъ хүнд гэдгийг гаалийнхан хэлж байсан юм.
Гааль дээр ажиллаж байгаа хүмүүсийн ажиллах нөхцөл хүнд, гэр бүлтэйгээ ирсэн хүмүүс цөөхөн байдаг нь гэр бүл салалтаас эхлээд нийгмийн олон асуудалд хүндрэл учруулдаг ажээ. Удахгүй “Гашуун сухайт”-ын боомтыг 24 цагийн ажиллагаатай болгоно. Энэ үед одоо ачааллаа даахгүй байгаа гаалийн ажлаа хэрхэн явуулах нь үнэхээр ойлгомжгүй санагдаж байлаа. Зөвхөн Хятад руу нүүрс гаргахаар нээсэн уг боомтоор цаашид гарах нүүрсний хэмжээ өдрөөс өдөрт нэмэгдэх нь ойлгомжтой, энд мөн л төрийн бодлого дутаж байгаа нь мэдрэгдэж байлаа. Түүнчлэн зэрэгцэн орших хоёр боомт өдөр, шөнө шиг ялгаатай байгаагийн нэг шалтгаан нь манай Хилийн тухай хуульд боомтыг онцгой бүс хэмээн үздэг тул ойр орчимд нь барилга байгууламж барихыг хориглодогт байдаг ажээ. Уг нь өөдлөх айл үүднээсээ гэдэгсэн дээ. Энэ мэт мэдээллийг дөнгөж авч байтал манай онцгой бүс тул гэрэл зурат авч болохгүй хэмээн хилийн цэргийн нэгэн албан хаагч биднийг саатууллаа. Түүний хэлж байгаагаар саяхан TҮ-9 телевизийнхэн ирж нэвтрүүлэг бэлтгэсний дараахан ХХЕГ-аас баахан “донго” хүртсэн тул ХХЕГ-ын зөвшөөрөл байхгүй бол уг бүс рүү нэвтрэхийг хатуу хориглоно гэж байлаа.
Энэ мэтчилэнгээр зорьсон ажлаа төдийлөн амжуулж амжаагүй байхад нүүрсний компаниудын золигт гаргасан Цагаан хад гэх алдарт газар руу явах автомашин ирсэн хэмээн гаалийн ажилтан мэдээлсэн тул бид яаравчлан хилээс гарлаа. Хил хаахын өмнөхөн ийн Цагаан хадан дээр очиход хүний хэрэглээний наад захын шаардлага хангахгүй орчинтой уг газарт хүүхэд багачууд тоглож, хүүхнүүд нь хятад, монгол жолооч нарын хоол хүнсийг бэлтгэх ноорхой гэрт сууж, шавар тагзнууд дээр нь “1000 нэрийн барааны дэлгүүр”, “Хүнсний дэлгүүр”, “Комиссын барааны дэлгүүр” гэх мэт хаяг үргэлжлэн биднийг угтсан юм. Энэ газарт ихэнх үйлчилгээний төлбөр юанаар хийгдэх бөгөөд төгрөгөөр тооцоо хийхэд худалдаа эрхлэгчид их л дургүй байдаг юм билээ.
Дэлгүүрүүдэд нь өнгө үзэмж муутай дотуур хувцас, гар чийдэн, ялааны хор зэрэг бараа бэлэн хоол, талх, чихэр боовтой нэг ширээн дээр тоосонд дарагдан залрах ажээ. Бидний эхний зочилсон дэлгүүр энэ газартаа хямд бараагаараа толгой цохидог гэнэ. Тиймээс бараа бүтээгдэхүүний үнийг нь судлах гээд жижиг хэмжээтэй гар чийдэнгийн үнийгхудалдагч эмэгтэйгээс асуутал “70 юань” гэв. “Монгол мөнгөөр тооцоо хийх үү” гэхэд “Энд бүх зүйл юанаар тооцоо хийдэг. Таньдаг хүн амьтан байдаг бол мөнгөө юанаар солиулчихгүй юу” гэх нь тэр. Түүний хариуд “Хил гарахгүй учраас эх орондоо төгрөгөөрөө л тооцоо хийнэ гэж бодсон болохоор төгрөг л байна. Гар чийдэн авъя” гэхэд тооны машин дээрээ дурамжхан хэдэнтээ цохиод “7000 төгрөг” гэв. Эндээс бид “Гуанз” хэмээн бичсэн навсархай гэрт ороход 25-30 юанийн үнэтэй хятад хоолны цэс ширээн дээр тавьж, арын хэсэг нь “Зочид буудал 250 юань” хэмээн бичсэн байв. Энэ гэрт удаан байж орчныг ажиглахыг хүссэн боловч хамар цоргисон хятад хоолны амтлагч, хоймор эзлэн суух, нүцгэлсэн хятад залуусыг харахад бэрх тул яаравчлан гарлаа.
Бидний дараагийн очсон гэр тэр хавьдаа л гайгүй зочид буудалд орох бөгөөд “Холбоотой гурван гэр” гэдгээр нь эндэхийн хүмүүс анддаггүй юм билээ. Таван ханатай гурван гэрийн ханийг нүхлэн хоорондоо дамжих боломжтой болгосон эхний гэрт нь цайны газрын гал тогоо ажиллах бөгөөд түрүүчийн адил хятад амтлагч ханхийн, 18-22 насны монгол охид газан пилеткин дээр хятад хоолыг гарамгай хийн биднээс их л эвгүйцсэн байдалтай угтлаа. Энэ гэрийн баруун хатавчийг нүхэлж дамжих өрөө болгосон хаалга руу харахад цаад талд нь ширээн дээр захиалгат хоолоо хүлээн 6-7 эр телевизор үзэн тухлаж байгааг харахад толинд харж байгаа мэт сонин сэтгэгдэл төрж байлаа. Хоол хүлээн суугчдын нэг нь өвөрмонгол хүн тул түүнтэй хоёр хилийн талаар болон зам хооронд нүүрс тээвэрлэхэд гардаг бэрхшээлийн талаар асуух гэсэн боловч төдийлөн хил нэвтрэлцэж чадсангүй. Гэвч түүнтэй цөөн хором ярилцаж ойлголцсоноор хятад жолооч нар дундаж хятад иргэдийн авдаг цалингаас даруй 2000 юанаар илүү цалин авдаг гэнэ. Тэд зургаан сард нэг удаа гэртээ харих эрхтэй байдаг ажээ.
Бусад цагт нь хоёр хилийн хооронд нүүрсээ зөөн, кабиндаа хоног төөрүүлдэг гэнэ. Монголын хилээр орж ирэхэд монгол жолооч нар хятадуудыг дээрэмдэж, зоддог. Заримдаа гаалийнхан нь хүртэл дээрэлхэж, галуун цуваагаар хүртэл алхуулдаг гэнэ. Ингэж байх үедээ гурав хоногоор ч хилээр гаргахгүй байх үе байдаг. Монголын хууль тогтоомж их чанга. Дээрээс нь ус ховор учраас долоо хоног нүүрээ угаагаагүй хэмээн ярьж байв. Биднийг ийм яриа өрнүүлж байтал нүд шүд хоёр нь гялалзсан нэгэн нөхөр их л омогтой орж ирж, “Чи муу компани муулаад байна уу. Юу ярьсан бэ” хэмээн өнөөх өвөрмонголыг толгой түрүүгүй загнаж гарав. Түүний хариуд өвөрмонгол эр “үгүй” хэмээн үл ялиг инээмсэглэн хэлэхээс өөр хариу өгч чадсангүй. Тиймээс бид дараагийн холбоотой гэр рүү орохоор шагайхад хойморт нь 4-5 хятад залуу нүцгэн орон дээр унтах нь унтаж, телевизор үзэн тухлаж байгааг нь харахад сэтгэлд мөн л таагүй санагдаж байв. Эндээс гартал монгол жолооч нар бидэнтэй санал бодлоо солилцохыг хүсч, харин овог нэр, ажил албаа хэлэхгүй хэмээн тохиролцлоо.
Тэдний хэлж байгаагаар өдөрт гаалиар 400 автомашин гардаг. Монголчуудыг Хятадын хилээр ороход Хятадын “Ганц мод”-ынхон их дээрэлхдэг. Монголын гаалийнхан хятад жолооч нарыг галуун цуваагаар явуулснаас үүдэн долоо хоног хилээсээ гаргаагүй. Мөн ганц нэгээрээ явж байгаа монгол жолооч нарыг хилийн цаана хятадууд зодож, эрэмдэг болгосон тохиолдол олон байдаг. Хятадуудыг ч монголчууд дээрэлхэж, өвдөг сөгдүүлэн удтал суулгаж, дээрэмдэх нь их байдаг хэмээж байлаа. Хятадууд нүүрс тээвэрлэж байгаа хятадууддаа их мэргэжлийн өндөр шалгуур тавьдаг.
Гэхдээ ийм хүнд хэцүү ажлыг хийх хүн ховор тул хүнд ялтай хүмүүсээр жолоо бариулдаг гэх мэдээлэл байдаг. Үүнийгээ баталгаажуулах мэт ингэж ярив. “Энэ тоос манарсан замд байнга хятад жолооч нар эндэхэд тэднийгээ хар утаа маналзуулан шатаачихдаг. Монголчууд бид үүнээс нь их эвгүйцдэг. Энд сард 1-2 жолооч найдвартай амиа алддаг. Гэвч энэ бүхнийг нүүрсний компаниуд их нууцалдаг тул олон нийт мэддэггүй. Үүнээс гадна энэ хүнд даацын автомашинуудыг барихад их ур чадвар шаарддаг. Хятад жолооч нар маш их ядарч нойргүй зүтгэдэг бол монголчууд согтуу их явж осол их гаргадаг. Ийм ослоос болж цаанадаж амиа алдана. Наанадаж согтуугаар жолоо барьж байгаад машинаа мөргөлдүүлсэн жолооч нар 100 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр машины өрөнд орж, компанидаа насаараа үнэгүй ажилладаг өрөвдөлтэй тавилантай олон хүн байгаа. Энэ эмх замбараагүй байдлыг эмхлэхийн тулд таван машин тутамд нэг рецетив гэмт хэрэгтэн шахуу хүнийг тавьж, монгол жолооч нарыг “журамладаг”. Тэд нар нь ч зүгээр байдаггүй тул байнга Дундговь аймгийн цагдаагийн хэлтэс дээр дуудагддаг. Эдгээр хүмүүсийн цаана “ландага” хочтой нэг хүн байдаг.
Тэр цагдаагийн асуудлыг шийдвэрлэх гэж Дундговийн цагдаагийн хэлтсийн яг хажууд нь хашаа хатган цагдаад дуудагддаг жолооч нараа амраах хоёр гэр барьсан гэж байлаа. “Ландага” энэ хавиар үе үе үзэгдэх бөгөөд хочиндоо таарсан том биетэй их сүрдмээр хэмээн жолооч нар ам булаалдан ярьж байлаа. Тэдний хэлж байгаагаар “ландага”-тай “Ажнай” Д.Бат-Эрдэнэ хамтран нүүрсний замыг “эмхэлдэг” гэв.
Үргэлжлэл бий
Түрүүч нь 115, 116 дугаарт
С.Энхзаяа
URL: