Орцны хаалга онгойхоо байв

-27052014-1401157681-600846715-ortsIII-VI хорооллын орон сууцнуудын орцны хаалга сүүлийн хэдэн сар онгойхоо байв. “Али Баба ба 40 дээрэмчин” үлгэрт гардаг агуйн хаалга хэн нэг нь “Сим сим онгой” гэж хэлэхээс нааш нээгддэггүй. Харин хороолол хавийн орцны хаалга цэнхэр өнгөтэй, жижигхэн хавтгай соронзон түлхүүргүйгээр нээгдэнэ гэж үгүй.

Нэг цоож 500 хүртэлх түлхүүрийг таньж үйлчлэх чадалтай гэхээр СӨХ багагүй мөнгө олж байгаа нь харагдана.

Нэг ёсондоо гагцхүү эзнээ л оруулдаг, хулгай худлыг босго давуулдаггүй, тэгсэн атлаа цалин мөнгө нэхдэггүй орцны сайн жижүүр гэж хэлэхэд болохоор юмсанж. Архи дарс уухгүй, шатны хөндийд байрлаж орцоор нэг хоол унд, шивэр шинхэг ханхлуулахгүй гээд давуу тал олон юм аа. СӨХ-ноос 1000 төгрөгөөр нөгөө цахим түлхүүрийг авчихад л болох нь тэр.

“Шинэ манаач”-тай болсноос хойш орцонд үүрлэж архи дарс уудаг, орилж хашгичин үймээн тарьдаг “сайн эрс” үзэгдэхээ байж, орцны үнэр ч бага багаар засарч байх шиг. Ерөнхийдөө бүх зүйл “ок” болоод ирлээ. Цэнхэр түлхүүргүй амьтан ах дүүс хаа нэг “Орцныхоо хаалгыг онгойлгоотох оо” гэж ярин дулаан хөнжлөөс босгохоос бусдаар тун аятайхан байсан юм сан. Гэтэл, шинэхэн манаачийн тар нь танигдаад ирдэг байгаа. Саяхны нэг өдөр хорооллын байрнууд цахилгааны хязгаарлалтад өрттөл онгорхой орцны хаалга байхгүй болчихдог юм байна. “Шинэхэн манаач”, “Орцны сайн жижүүр” энэ, тэр гээд дээр юу юу ч гэчихэв дээ.

Магтсан хүүхэн хуриман дээрээ… гэдэг шиг цахилгаан тасрахаар онгойхоо байдаг сул талтай хаалга байсныг мэдсэн хүмүүст “тог” ирэхийг хүлээхээс өөр сонголт үлдсэнгүй. Тэгээд бодлоо. Монгол Улс цахилгааны хэрэглээгээ өөрсдөө бие даагаад зохицуулчихаж чаддаггүй улс. Гаднаас гурав дахин үнэтэй цахилгаан авч, өвлийг арай ядан давдаг шүү дээ. Одоохондоо цахилгааны хязгаарлалтыг хотод арай бага, хөдөөд арай их хийгээд байх шиг байдаг. Яваандаа цахилгаан их тасраад ирвэл гэртээ хонож чадахгүй, өөр арга тал бодохоос аргагүй болгох тийм л эд юм.

Юмны сайн талыг олж харахгүй муу талыг нь хайж явдаг нөхдүүд бас байна. Орцны хаалга нээгдэхээ байсан тэр өдөр “шинэ жижүүрийнхээ” сайн мууг орцныхоо нөхдүүдтэй хэлэлцлээ. Тэдний хэлж байгаагаар бол, нэвтрэх эрхийн системтэй хаалга 1000 юань гээд Эрээнээр нэг байдаг аж /гэхдээ цоож нь л юу юм гэхээс манай орцны хаалга бол Монголд л хийгдсэн гэж харагдахаар/. Цахилгаан соронзон түлхүүр нь ямар үнэтэйг мэдэхгүй, ямар ч байсан СӨХ нь 1000 төгрөгөөр худалдаж байгаа.

Нэг цоож 500 хүртэлх түлхүүрийг таньж үйлчлэх чадалтай гэхээр СӨХ багагүй мөнгө олж байгаа нь харагдана. Орцны жижүүр СӨХ-өөс цалин авч зарлага гаргадаг бол шинэ хаалга ашиг оруулдаг болж таарч байна. Тэд бас хэлж байна. Мөнгөө хэмнээд дундаа 1-2 цэнхэр түлхүүр авсан айлын гишүүд орцны гадаа хэн нэгнийг гарч иртэл хүлээх хэрэг гардаг.

Энэ нь өвлийн хүйтэнд бол хацар хошуугаа хайруулах, зун бол байрны гадаа зогсч хэн нэгнийг гарч иртэл хүлээн цаг алдах эрсдэлтэй гэнэ. Гомдол гаргагчид бүгд залуу хүмүүс байсан бөгөөд ингэж шүүмжлэхдээ “Бид бол яах вэ, хөгшид хүүхдүүдэд бол бас л хөөрхөн шоглоом шүү” гэсэн зүүлт хийх аж. Харин хөгшин настайчууд нь дуугүй суух нь тэд мань мэтийг бодвол аливаа юманд “яс”, түлхүүрээ байнга биедээ авч явдгийн шинж биз.

Залуус хөгшид, хүүхдээ өмнөө барьдгийн жишээ ч энд анзаарагдаж байгаа биз ээ. Орцны хаалга СӨХ-д ашиг оруулдаг болсон, худал хулгайг нэвтрүүлэхээ больсон сайн мэдээг хальт дуулгахад нэг иймэрхүү. Цахилгааны хязгаарлалт байнга хийгддэг болсон энэ үед, “тог” удаан хугацаагаар тасарсан тохиолдолд ямар ч найраагүй нь харин харамсалтай.

Х.Батсайхан


URL:

Сэтгэгдэл бичих