“Тектоник” ШӨХТГ-тай ямар тохиролцоо хийв
Орчин үеийн орон сууцнууд огтоны нүх шиг болсон хэрнээ үнэ нь тэнгэрт хадсан гэх яриа тасрахаа больсон. Ийм байтлаа огтоны нүх шиг оронсууцныхаа ам.метрээс хумсалж иргэдийг мөлжсөн олон тохиолдол бий. Үүний дээр чанаргүй гээд олон асуудал дагадаг. Нэг ам.метрээс 2-3 сая төгрөг гэхээр барилга үйлдвэрлэгчид хууль бусаар баяжиж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл хулгай хийж байна л даа. Эдний тэргүүн магнайд “Тектоник” хэмээх луйварчид байгаа тухай гомдлыг иргэд бидэнд ирүүлсэн юм. Тэр ч бүү хэл нэг айлын орон сууцнаас 5-18 ам.метрын зөрүү гарсан тухай ч иргэд ярьж байсан нь өдгөө хэвлэлийн архивт бий. Аймшигтай том луйвар гэгч л энэ байх. 18 ам.метрийг хамгийн бага ханш, хоёр саяар бодоход 36 сая төгрөгийг нэг өрхөөс мөлжиж байна.
Харин одоогийн байдлаар тус компани нь энэхүү алдаагаа ухамсарлаж, иргэдийн хохирлыг баргадуулаад байгаа тухай ШӨХТГ-аас мэдээлсэн нь худлаа хэмээн иргэд гомдоллох болов. Гэтэл хохирогчдын ярьж байгаагаар бол “Тектоник” компани хэл ам ихээр үүсгэж яваа цөөн айлын хохирлыг өөр замаар барагдуулж байгаа хэрнээ удаа дараа зарга үүсгэхгүй байгаа айлын хохирлыг барагдуулахгүй байна гэжээ. Мөн сүүлийн үеийн шинэхэн мэдээллээр ийнхүү гомдол гаргагчдын эгнээ тэлж өдгөө 100 шахмаар нэмэгджээ. Харин сүүлийн үед хохирогчид ШӨХТГ-аас юуны учир ийм худал мэдээлэл тараав хэмээн хардаж, “Тектоник” ШӨХТГ-т ямар нэгэн хэмжээгээр нөлөөлсөн учраас О.Магнай дарга хохирол бүрэн барагдуулаагүй байхад ийн мэдэгдэл хийсэн хэмээн үзэж буй.
Учрыг тодруулбал, “Тектоник” компани нь шинэчилсэн гэрээ гэдгээрээ иргэдийг мөн л хулхидаж, давхар ШӨХТГ-ыг ч хуурсан бололтой. Эсвэл ШӨХТГ, “Тектоник”-той хамтран иргэдийг хуурч байж болох юм. Юутай ч эх сурвалжийн хэлж байгаагаар бол “Тектоник” компани нь ШӨХТГ-т хэлэхдээ “бид иргэд оршин суугчидтай тохиролцож шинэчилсэн гэрээ байгуулсан” хэмээн залжээ. Үнэн хэрэгтээ тэр гэрээг иргэдийн аргагүй байдалд тулгуурлаж хүчээр байгуулсан гэрээ гэдгийг оршин суугчид тайлбарлаж буй. Ингэхээр иргэд арга буюу “Тектоник” ШӨХТГ хоёрын хооронд чухам ямар харьцаа үүссэн учраас ийн яаран мэдэгдэл гаргав хэмээн гайхаж бас хардаж буй. Яаж ч бодсон ШӨХТГ компаниас гаргасан гэх шинэчилсэн гэрээнд иргэдийн оролцоогүй итгэх учиргүй. Тэгэхээр иргэдийн хардаж байгааг бас буруутгах аргагүй. Магадгүй, томоохон бизнесийн байгууллага ШӨХТГ-тай ямар нэгэн тохироо хийсэн байхыг үгүйсгэхгүй л дээ.
URL: