Монголын ирээдүйг хорлогч сургуулиудыг яах вэ

227da0ffa207ff2foriginalХаврын сүүл сар, зуны эхэн сарын заагт их дээд сургуулиудын хонхны баяртай зуузай холбон хувийн хэвшлийн сургуулиудын сурталчилгаа давалгаалдаг. Өнөөдөр эрин үе нь ид оволзож байна. Чанартай чанаргүй хувийн хэвшлийн сургуулиудыг төрөөс шахах бодлого барьсаны үндсэн дээр өнөөдөр багагүй цөөрсөн ч бас л манайдаа олон үлджээ. Статистик баримт сөхвөл манай улсад өнөөдрийн байдлаар нийтдээ 99 их дээд сургууль, коллеж баклаврын зэрэг олгож байгаагаас төрийн өмчийн 15, төрийн өмчийн бус 79 сургууль үйл ажиллагаа явуулж буй. Үүнд нийтдээ 175 мянган суралцагч байгаагаас 105 мянган нь төрийн өмчид, 69 мянга нь төрийн өмчийн бус сургуульд суралцдаг бөгөөд 2013 оны байдлаар 37 мянган боловсон хүчин төгсч, 15 мянга нь ажлын байранд очжээ. Харин гадаадад 487 суралцагч бий гэсэн тоон мэдээллийг мэргэжлийн байгууллага байршуулжээ.
Статистик баримтаас харвал 2.9 сая хүн амтай Монгол Улсын хувьд ахадсан олон сургууль байгааг бид харж байна. Тиймээс өнөөдрийн зах зээлийн өрсөлдөөн дунд энэ олон хувийн хэвшлийн сургууль ёстой л жинхэнэ өрсөлдөөнийг төрөл бүрийн хувилбараар хийнэ. Өрсөлдөөний хууль хойно яах билээ. Гэхдээ хувийн хэвшлийн сургуулиудын сурталчилгааны 50 хувь нь худлаа байдаг тухай гомдол тасрахаа больсон. Хувийн хэвшлийн сургуулиудыг муучлах гэсэндээ бус бурууг нь хэлэх гэсэн хэрэг. Яагаад гэхээр манайх шиг жижиг буурай оронд ийм олон сургууль байх нь ирээдүйд ихээхэн хортойг гадны судлаачид тэмдэглэж үлдээсэн нь бий. Үнэхээр монголын ирээдүйг хорлож байгааг сүүлийн хэдэн жилийн жишээ тодоос тод харуулах болов уу. Гэхдээ энд би хувийн хэвшлийн их дээд сургуулийг нийтэд нь хамаатуулаагүйг ойлгох хэрэгтэй.
Өдийд хөдөө орон нутагт сургуулиудын сурталчилгааны багууд гарчихсан байгаа, ёстой залж өгч байгаа даа. Тэдний нүдэнд ирээдүйн боловсон хүчин, эрдэм боловсрол гэхээсээ илүүтэй мөнгө л харагддаг нууц биш. Олны танил хүмүүсийн зураг бүхий сурталчилгааг тарааж, “манай сургуульд ийм мундаг эрдэмтэн доктор, ийм ч тамирчин,  Ардын жүжигчин, Ардын уран зохиолчид хичээл заадаг” хэмээн өдөр шөнөгүй ухуулж яваа. Мэдээжийн хэрэг, өдийд хөдөө төрийн өмчийн сургуулийн босго давж чадаагүй, хоёр гурван жил өнжсөн, ид хорин насны  суралцах хүсэлтэй олон залуучууд байдгийг бид мэднэ. Тэдний хувьд хөөрхөн мал хуйгаа өсгөчихсөн, зарим нь жижигхэн бизнес хийгээд амьдралын арга эвээ олчихсон ийм үед сургуулийн сурталчилгаа хийсэн гайнууд хүрээд очно.
Сумын наадамд гурав давж, хаа нэг овооны наадамд түрүүлчихдэг 20 шүүрч яваа нөхөр их аваргуудын зураг хөрөг бүхий сүржин сурталчилгаанд хөтлөгдөхөөс яахав. Биеийн тамирын сургуулийн сурталчилгааны гоё хэвлэмэл хуудсан дээр энэ цагийн их аваргууд, олимп, тив дэлхийн медалтнуудын зургийг тавьж, “манай сургуульд хичээл заадаг. Манай сургуулийг төгсөгч” хэмээн рекламдана. Ингэхээр овооны наадмын бөхийн цээжинд олимп, дэлхийн аварга болох хүсэл оволзоод эхэлнэ. Аргагүй. Ийнхүү намар нь гайгүй өсгөсөн хэдэн малаа нядлаад сургалтын зардал бусад зардлаа гаргаж авна. Ингээд хотод орж ирэхэд өнөөх амлаад байсан багш нарын 50 хүрэхгүй хувь нь, сургалтын хувьд ч тааруухан орчин угтана. Ийнхүү дөрвөн жилийн турш хэдэн малаа зөөж бараад олимпийн аварга бүү хэл улсын аварга ч үгүй буцаад хөдөөгөө зорьж байгаа залуус алийг тэр гэхэв ээ. Нэг ажилгүй хүн л нэмж байгаа хэрэг шүү дээ. Уг нь хөдөөдөө хэдэн малаа өсгөөд байсан бол дөрвөн жилийн дараа Улсынх биш юм аа гэхэд аймаг, сумын аварга малчин болж таарна. Улс орондоо татвараа төлөөд, мал сүргээ өсгөөд байх ийм хүмүүсийг мөнгө хөөсөн хувийн сургуулийн сурталчилгаа ийн алж байна. Үүнийг л хорлож байна гэж хэлээд байгаа юм.
Үнэнийг хэлэхэд овооны наадамд нүцэглэж од болсон 20 гаруй насны залуу тэндээ л дуусна. Хэзээ ч олимпийн аварга болчихсон түүх байхгүй. Түүнийг чинь нялх багаас нь системтэй бэлдэж төрүүлдэг юм. Нэгэнт дээд сургууль төгсөөд очсон залуу яагаад ч сумын сургуульд галчаар ажиллахгүй, хэзээ ч сумын дэлгүүрт ачигч болохгүй. Малаа маллая гэхээр зөөгөөд дуусгачихсан, яалтай ч билээ. Ингээд л та нарын худлаа сурталчилгааны гай нэг ажилгүй хүн Монгол Улсад бэлдэж өгч байгаа хэрэг шүү дээ.
Ийнхүү гол төлөв булчин шөрмөс харуулж  рекламдсан биеийн тамирын сургуулийн сурталчилгааны шилийг дараад урлагийн сургуулийн сурталчилгааны баг очно. Гайхалтай шүү дээ. Нэртэй уран бүтээлчид, Ардын жүжигчин, үгүйдээ л гавьяатуудын зургийг сайхан хэвлээд сурталчилгааны хуудас тараана даа. Үүнээс гадна хэдэн нялх одуудын зургийг манай төгсөгчид гээд байрлуулчихна. Мэдээжийн хэрэг, дуучин түмний дунд ойр зуурын найранд уригддаг “зартай” дуучид хаа мундах билээ. Бас болоогүй, аймаг орон нутгийн наадмаас нэг өргөмжлөл залчихсан охид бүсгүйчүүд битүүхэн дотроо од болохыг мөрөөдөж таарна. Ийнхүү сурталчилгааны багт хууртагдаад л орон нутагт явуулж байсан багахан бизнесээ хэн нэгэнд шилжүүлээд эргэлтийнхээ хэдэн төгрөгийг хамаж өвөртлөөд хүрээнд сурахаар ирнэ дээ. Суралцах орчин, багш нар гээд бүгд л нэг хэвийн тааруу. Ийнхүү дөрвөн жил байдгаа бараад од ч болсон юмгүй, хэдэн халтар хултар хоолойны бичлэгтэй буцна даа. Хэзээ ч найрын дуучин санаан зоргоор од болчихгүй. Уг нь энэ бүсгүй бизнесээ үргэлжүүлж байсан бол магадгүй аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг томоохон компанитай ч болж болох шүү дээ. Энэ л хувийн сургуулийн худлаа сурталчилгааны гай. Бас л нэг ажилгүй хүн нэмнэ.
Мөн үүний шилийг дараад нэрт Ардын уран зохиолчид, “Болор цом”-ын эздийг хэвлэж барласан тараах материал бариад утга зохиолын сургуулийнхан хүрээд ирнэ. Даахи үргээх найранд хэдэн үг хэлхэчихдэг, аз таарвал сумын шинэ жилээр Улаан булангийн тайзан дээр гардаг дээл хөөргөсөн нөхөд хаа мундахав дээ. Бид чинь тэр чигээрээ ийм ард түмэн шүү дээ. Тухайн сургуулийн сурталчилгааны багт зарим нэрт утга зохиолчид сурталчилж ухуулаад явахаар өнөөх нөхөр мөн л байдгаа тэмтрээд хүрээг зорино. Ингээд эдийн засгийн, анагаах ухааны гээд чиглэл чиглэлийн сургуулийн сурталчилгааны баг явна. Энэ бүгдэд хөтлөгдөж амьдралаа үрж байгаа харамсалтай дүр зураг орон нутагт бий. Эдийн засгийн сургуулийн сурталчилгааны баг ирэхээр нэг хот айлын будаа гурилын төсөв барьдаг охин шууд л Монголын нэртэй бизнесмэн болох тухай бодолд автана. Сурталчилгааны баг ч ташуур өгнө, мөдхөн дэлхийн том тэрбумтан болгох тухай ярихад л хангалттай. Энэ мэтчилэн Монголын ирээдүйд буян болох биш лай болж байгаа сургууль алийг тэр гэхэв ээ.
Хөгжил буурай, зах зээл жижигхэн улс оронд ийм олон сургууль байх нь яагаад ч тус болохгүй. Гай болно. Тэгэхээр энэ олон хувийн сургуулийг төрөөс анхаарч, нэгтгэхийг нь нэгтгэж, татан буулгахыг нь буулгавал ихээхэн хэрэгтэй санагдана.

Б.Ням     

URL:

Сэтгэгдэл бичих