Монголчууд зөөврийн төхөөрөмжөөр халдлагад өртөх эрсдэл өндөр байна

5-27-8Б.ЗАЯА

Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газраас анх удаа Ази, Номхон далайн бүсийн цахилгаан холбооны байгууллагатай хамтран Цахим гэмт хэргээс сэргийлэх, мэдээллийн аюулгүй байдал алдагдах эрсдлийг тооцоолох, олон улсын байгууллагын туршлагыг судлахаар Ази Номхон далайн бүсийн орнуудын “Кибер аюул­гүй байдлын V форум”-ыг Улаанбаатар хотноо өчигдөр эхлүүллээ. Гур­ван өдрийн турш үргэлж­лэх чуулга уулзалтад кибер аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлж буй туршлагаа хуваалцах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр Афганис­тан, Бангладеш, бутан, БНХАУ, БНАСАУ, Вьет­нам, Камбож зэрэг 20 орны төлөөлөгчид бо­лон манай улсын Зас­гийн газар, төрийн байгууллагын төлөөлөл оролцож байна. Форумын эхэнд Монгол Улсад мэдээл­лийн аюулгүй байдлын өнөөгийн байдлын талаарх мэдээллийг МТШХХГ-ын Мэдээ­лэл технологийн шинэч­лэлийн хэлтсийн дарга Г.Чинзориг өгсөн юм.

 

ИРГЭД КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭРСДЛИЙГ МЭДДЭГГҮЙ

Манайд мэдээллийн аюулгүй байдлын Үндэсний хөтөлбөрийг 2010 онд баталжээ. Тус хөтөлбөрийг хэрэг­жүүлэхэд хууль эрхзүйн орчин, мэдээллийн аюулгүй байдлын эрсдлийг бууруулах, хариу үйлдэл үзүүлэх тогтолцоо бий болгох зайлшгүй шаард­лагатай гэнэ. Тухайлбал, хууль эрхзүйн орчны хувьд Кибер аюулгүй байдлыг хамгаалах хуулийн төсөл боловсруулаад байгааг манай мэргэжилтэн дуулгасан бөгөөд Засгийн газарт өргөн барихад бэлэн болжээ. Түүнчлэн төрийн байгууллагын хэмжээнд мэдээллийн аюулгүй байдалд эрсдэл байгааг мэддэг ч тодорхой нэрлэхэд хүндрэлтэй байдаг гэнэ. Учир нь байгууллагууд мэдээллээ гадагш гаргах сонирхолгүй байдгийг тэрээр онцолсон. Харин иргэдийн хувьд кибер аюулгүй байдлын эрсдлийг тэр бүр мэддэггүй. Өнгөрсөн онд сүлжээнд холбогдоогүй халдварын эрсдлийн төвшингөөр манай улс дэлхийд дөрөвт орсон судалгааг харууллаа. Өөрөөр хэлбэл, хөдөө орон нутагт мэдээлэл солил­цох хэлбэр нь сүлжээнд холбогддоггүй ч зөөврийн төхөөрөмжөөр халдлагад өртөх эрсдэл өндөр байгаа аж.

Кибер аюулгүй байд­лын эрсдэл гарч буй өөр нэг шалтгаан нь энэ чиглэлээр ажиллах мэргэжилтэн тун ховор байдаг гэнэ. Тиймээс Кибер аюулгүй байдлын үндэсний төв байгуулж, энэ салбарын хөрөнгө мөнгийг олон улсын жишгээр шийдвэрлэж, аль ч төвшинд мэдээлэл солилцдог болчихвол кибер халдлагад өртөх хандлага буурах боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Харин олон улс, тэр дундаа бүс нутаг нэгтэй гаднын улсад цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг Засгийн газрынхаа төвшинд хэр­­хэн шийдвэрлэж буйг Филиппин улсын жишээнээс сонирхлоо.

 

ФИЛИППИНД МӨРДӨХ АЛБЫГ ОЛНООР БАЙГУУЛЖЭЭ

Филиппин улсад кибер секс, хүүхдийг хууль бусаар худалдаалах гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай болжээ. Тус улсын хувьд 1998 онд кибер халдлагаас сэргийлэхээр энэ төрлийн хууль, тогтоомж баталж байсныг Филиппиний Шинжлэх ухаан тех­нологийн газрын Мэ­дээлэл харилцаа хол­бооны хэлтсийн мэргэ­жилтэн Альберто Салвадор хэлэв. 2008 онд Үндэсний аюулгүй байдлын хөтөлбөр боловсруулснаас хойш кибер аюулгүй байдлын талаарх ойлголтыг хууль, цагдаа, олон нийтэд мэдлэг өгөх зорилгоор олон төсөл, хөтөлбөр олон боловсруулдаг байна. Харин Кибер аюулгүй байдлыг хамгаалах хууль одоогоор байдаггүй гэнэ. 2012 онд Кибер аюулгүй байдлын хуулийг баталсан ч олон нийтийн зүгээс хүний эрх чөлөөг боомилсон, Үндсэн хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр гацжээ. Гэхдээ тус улсын Засгийн газраас дээрх хуулиа хэрэгжүүлэхэд ихээхэн анхаарал хан­дуулж байгааг гэнэ. Үүнээс гадна гэмт хэ­рэг илрүүлэх, мөрдөх бай­гууллагын оролцоог түлхүү хангажээ. Засгийн газрын хэмжээнд Компьютер довтолгоонд хариу үйлдэл хийх баг байгуулахаар ярилцаж байгаа гэнэ. Үндэсний мөрдөн байцаах төвд нь Кибер гэмт хэргийн хороо, Үндэсний цаг­даагийн газрын дэр­гэд Кибер гэмт хэрэгтэй тэмцэх бүлэг байгуулагдан цахим гэмт хэрэгтэй тэмцдэг ажээ.

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих