Долоон бурхадыг хятад иргэний захиалгаар хулгайлсан гэжээ
Энэ сарын 9-ний шөнө Эрдэнэзуу хийдийн “Хархорум” музейд хулгай орж, түүхийн ховор үзмэрүүд, үнэт эд зүйлс алдагдсан юм. Алдагдсан бүтээлүүд 18 дугаар зууны дунд үеийнх тэр дундаа түүхийн нэн ховор, зарим нь хосгүй үнэт бүтээлүүд байсан билээ.
Монголын түүхийн хосгүй эд болох долоон бурхан нь 100-гаад сая төгрөгөөр үнэлэгдэх долоон бурхадыг ах дүү нарт эртнээс төлөвлөн хулгайлсан байна.
Тэднийг Доржсүрэн, Мөнхзул, Хишигбат гэдэг бөгөөд хэрэг үйлдэхээсээ 1-2 хоногийн өмнө Архангай аймгийн Өгийнуур сумын нутагт очиж, гэмт хэрэг үйлдэх таатай цагийг хүлээж суусан гэнэ.
Нутгийн малчид улсын дугааргүй автомашинтай, сэжигтэй гурван залууг нутгийн малчид малын хулгайч биш биз гэж сэрэмжлэн уулзахаар очсон ч нүүрээ нуугаад байхаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. Цагдаагийнхан сэжигтэй хүмүүсийн унаж явсан машин, дүр төрхийг нь тогтоож чадсанаар Улаанбаатар руу уг машин энэ сарын 19-ний өглөө орсныг ч тогтоожээ.
Уг шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн нутаг, Таван шард Мөнхзулынх байдгийг тогтоож, тэнд үзлэг шалгалт хийж, долоон бурхныг гэртээ нуусан байсныг олж, бүрэн бүтнээр нь хураан авсан байна. Гурван сэжигтнийг хэн бэ гэдгийг өнгөрсөн ням гаригт тогтоосон ч нэгийг нь баривчлаагүй байсан аж. Түүнийг өчигдөр Улаанбаатараас баривчилан гурвууланг нь ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон талаар эх сурвалж хэллээ.
ЦЕГ-ын Дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газраас өчигдөр 18.00 цагт дээрх долоон бурхныг бусад жижиг эд зүйлийн хамтаар Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд хүлээлгэн өгчээ. Энхүү арга хэмжээнд ССАЖын сайд Ц.Оюунгэрэл, Дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын дарга, хурандаа Д.Отгонжаргал нарын албаны хүмүүс оролцсон. Эрдэнэзуу хийдээс Өндөр гэгээний урласан Ганданзуу бүтээлийг хулгайлахыг завдсан залуус нь Улаанбаатар болон Дорноговь аймгийн харьяат байсан. Тэд цагдаагийнханд “Ахынхаа захиалгаар уг бүтээлийг хулгайлсан. Ах “Чи энэ бүтээлийг аваад ирвэл хоёулаа 10 сая төгрөгтэй болно гэсэн” гэж мэдүүлжээ. Ах нь тэдэнд Эрдэнэзуу хийдийн зургийг өгөөд Далай ламын сүмийн байршлыг зааж, тэр дотор Ганданзуу байгааг хэлсэн аж.
Түүний мэдүүлгийн дагуу ахыг нь саатуулж, шалгахад “Замын-Үүдэд амьдардаг БНХАУ-ын иргэн Бао надад “Эрдэнэзуу хийдийн Далай ламын сүм дотор байдаг Ганданзууг аваад ирвэл 10 сая төгрөг өгье” гээд Эрдэнэзуу хийд болон Далай ламын сүмийн байршлын зургийг өгсөн. Ингээд дүүдээ хэлэхэд хоёр найзтайгаа хамт Өвөрхангай явсан” гэж мэдүүлэг өгчээ.
Ямартай ч долоон бурханаа олсон ч гэлээ монголын хосгүй эд, түүх дурсгалын зүйлсийг хэн нэгэн захиалгаар худалдаж авахыг санаархаж байхыг үгүйсгэхгүй юм.
Х.Даваа
Эх сурвалж: www.dorgio.mn
URL: