Тэрэлж рүү амрахаар яваад амиа алджээ

c1bc4a1283e8aff9bigӨнгөрсөн бямба гарагт Налайхын замд автомашины ноцтой осол гарсан билээ. Улмаар бага насны хүүхдүүд эндсэн харамсалтай хэрэг гарсан юм. Тэгвэл хэрэг гарах өдөр “Тоёота Пассо” маркийн автомашинд зорчиж явсан хүмүүс салхинд гарахаар Тэрэлжийг зорьсон нь энэ байжээ.

Харамсалтай нь микро автобустай мөргөлдсөнөөр 30 настай эмэгтэй дөрвөн сартай хүүхдийнхээ хамтаар газар дээрээ амиа алдаж, ой дөрвөн сартай хүү нь ГССҮТ-д ухаангүй байгаа аж. Замын цагдаагийн газрын мөрдөн байцаах хэлтэс хэний буруутай үйлдлээс болж энэхүү аймшигт осол гарсныг тогтоохоор ажиллаж байна. Цагдаа нар ослын газар дээр очиж урьдчилсан байдлаар микро автобус өмнөө яваа тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийж яваад урдаасаа ирж явсан “Тоёото пассо” маркийн автомашинтай мөргөлдсөн гэх дүгнэлт гаргаад байгаа аж.

Дашрамд дурьдахад, хүүхдүүд зам тээврийн осол, хэргийн гол хохирогч болсоор байна. Тухайлбал, 2012 онд зам тээврийн ослын улмаас 1268 хүүхэд хүнд хэлбэрээр гэмтэж, хөгжлийн бэрхшээлтэй болжээ. 2013  онд энэ тоо 1157 болсон байна. Харин 2012 онд 43 хүүхэд амь насаа алдсаны 13 нь нийслэлд, үлдсэн 30 нь хөдөө орон нутагт,  2013 онд 37 хүүхэд амь насаа алдсаны долоо нь нийслэл хотод, үлдсэн нь орон нутгийн замд явж байхдаа амиа алджээ. Харин энэ жилийн хувьд он гарсаар найман хүүхэд зам тээврийн ослоор амиа алдаж, 54 хүүхэд бэртэж гэмтсэн гэх тоо баримт байна.

Х.Жаргал

Эх сурвалж: www.mminfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих