М.Ананд: Энэ барилдаанд хамгийн том дарамт нь хариуцлага байлаа

Японы мэргэжлийн сүмо бөхийн 71 дэх их аварга, ёкозуна М.Ананд өчигдөр эх орондоо ирлээ. Тэрээр өнгөрсөн гуравдугаар сарын Харү башёд түрүүлж, их аварга болсноос хойш эх орондоо хөл тавьж буй нь энэ юм. Түүний ярилцлагыг хүргэж байна.

-Мэргэжлийн сүмогийн дэвжээнд монголчуудын гаргасан амжилтын буухиаг амжилттай үргэлжүүлж, 68, 69, 70 дахь аваргын араас 71 дэх нь болсон танд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Аварга болсноос хойш анх удаа эх орондоо ирж байна, сэтгэгдэл ямар байна?

-Эх орондоо ирэх үнэхээр сайхан байна. Монголынхоо хөвгүүдийг  үргэлж дэмжиж, урам өгч байдаг монголчууддаа хаврын адаг сарын энэ сайхан өдрийн мэндийг хүргэж, та бүхэн минь сайн сууж байна уу гэж мэндчилье.

-Гуравдугаар сарын башёд 13 болон түүнээс дээш даваа авсан тохиолдолд ёкозуна цол олгохоор Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооноос мэдэгдэж байсан. Та урамтай сайхан барилдаж аварга болсон?

-Тухайн үед холбооны зүгээс 13 болон түүнээс дээш давж түрүүлэх юм бол ёкозуна цол олгоно гэдгээ мэдэгдсэн байсан. Миний хувьд  сайн  барилдаж, надад итгэл өгч, дэмжиж байдаг үзэгч олон, дэлгэр Монголынхоо ард түмэнд  урамтай  сайхан  барилдаан харуулъя гэж бодож хичээж  барилдсан. Миний өмнө ах нарынхаа гаргасан амжилтыг  үргэлжлүүлж, Мэргэжлийн сүмогийн 71 дэх аварга болсондоо баяртай байгаа.

-Гэхдээ дараагийн башёд төд давчих юм бол цол олгоно гэж урьдчилж мэдэгдэх нь нэг талаар  сэтгэлзүйн дарамт болоод байх шиг санагддаг. Танд ямар санагдаж байв?

-Эхнээсээ л аль болох анхаарлаа төвлөрүүлж, тайван байж, чөлөөтэй барилдъя гэж бодож байсан. Тиймээс анхаарлаа төвлөрүүлж чадсан.

-Тэгвэл,  саяын  башё ямар байв. Магадгүй аварга болоод барилдсан анхны башё болохоор  таныг  биеэ барьж хангалтгүй барилдчихав уу даа гэж харж байлаа?

-Башё эхлэхийн өмнө ёкозүнагийн ёслолд бэлдэх зэрэг олон ажилд дарагдаад бэлтгэл тааруу хийсэн. Мөн ёкозүна цолтой анх удаа барилдахад биеэ барих зэргийн хүндрэл тулгарсан. Аварга цолтой бөхийн хариуцлага энэ барилдаанд хамгийн том дарамт болж байлаа. Өмнө нь озеки цолтой барилддаг байхад зөвхөн өөрийнхөө бэлтгэлд л бүх зүйлээ зориулдаг байсан бол одоо сүмогийн өмнө том хариуцлага үүрэх болоод байгаа юм.

-Гэхдээ  энэ башёгоос  та туршлага авч, цаашид хариуцлагатай барилдах сургамж авсан байх?

-Тэгэлгүй яахав. Дараа дараагийн башёд аль болох алдаа гаргахгүйг хичээх болно. Аварга цолонд хүрч барилдах амаргүй боловч би мөн л хичээнэ ээ. Энэ башё надад том сургамж боллоо. Юутай ч аварга цолоо хамгаалж дахин түрүүлэх зорилгыг өмнөө тавьсан.

-Хэдэн жилийн өмнө сүмоч болохоор эх орноосоо мордож байсан бол өнөөдөр та их аварга болоод ирж байна.  Япон руу мордож байсан анхны дурсамжаа эргэн дурсахад юу бодогддог вэ?

-Хүүхэд байсан болохоор хөөрч догдолж байсан ч, очоод хөлс, хүчээ шавхан бэлтгэл сургуулилт хийж байхдаа ч сонгосон замаа зөв гэж боддог.  Хүнд хэцүү гэдгийг нь анхнаасаа мэдэрч байсан. Гэсэн ч шантраагүй. Өнөөдөр  ч гэсэн   тэр үед сүмоч болно гэж зориг шулуудсан минь зөв байсан гэж бодол хэвээрээ байна.

-Анхнаасаа өөртөө зорилго тавьсан гэсэн үг үү?

-Сайн бөх болохыг, дээд зиндаанд гарч ирж, цол авч барилдахыг зорьж бас хичээж ирсэн.

-Дэвжээнд гарахынхаа өмнө та өөрийгөө хэрхэн хурцалдаг вэ?

-Аль болох тайван байж, барилдаандаа илүүтэй  анхаардаг. Хамгийн гол нь өөртөө итгэлтэй, хүссэн барилдаанаа гаргахыг хүсдэг. Дэвжээнд гарахын  өмнө уншдаг тарни  бас бий. Зарим үед тэр  бөхтэй тэгж барилдана гэж төлөвлөж гардаг бол  шууд барилдах нь ч бий.

-Мэргэжлийн сүмод  орсны  дараах анхны том амжилт юу байв?

- Жүрёо зиндаанд гарч ирээд  их баярлаж байсан. Жүрёод гарч ирнэ гэдэг нь зорилгын минь эхний   том алхмын нэг  байсан.

-Ингэхэд таныг чөлөөт бөхөөр хичээллэж байсан гэж сонссон юм байна?

- Чөлөөт бөхийн спортыг сонирхож хоёр удаа бэлтгэлд  очиж байснаас хэтрээгүй.

-Одоо таны  нас, биеийн өндөр, жин хэд байгаа вэ. Цаашид жин нэмэх  бодол бий юу?

-Нас 29 хүрч байна. Биеийн өндөр 186 см, жин 150 кг. Ойрын хэдэн жилдээ жин нэмэх бодол алга.

-Яагаад?

-Жин нэмэхээр хурд саарах тал бий. Тухайн сүмоч өөртөө тохирсон хэмжээнд жингээ барих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл,  өөрийн хүссэн барилдааныг  гаргахад жин нөлөөлөхгүй байх ёстой.
-Таныг Асашёорюү аварга шиг эрэмгий дайчин барилдаантай бөх болохыг мөрөөддөг байсан гэж дуулсан?

-Сүмод анх  хөл тавьж байхаас л Асашёорюү Д.Дагвадорж, Таканохана, Чиёнофүжи аварга шиг бөх болохыг мөрөөдсөн. Аваргуудын бие хаа нь  минийхтэй төстэй байсан болохоор тэдэн  шиг ёкозуна болох боломжтой юм байна гэж  бодож барилдаануудыг нь алгасахгүй  үздэг байлаа.

-Таныг дээд зиндаад орж ирээд нутгаараа овоглож, нэг ёсондоо Монголын үндэсний бөх шиг нутгийнхаа нэрээр дуудуулж барилдах хүсэлт тавьсан. Мөн Япон дахь гэрийнхээ хойморт Алтан-Овоо, Шилийн Богдын зургийг залсан байдаг  гэж сонссон?

-Би Улаанбаатарт төрсөн. Аав маань Сүхбаатар аймгийн харьяат. Тиймээс би аавынхаа нутгаар овоглодог. Аав минь  “Миний хүүг хаана ч явсан уул ус нь түшиж явдаг юм” гэж  хэлсэн нь санаанаас гардаггүй. Тиймээс нутгийнхаа уул усыг гэрийнхээ хойморт залсан байгаа. Алтан овоо, Шилийн Богддоо хамгийн сүүлд гурван жилийн өмнө очсон. Дахин нэг очиж хийморь лундаагаа сэргээх хүсэл байлгүй яахав. Озэки буюу арслан цол авахынхаа өмнө нутаг усандаа очиж байсан минь ивээлээ өгсөн гэж боддог.

-Та аав, ээжээс хэдүүлээ вэ. Танай удамд барилддаг хүмүүс бий юу?

-Би  нэг эгчтэй. Аав маань залуудаа боксоор хичээллэдэг байсан юм билээ. Өвөг эцгийн  талд арслан цолтой бөх байсан гэсэн. Ээжийн талаас    чөлөөт бөхийн анхны  Азийн аваргын  алтан медалийг эх орондоо  авчирсан тамирчин бий.

-Ёкозүна цолныхоо найрыг хэзээ хийх вэ?

-Ирэх сарын 14-нд Японд хийх бодолтой байгаа. Цолны найраа Монголдоо хийхгүй ч эндээс олон хүн миний цолны найранд уригдсан.

-Та Монголд байх хугацаандаа ямар ажил амжуулахаар төлөвлөв?

-Маргааш өглөө /өнөөдөр/ Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзах ёстой. Ер нь эх орондоо байх хугацаанд олигтой амарч чаддаггүй юм. Амрах боломж ер гардаггүй.

 Д.Жавхлан, Ч.Зотол

Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих